МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баярсайхан: Ажил олгогч бүр хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлбэл том дэвшил гарна
2022.05.30
Хүний эрх

Б.Баярсайхан: Ажил олгогч бүр хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлбэл том дэвшил гарна

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Эх, үрсийн баярыг угтаж Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Хүүхэд хамгааллын хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг урилаа.

ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙН 43.3 ДАХЬ ЗААЛТ БОЛ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮР ДҮНТЭЙ ШИЙДЭЛ

 
Боловсрол:
-1987-1991 онд: Багшийн сургууль, багш
-1998 онд: МУИС-ийн ХЗДС, эрх зүйч
-1999 онд: Хэвлэлийн хүрээлэн, сэтгүүлч
-2004 онд: Удирдлагын академи, нийгмийн ухааны магистр
Ажлын туршлага:
-1991 онд: Нийслэлийн дөрөв дүгээр цэцэрлэгт хөгжмийн багш
-1995 онд: МҮОНТ-д "Өглөө" хөтөлбөрийн хөтлөгч, редактор
-1997 онд: Монгол Улсын Дээд шүүхэд хэвлэлийн төлөөлөгч
-2002 онд: MCS группэд РR менежер
-2004 онд: Ийгл ТВ-ийн борлуулалт, маркетингийн албаны дарга
-2004-2007 онд: ОУ-ын Пресс клубүүдийн холбооны ерөнхийлөгч
-2016 онд: БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, сайдын зөвлөх
-2020 онд: Ерөнхий сайдын зөвлөх
-2020 оноос: УИХ-ын гишүүн

-Та өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр Эх, үрсийн баярыг угтаж байгууллага, ажил олгогч болгон хүүхэд хамгааллын бодлоготой болж, хүүхдүүддээ бэлэг баръя хэмээн уриалж байсан. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Тийм ээ, сүүлийн үед хамгийн их ярьж хэлж, дуугарч байгаа сэдэв бол энэ. Учир нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулах үед миний хувьд байгууллага бүр, ажил олгогч бүхэн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх заалтыг санаачлан тусгуулсан юм.

Дэлгэрүүлж хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 нь “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэсэн заалт юм.

Хөдөлмөрийн тухай хууль бол манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага, иргэний хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг суурь хууль. Өдөр тутмын амьдралд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг энэ хуульд анх удаа хүүхэд хамгааллын ээлтэй бодлого хэрэгжүүлэх заалт оруулна гэдэг том амжилт.

Тиймээс хууль хэрэгжиж эхэлсэн цагаас эхлэн салбарын яам, агентлаг, ажил олгогчдод хандан 43.3 дахь заалтын ач холбогдол, үр дүнг сурталчилах, мэдээлэх, ажил хэрэг болгохыг хүсэж байгаа хэрэг л дээ. Хэд хоногийн дараа болох Эх, үрсийн баяраар хүн бүр, бараг байгууллага болгон л хүүхэд багачууддаа амттанаар дүүрэн бэлэг өгч баярлуулдаг шүү дээ. Бэлгийг бол хэзээ ч өгч болно. Харин баярын өдрөөр нь хүүхэд хамгааллын талаар хуулиар хүлээсэн заалтаа байгууллага бүхэн хэрэгжүүлж хүүхдүүддээ бэлэг баривал аав ээжүүд ч баярлана. Монгол Улсын ирээдүй болсон үр хүүдүүдэд маань ч хамгийн хэрэгтэй ажил болно.

-Хөдөлмөрийн хуулиар байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлоготой байх үүрэг хүлээх нь. Хяналтыг хэн, хэрхэн тавих вэ?

-Ажил олгогч, ажилтан аль алинд нь хэрэгжүүлэхэд боломжтой заалт. Тэгэхээр Хөдөлмөрийн хуулийн 43.3 дахь заалтаар дамжуулан ажил олгогчид нь хөдөлмөр эрхэлж буй эцэг эхчүүдээ соён гэгээрүүлэх, сайн аав ээж байх сургалт явуулах гэсэн үүрэг хүлээж байгаа. Энэ хүрээнд хүүхэд хамгааллын асуудлыг хариуцаж буй салбар яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар зөвлөмж гаргана.

Мэдээж энэ хуулийн хэрэгжилтэд салбарын яамнаас гадна олон нийт, хөдөлмөр эрхлэгч хүн бүр, байгууллагын үйлдвэрчний эвлэл нь хяналт тавина. Хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээндээ байгууллага болгон хүүхэд хамгааллын бодлогоо тусгана. Тэр бодлогоо хэрэгжүүлэхийг ажилтнууд шаардах ёстой л доо.

Бид олон улсын сайн жишээ, нийтлэг жишгээс санаа авч уг заалтыг хуульд оруулсан. Жишээлбэл, Австралид ажилтнууд ажил олгогч буюу цалин олгож буй удирдлагынхаа үгийг илүү хэрэгжүүлдэг нь туршилтаар батлагдсан байдаг юм билээ. Тиймээс энэ заалт нь хүүхдийн хүчирхийллийг бууруулахад ажил олгогчоор дамжуулж эцэг эхийн хариуцлагыг дээшлүүлэх гэсэн том үзэл баримтлалыг цаанаа агуулж байгаа. Хууль хэрэгжих ёстой.

Хуулийг хэрэгжүүлэх үүднээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн бүх яаманд хүүхэд хамгааллын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Тухайлбал, уул уурхайн салбарт хэчнээн мянган хүн ажилладаг билээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тус хэлэлцүүлгийг хийснээр энэ салбарт ажиллаж буй ажилчдын гэр бүл хүчирхийлэлгүй байх, амар тайван орчинд бололцоо нөхцөлөөр хангагдана. Үүнээс гадна уул уурхайн салбар тэр чигээрээ хүүхдэд ээлтэй салбар болох зорилтыг дэвшүүлж байна.

Гудамжинд явж байгаад цахилгааны утсанд хүүхэд цохиулж амь насаа алддаг ийм хариуцлагагүй байдлыг бид өөрчлөх ёстой. Гэрийнхээ гадаа тоглож байгаад бэртэх, эндэх эрүүл мэндээрээ хохирдоггүй тийм л орчинг бий болгохыг бид салбар бүрээс хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл, манай улсад анх удаа бүх салбарын үйл ажиллагааны бодлогын эхэнд хүүхэд хамгаалал байх ёстой. Хүүхдэд ээлтэй бодлого явуулж хэрэгжүүлэх ёстой гэдэг асуудлыг онцгойлон хэлэлцэж байгаа.

-Ажил олгогчид маань энэ заалтыг хэрхэн хүлээж авсан бэ. Хэрэгжиж эхэлснээр ямар үр дүн гарна гэж үзэж байгаа вэ?

-Ажил олгогч нь ажилтныхаа ар гэрийн нөхцөл байдлыг мэддэг байх.Ганц бие аав ээж эсэх, олон хүүхэдтэй эсэхэд санаа тавина. Хэтэрхий цалин мөнгөгүй, цаг наргүй ажиллуулдаггүй байх, гэр бүлтэйгээ байх цагийн боломжийг гаргадаг байх нь ажил олгогчид илүү давуу байдлыг бий болгодог.

Тодруулбал, ийм удирдлагатай газар ажилтны сэтгэл ханамж, идэвх зүтгэлтэй байхын нэг үндэс болдог. Нөгөө талаас хүүхдээ үл хайхраад байгаа эцэг эхчүүд цалин өгдөг удирдлагаа сонсох байдал эрс өндөр байдаг учраас ажил олгогчийн зүгээс ажилтнууддаа хийж байгаа соён гэгээрлийн ажил үр дүнтэй болно. Ямар ч хүн амьдралын төлөө зүтгэж ажиллахын сацуу гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хамт байх цагтай байна гэдэг юугаар ч үнэлэшгүй аз жаргал шүү дээ. Энэ ажил сайн хэрэгжиж чадвал цаашлаад улс орны эдийн засаг, нийгмийн харилцаа сайжрах боломжтой. Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх албан байгууллага энэ заалтыг хэрэгжүүлж эхэлбэл хүүхэд хамгааллын ажил илүү үр дүнтэй болох юм.

ГЭРТЭЭ ГЭМТЭЖ БЭРТСЭН, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРСОН ХҮҮХДИЙН ТОО 35 МЯНГА БОЛЖ НЭМЭГДСЭН


-Жил бүрийн зургадугаар сарын 1-нд хүүхдийн эрхийг олон талаас нь хөнддөг ч бодит ажил болсон нь ховор. Энэ жил эрхийг нь баталгаажуулах, хуулиа хэрэгжүүлэхэд төрийн зүгээс хэрхэн анхаарах вэ. Ямар бодит ажил, дэмжлэг үзүүлэх вэ?

-Жил бүрийн тавдугаар сард хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхэн ойн, Гэр бүлийн өдөр болдог, Эх, үрсийн баяр угтдаг гэдэг утгаараа гэр бүл, хүүхдийн эрхийн асуудлыг олон нийтийн анхаарлын төвд аваачдаг үе л дээ. Гэхдээ хүүхэд хамгаалал бол цаг ямагт тордож, арчилж байх ёстой асуудал. Төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд, эцэг эх, багш хамт олон, олон нийтийн хяналтын гинжин хэлхээтэй, уялдаа холбоотой ажиллах шаардлагатай асуудал л даа. Хүүхэд хөгжил, хамгаалал, эрхийн асуудлаар манай улс найман конвенцод нэгдэн орж, 10 орчим хууль хэрэгжүүлж, гурван урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүд батлан гаргасан байдаг.

Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зургаан жилийн өмнө баталж хэрэгжүүлж байгаа харьцангуй “залуу” хууль. Эдгээр хууль бол хүүхэд хамгаалалд гарсан том дэвшил. Гэхдээ хуулийг хэрэгжүүлэх явцад хүүхдийн эрх, хамгааллыг илүү өндөр түвшинд аваачих, хүүхдэд хүртэх төсвийн өгөөж, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, мэргэшүүлэх шаардлага гарч байна.

Тиймээс УИХ дахь эмэгтэй гишүүд хамтран Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байгаа. Эдгээр хууль хэрэгжсэнээр хаалганы цаана үйлдэгддэг байсан хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл ил болж, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа үйлдлийн дэргэдүүр зүгээр нүдээ аниад өнгөрдөг хүн цөөрч байна.

Энэ бол эерэг үр дүн. Хүүхэд хамгааллын асуудал бол нарны цацраг мэт олон асуудлыг багтаадаг. Хууль эрх зүйн орчин, хариуцаж буй төрийн байгууллагын үүрэг хариуцлага, эцэг эхийн үүрэг хариуцлага, нийгмийн оролцоо, хүүхдийн зан чанарын төлөвшил, хоол хүнсний шим тэжээл, цахим орчны хамгаалалт, сурч боловсрох орчин болон гэр орны аюулгүй байдал гээд олон талт харилцаа болон асуудал хамаарна.

Хөдөлмөрийн хуулийн дээр дурдсан заалт бол үүний нэгээхэн хэсэг нь. Одоо Гэр бүлийн тухай хуульд бодлогын шинэчлэл зайлшгүй шаардлагатай. Энэ хууль 20 гаруй жилийн нүүр үзэж байгаа ч нэмэлт, өөрчлөлт төдийхнөөс хэтрэхгүй байна. Тиймээс энэ хуулийг шинэчлэн найруулж, нийгэмд хамгийн их тулгамдаж байгаа асуудал болох эцэг эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл салалтыг багасгах эрх зүйн орчныг сайжруулах шаардлага бий.

-Хүүхэд хамгааллын төсөв нэмэгдэхээс биш хууль хэрэгжиж байна уу. Бодлого "бай"-гаа оносон уу гэдэг дээр шүүмжлэлтэй хандмаар санагддаг. Хүүхэд хамгааллын хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийг ахалсан хүний хувьд “юу” олж харав?

-Хууль эрх зүйн орчны хувьд хангалттай. Сайжруулах, засаж залруулах зүйл бий. Харин хууль эрх зүйн орчноо дагаад жил бүр хүүхэд хамгааллын төсөв нэмэгдэж байгаа. 2017 онд анх Хүүхэд хамгааллын хуулиуд батлагдаж эхэлж байх үед 900 сая төгрөгийг жилд төсөвлөдөг байсан бол 2018 онд 6.4 тэрбум, 2019 онд 7.6 тэрбум, сүүлийн гурван жилд дараалан тус бүр найман тэрбум төгрөгийг улсын төсвөөс хуваарилжээ.

Нийлбэр дүнгээр нь үзвэл бараг 40 орчим тэрбум төгрөгийг хүүхэд хамгааллын салбарт зарцуулжээ гэж дүгнэж болно. Үүн дээр олон улсын байгууллагуудын хандив, тусламж, төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг нэмбэл жилд манай улсад хүүхдийн нэрээр их хэмжээний хөрөнгө мөнгө эргэлдэж байна гэсэн үг.

Гагцхүү энэ мөнгө зөвхөн хүүхдэд, тэднийг хөгжүүлэх, эрхийг хамгаалахад зориулах учиртай. УИХ зургаан жилийн өмнө баталсан хуулиудын хэрэгжилтэд хяналт тавихаас гадна эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах гарц шийдэл хайж байгаа учраас Нийгмийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ахлагчаар намайг томилсон.

Жишээ дурдахад, манай улсад хоёр жилийн өмнө зөвхөн гэртээ хүчирхийлүүлж, гэмтэж бэртсэн, цаашлаад эрүүл мэнд, амь нас нь хохирсон 25 мянган хүүхэд байсан бол цар тахлын үед энэ тоо 35 мянга болж нэмэгдсэн.

Хүчирхийлүүлж, ямар нэг байдлаар эрүүл мэндээрээ хохирч, гэмтэж бэртэж буй энэ 35 мянган хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч хуулийн ямар ч хариуцлага хүлээдэггүй. ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын судалгааны институтээс хийсэн судалгааны тайланд 10 хүүхэд тутмын нэг нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь бие махбодын хүчирхийлэл, дөрвөн хүүхэд тутмын гурав нь сэтгэл санааны хүчирхийлэл, гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэл, найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байна гэжээ. Хүүхдийн тусламжийн 108 утсанд хандсан 26503 дуудлагын зорилтот 10461 дуудлагад кейс үүсгэсэн.

4416 нь хүүхдийн эрх, хамгаалал, 760 нь бие махбодын хүчирхийлэл, 111 нь бэлгийн хүчирхийлэл, 900 нь сэтгэл санааны хүчирхийлэл, 710 нь үл хайхрах хүчирхийлэл, 2127 нь зөвлөгөө хүсэж дуудлага хийжээ. Ямар ч хүн энэ тоог сонсоод гар хумхиад зүгээр сууж чадахгүй. Сэтгэл зовнино, ямар ажил хийвэл ийм хариуцлагагүй байдал өөрчлөгдөх вэ гэдэг талаар хүчин зүтгэх нь мэдээж. Иймээс хүүхэд хамгааллын асуудал маань хөрсөн дээрээ ямар байна.

Төсөв санхүүжилт нь хүрэлцэж байна уу, төсөв нь хүүхэд хамгаалалд зориулж байна уу, хүүхдийн мэргэшсэн ажилтнууд хэр бэлтгэгдсэн, хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн төрийн байгууллагуудын уялдаа холбоо ямар байна гэсэн шат дараатай олон асуудлаар ажлын хэсэг ажиллаж байна. Хүүхдийн гэсэн тодотголтой бүх байгууллагад очиж ажиллаж, тулгамдсан асуудлыг нь сонсож байна. Ажлын хэсэг энэ чуулганы хугацаанд санал дүгнэлтээ гаргаж танилцуулах болно.

-Тэгвэл хүүхэд хамгааллын төсвийн зарцуулалтын олон улсын загвар ямар байдаг вэ?

-НҮБ-ын ЮНИСЕФ, Дэлхийн зөн олон улсын байгууллагын хүүхэд хамгааллын зардал нэг ам.доллар гэж тооцоход үүний 91 центийг хүүхдэд зарцуулдаг. Зургаан цент нь хөрөнгө босгоход, үлдсэн гурван цент нь захиргааны зардалд зарцуулагддаг. Өөрөөр хэлбэл, бараг нийт төсвийнхөө 90 орчим хувийг зөвхөн хүүхдэд, хүүхдийн хамгаалалд зориулдаг.

Тэр хэмжээгээр үр дүн нь гарт баригдаж нүдэнд харагддаг гэсэн үг. Гэтэл Монголд эсрэгээрээ. УИХ хүүхэд хамгаалалд зориулах төсвийг нь баталчихлаа. Гэтэл бодлого боловсруулах, төсвийг захиран зарцуулах агентлагийн ажил санасан хэмжээнд хүрэхгүй байгааг ил тод шүүмжилж байгаа. Зарцуулдаг төсөв нь жил бүр нэмэгдээд байхад хүүхдийн хүчирхийлэл яагаад буурахгүй байна вэ гэж та бүхэн асуух нь зүй ёсных биз дээ. Манайд хүүхэд хамгааллын төсвийн 55 хувь нь хурал зөвлөгөөн, сургалт, томилолт, худалдан авалт, шагнал урамшуулал, хүлээн авалт, хоол ундны зардалд зарцуулж байна. Төсөв нь зөвхөн хүүхдэд ээлтэй орчин бий болгох, хүүхдэдээ л зарцуулагдах ёстой.

Ийм зарчмын асуудлыг хөндөж яриад байгаа. Хамгийн харамсалтай нь хүчирхийлэлтэй тэмцэх үүрэгтэй Засаг дарга, сум, багийн цагдаа, эмч, сургуулийн нийгмийн ажилтнаас бүрдсэн орон нутгийн хамтарсан багт бичиг хэрэг, унааны зардал хомсхон. Халуун цэг дээр ажиллаж байгаа энэ хүмүүст л зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх өрөө тасалгаа, шөнө оройн цагаар давхиад очих унааны зардал хэрэгтэй. Хөдөө ажиллаж явахад хамтарсан баг ямар ч төсөвгүй гар хоосон байгаатай олон таарч байлаа.

Тэд хайр халамж үгүйлсэн хүүхдийг харж хандах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх өрөө тасалгаа, багахан хэмжээний төсөв л нэхдэг. Улсын хэмжээнд 715 хамтарсан баг ажиллаж байгаа. Энэ багт очиж байгаа төсвийн мөнгө үнэндээ 387 мянган төгрөг байна шүү дээ. Тэгэхээр хүүхэд хамгаалалд зарцуулж буй нэг ам.долларын 91 цент нь хүүхдэдээ хүрдэг. Тэдний гарт баригдахуйц зохицуулалтыг хийдэг болгохын төлөө ажил хариуцсан хүмүүсээс шаардаж дуугарч байгаа.

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АСУУДАЛД ХҮН БҮР ХАРИУЦЛАГА НЭХЭН ХАШГИРАХ ЁСТОЙ


-Монгол Улс хэзээ хүүхэд, эмэгтэйчүүдэд ээлтэй болох вэ. Хүүхэд хамгааллын төсөв зөвхөн хүүхдэдээ зарцуулагддаг байх, хүүхэд хамгаалах оновчтой бодлого, гарц шийдлийг хэрхэн харж байна вэ. Таны хэлснээр хүүхэд хамгаалалд зарцуулж буй нэг ам.долларын 91 цент нь хүүхдэдээ хүрдэг. Тэдний гарт баригдахуйц зохицуулалтыг яаж хийх вэ?

-Та маш зөв асуулт асуулаа. Хүүхдэдээ ээлтэй төсөв батлуулахын төлөө, тэр төсөв нь зөвхөн хүүхдэд л зориулагддаг байхыг бид шаардаж байгаа. 2016 оноос хойш хууль эрх зүйн орчин бүрдсэн ч хэрэгжилт хангалтгүй, хариуцлага алдаж байгаа.Хүчирхийлэл төдийлөн буурахгүй байгаад л дээр дооргүй хүн бүхэн хариуцлага нэхэн хашгирах ёстой.

Энэ бол эцэг эхчүүд бидний хамгийн түрүүнд нэхэх ёстой үүрэг хариуцлага. Тэгэхээр эхний ээлжинд Ажлын хэсэг юун дээр алдаж, юу нь болж бүтэж байгааг тодорхой судалж, цаашдаа хүүхдэд хуваарилагддаг төсвийн хөрөнгө оруулалт бүхэн хүүхдэдээ зарцуулагддаг, зориулагддаг бүтцийг бий болгох оновчтой шийдлийн төлөө ажиллана.

-Гэр бүлийн хуулийг батлахад онцгой анхаарах ёстойг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа гэр бүл салалт харуулж байна. Энэ харилцаанаас хүүхдийг хэрхэн хамгаалах, хохирол багатай авч үлдэх вэ гэдэгт нухацтай хандахаас аргагүй болж байна?

-Хөгжингүй орнуудад гэр бүл салах тохиолдолд эцэг эхэд нь ногдуулах хариуцлага өндөр байдаг. Салалтын улмаас хүүхэд хохирдог болохоор тэр. Тиймээс манай улс Гэр бүлийн тухай хуулиа яаралтай шинэчилж, эцэг эхэд оногдуулах арга хэмжээг чангатгахгүй бол өнөөгийн эрх зүйн зохицуулалт гэр бүл салалтаас болж хохирч буй хүүхдүүд, өрх толгойлоод үлдэж буй аав юм уу ээжид ямар ч тус дэм болж байгаа зүйл алга.

Гэр бүл зохиож эцэг эх болно гэдэг том хариуцлага. Гэр бүл цуцлуулбал ногдуулах хариуцлагын тогтолцоог чангатгах зүйл заалтыг хуульд тусгах зайлшгүй шаардлага бий. 20 гаруй жил нэмэлт, өөрчлөлт төдийхнөөр өнгөц засвар хийн шинэчилж ирсэн Гэр бүлийн тухай хуульд зарчмын дорвитой өөрчлөлт хийх цаг болсон.

Засгийн газар энэ хуулийн төслийг шинэчлэн найруулж ойрын хугацаанд өргөн барих болов уу гэж найдаж байна. УИХ-аар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх ажилд манлайлан ажиллаж, цаг үе нийгмийн шаардлага, эцэг эхчүүдийн хүсэлт, мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээн дээр үндэслэн өөрчлөхөд дэмжлэг үзүүлэх болно. Гэр бүлийн хуулийн шинэчлэл бол хүүхэд хамгааллын бас нэг хөшүүрэг, том орон зай нь юм.

-Монголд эмчлэгдэх боломжгүй 26 төрлийн өвчин байдаг. Эдгээр өвчин оношлогдож гадаад руу явж байгаа хүүхдүүдийн эмчилгээний зардал маш өндөр. Одоогийн хууль журмаар эмчлүүлээд буцаж ирэхэд зардлынх нь таван хувийг олгох зохицуулалттай. Ядаж бага насны хүүхдүүдийн эмчилгээний зардлыг төр бүрэн хариуцаж болохгүй гэж үү. Бид хэдий болтол хүүхдүүдээ хандиваар эмчлүүлэх вэ. Үүнд Та ямар байр суурьтай байна вэ?

-12 жилийн өмнө Удвал охинд хандив цуглуулахаар Үндэсний өгөх өдөр хөдөлгөөнийг санаачилж байхад байдал ийм л байсан. Гэтэл өнөөдөр ямар ч өөрчлөлт алга. Удвал охин БНСУ-д очоод шинжилгээ өгөхөд шим тэжээлийн дутагдалд орсон гэсэн хариу гарсан. Тэгэхээр хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарах хэрэгтэй. Тиймээс нэр бүхий гишүүд хэт чихэрлэг ундаанд онцгой албан татвар тогтоож, хэрэглээг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ нь хүүхдүүдийн эрүүл зөв хооллолтод бодлогын түвшинд анхаарах шаардлагатайг харуулж байгаа гэсэн үг.

Хүүхдийн төлвөө сангийн хөрөнгө мөнгөнөөс амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй, аврал эрэн ард түмэндээ хандаж байгаа хүүхдүүдэд өгдөг болъё гэдэг хүмүүсийн санаачилга, саналыг зөв гэж харж байгаа. Монголын ард түмэн халуун сэтгэлтэй, нэгнийгээ өвдөж зовж явахад хайр энэрлийн гараа сунгаж чаддаг, өвдсөн нэгнийгээ хөл дээр нь босгож чаддаг. Зон олон гэдэг нь олон удаагийн хандив, аянаас харагддаг. Харин цаашид энэ асуудлыг хэрхэх вэ гэдэг дээр эх хүний хувьд сэтгэлээ чилээж явдаг. Гарц гаргалгаа байх л ёстой гэж бодож явдаг ээжүүдийн нэг. Жилд зайлшгүй эмчилгээ шаардлагатай дэмжлэг үзүүлнэ гэдэг байдлаар дүрэм журмыг нь шинэчилж яагаад болохгүй гэж.

ТӨРИЙН ТҮШЭЭ БОЛЧИХООД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АСУУДЛААР ДОРВИТОЙ АЖИЛ ХИЙХГҮЙ ЮМ БОЛ ГУТАМШИГ

-Таны хувьд хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудлаар төрийн бус байгууллагын чиглэлээр олон ажил санаачлан хэрэгжүүлж ирсэн. Их хурал дээр ч лобби бүлэг байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн хугацааны алдааг юу гэж харж байна вэ?

-Зөвхөн УИХ-ын гишүүн болсны дараа хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудлыг яриагүй. Эх хүн, эмэгтэй хүний хувьд хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх, нийгэмд тулгамдсан асуудлаар дуугардаг байсан. Бидний санаачилсан “Өгөх өдөр”-ийн онцлог нь ерөөсөө л нийгмийг өгөхөд, бие биедээ туслахад, хүмүүнлэгийн үйлсэд, нэгийгээ хайрлахад уриалсан нийгмийн чанартай акц юм.

Олон жилийн өмнөөс Үндэсний өгөх хөдөлгөөнөөр дамжуулан "Нүдээ нээ", “Бид бүгдээрээ адилхан” гэсэн нийгмийн акцыг зохион байгуулж, хүүхдийн төлөө дуугардаг, хүүхэд хамгааллын ажилд санаа тавьсаар ирсэн. Үүнээс хамгийн үр дүнтэй болсон акцуудын нэг нь "Лантуун дохио" ТББ-тай хамтран "Нүдээ нээ" хөдөлгөөний хүрээнд хүчирхийлүүлсэн хүүхэд 30 мянган төгрөг шүүх эмнэлэгт төлдөг байсан журмыг гурван сайдын тушаалаар хүчингүй болгож чадсан. Гэтэл өнөөдөр төрийн түшээ болчихоод хүүхэд хамгааллын чиглэлд дорвитой ажил хийж чадахгүй суух юм бол гутамшиг шүү дээ.

УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлэг 12 гишүүнтэй. Хуулиудад хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүд, жендерийн тэгш байдалтай холбоотой заалтууд дээр тухайлан ажилладаг. Сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахалдаг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүүхэд хамгааллын асуудал өнөөдөр ямар байгааг танилцуулсан.

Хүнээрээ хүн хийдэг ардын уламжлал, ёс заншил, өв соёлоо бид сүүлийн 30 жилд алдсан. Хүний хөгжлийн бодлого алдагдсан, үндэсний өв соёл, уламжлалт зан заншлаа үнэгүйдүүлсэн. Тиймээс өнөөдөр нийгэмд хариуцлагагүй эцэг эх олширч хүүхдүүд гэртээ гэмтэж бэртэж, эрүүл мэндээрээ хохирч, хүчирхийлүүлж амиа алдах байдал улам нэмэгдэж байна. Мөн батлагдсан хуулийнхаа заалт нэг бүрийг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаггүй, санаа тавихгүй орхичихдог. Миний хувьд хүүхэд хамгааллын чиглэлээр батлагдсан хуулиудын заалт нэг бүрийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад бодит үр дүн гаргахыг шаардаж ажиллана.

-Хүүхдийг хамгаалъя гэвэл эцэг эхийг хамруулсан цогц бодлого хэрэгтэй байх. Мөн монгол хүүхдийн онцлогт тохирсон хөтөлбөр, судалгаа дутмаг юм шиг санагддаг?

-Ирээдүйд ямар хүн болох зан чанар нь 0-3 насанд бүрэлдэн тогтдогийг олон улсын эрдэмтэд баталсан. Энэ насанд ээжийнхээ хөхийг бүрэн хөхөж, ээжийн хайр, аавын хамгаалалтыг мэдэрч, амар тайван гэр бүлд өссөн хүүхэд ирээдүйд энэрэнгүй, өрөвч, ёс суртахуунтай, шударга, өөртөө итгэлтэй болж төлөвших магадлал 70 хувьтай байдгийг тогтоосон.

Английн эрдэмтэн Жон Боулби дөнгөж төрсөн сармагчинд туршилт хийхээр нэгэнд нь угж зүүлгээд нөгөөхийг нь зөөлөн даавуугаар ороожээ. Дөнгөж төрсөн сармагчин угжтай сүүгээ хөхсний дараа зөөлөн даавуутай сармагчинг тэвэрч унтсан байдаг. Энэ бол хоол болон хайр хүний анхны хэрэгцээ гэдгийг баталсан маш алдартай туршилт.

Цэцэрлэгийн хүртээмжийн тухайд 0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй эцэг эхэд хувьсах зардал олгодог болохоор төсвийн тодотголд тусгалаа. Манай өвөг дээдэс хүүхдийг гурван нас хүртэл нь хаан мэт байлга гэж сургаж байсан нь учиртай. Хүүхэд хамгааллын асуудлаас гадна хүүхэд хөгжлийн асуудлыг орхигдуулж болохгүй. Хүүхдээ хөгжүүлэх, хүнээр хүн хийх бодлогын том зорилт бол зан чанарын боловсролыг багаас нь хүүхдэд төлөвшүүлэх гэж ойлгож байгаа.

Зан чанарын боловсролыг Америк, Англи, Ази болон Скандинавын орнуудад чухалчлан эзэмшүүлж байна. Иймд Боловсролын ерөнхий хуулийн зорилтод “Сайн зан чанартай” иргэнийг төлөвшүүлэх заалтыг тусгахаар ажиллаж байна. Мөн үнэлгээ, судалгаанд үндэслэсэн хүүхэд хөгжил, хамгааллын зөв бодлогыг тодорхойлж, монгол хүний хөгжлийн нэгдсэн бодлого, хариуцсан институцтэй болох ёстой гэж үзэж байгаа.

Миний сонгогдсон тойрог буюу Завханд анх удаа аймгийн хүүхдийн зөвлөлийн өргөтгөсөн хурлыг хийсэн. Хүүхэд хамгааллын чиглэлээр одоо, дунд хугацаандаа, ирээдүйд авч хэрэгжүүлэх бодлого, гарц шийдлүүдийг энэ хурлаар танилцуулж, хүүхэд хамгаалал, ёс зүйгээрээ нэгдүгээрт байх саналыг дэвшүүлэхэд аймаг, орон нутгийн удирдлага бүрэн дэмжсэн. Аймгийн удирдлагууд болон 24 сумынхаа Иргэдийн хурлын дарга, Засаг дарга нартаа талархаж байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар арга зүйгээр хангаж ажиллах шаардлагатай. Мөн томчууд бидэнд хүүхдийг чин сэтгэлээсээ хайрлах сэтгэл зүрх байхад болно доо.

ШИНЭ МЭДЭЭ