МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.08
Хууль, эрх зүй

Б.Баярсайхан: Төрийн албаны ёсзүйн хуульд удирдлагууд нь албан хаагчдаа дарамталдаг байдлыг хэрхэн зохицуулж заах вэ

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны /2022, 06, 08/ өдрийн хуралдаанаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 

Миний бие энэ хуулийг өргөн барилцаж байгаа гишүүний хувьд энэ бол чухал хууль, заавал батлагдах ёстой гэдгийг хэлье. Хууль хэлэлцэгдэж байх явцад сайжирч байх ёстой болохоор Ёс зүйн байнгын хороон дээр хоёр зүйлийг хэлмээр байна.

Бид нарын өргөн барьсан  хуулийн 8.1 дээр өргөсөн тангарагтаа үнэнч байх гэж төрийн албан хаагчдыг тангараг өргөдөг гэсэн ойлголтоор оруулсан. Гэхдээ амьдрал дээр төрийн захиргааны жинхэнэ албан хаагч эмч, хууль хүчний байгууллага, сайд, гишүүд тангараг өргөдөг. Бусад төрийн албан хаагч тангараг өргөдөггүй. Тэгэхээр бүх төрийн албан хаагч нар тангараг өргөдөг болмоор байна. Өргөсөн тангарагтаа үнэнч байх гэсэн зүйл заалт тангараг өргөөгүй төрийн албан хаагч нарт нөлөөлдөггүй.

Ёс зүйн хороо, ёс зүйн зөвлөлийн ажлын эрх, үүргийг сайжруулж, хариуцлагыг нь өндөржүүлмээр байгаа юм. Жишээ нь өнөөдөр төрийн албан хаагчдын нэр хүнд сайн биш байгаа нь төрийн албанд зарим чадваргүй, ёс зүйгүй хүмүүс байгаагийн илрэл байдаг. Гэтэл төрийн албанд насаараа, бүх чадлаараа сэтгэлээ өгөөд зүтгэдэг олон мянган хүмүүс бий. Энэ хүмүүст хэлж болдоггүй ирдэг дарамт байна. Энийг Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулинд яаж сайжруулж оруулах вэ?

Тухайлбал, удирдлага нь албан хаагчдаа удирдлагын зүгээс дарамталдаг байдал байдаг. Хууль бус шийдвэр гаргахыг тулгадаг энэ асуудал өнөөдөр байгаа. Үүнийг хэн хянах нь бидний өргөн барьсан хуулинд тодорхой биш байгаа юм. Ёс зүйн хороо, ёс зүйн зөвлөлийн ажлыг сайжруулмаар байна. Энэ зөвлөл сайн ажиллавал улс төрөөс ангид байх, улстөрчгүй байх, төрийн албаныхаа хуулинд захирагдах гэдэг ажил тодорхой хэмжээнд цэгцрээд ирэх юм.

ШИНЭ МЭДЭЭ