“Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2022.05.27
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

“Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос Төрийн албаны зөвлөл, Сангийн яамтай хамтран “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.05.26/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ төрийн албан хаагчийн ёс зүйн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өгсөн мэдээлэлдээ, Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, бодлогын баримт бичгүүдэд төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлж, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх тодорхой зорилтууд тусгагдсан.

Тус байнгын хорооноос төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааны нийтлэг хэм хэмжээг зохицуулсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай” хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болсон байгаа гэдгийг онцлов. Тэрбээр, “Уг хууль батлагдсанаар төрийн албан хаагч ард түмэнд үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгоо ухамсарлаж, төрийн үйл хэргийг гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээ болон сахилгын шаардлагыг чандлан биелүүлэх нөхцөл бүрдэнэ. Мөн төрийн албанд үнэт зүйл, соёл тогтож, улмаар тогтвортой, хариуцлагатай, ёс зүйтэй төрийн алба төлөвшсөнөөр төрийн албанд итгэх ард иргэдийн итгэл нэмэгдэх болно” хэмээлээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан “Өнөөдөр ганцхан төрийн алба бус бүх салбар ёс зүйн доголдолд орсон байна. Нийгмийн салбар бүрд байгаа энэ доголдол, доройтлыг арилгахын тулд төрийн түшээд, төрийн албан хаагчдаасаа эхлэх ёстой. Төрийн түшээдээс авахуулаад төрийн өндөр албан тушаалтнуудад итгэх итгэл нийгэм даяар үгүй болсон байна. Ёс зүйтэй төрийн албаны үйлчилгээг иргэддээ хүргэж чадвал төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх болно” гэв.

Уг хэлэлцүүлгийн зорилго нь яамдын ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх, харилцан туршлага хуваалцах, байгууллагын соёл, төрийн албан хаагчийн ёс зүйтэй шийдвэр гаргахад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, ёс зүйн зөвлөлийн гишүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж буй юм. “Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ ба зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Сэтгэлгээний өөрчлөлтийн шинэлэг арга хэрэгслүүд”, “Байгууллагын соёлыг бүтээхэд Ёс зүйн зөвлөлийн үүрэг оролцоо” сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг үргэлжлэв.

Өнөөдрийн хэлэлцүүлгийг Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төлийн зүгээс санаачилжээ. Хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яамны Ес зүйн зөвлөлийн дарга, гишүүд оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ