МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
2022.05.26
Улстөр

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагын дагуу хуулийн тандан судалгаа, концессын хуулийн хэрэгжилтийн үр дүн болон олон улсын харьцуулсан судалгааг боловсруулж, хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулан батлуулж, хуулийн төслийг өргөн барихад холбогдох зөвшөөрлүүдийг авахаас гадна УИХ-ын ажлын хэсэг, хувийн хэвшил, олон нийт, олон улсын байгууллагуудын дунд хэлэлцүүлгүүд зохион байгуулж, хуулийн төсөлд санал авч, ирүүлсэн саналыг тусган ажилласан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдаад НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссоос 2019 онд баталсан төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай жишиг хууль, түүний гарын авлагыг судалж, хуулийн төсөлдөө баримтлан ажилласан бөгөөд энэ нь анхдагч хуулийн төсөл гэдгийг онцолж байлаа.

Мөн тэрбээр, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зорилго, хамрах хүрээ, зарчим, нэр томьёо, ойлголтуудыг тодорхой болгож нийтийн зориулалттай дэд бүтцийн болон төрийн үйлчилгээний чиг үүргийг харилцан үр ашигтай нөхцөлөөр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх замаар улс орны дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх эрх зүйн суурь нөхцөл болон төр, хувийн хэвшлийн түншлэлд төрийн байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг зааг ялгамжтай тодорхойлж, түншлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой эдгээр байгууллагуудын хоорондын харилцан уялдаа холбоог сайжруулж, санхүү, төсвийн хяналтыг тухай бүр хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр тусгасан.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг олон улсын жишигт нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлт болон улсын төсвийн хөрөнгө оруулалттай уялдуулан төлөвлөх, түүнд бэлтгэх, төсөлд тавигдах шаардлагыг тусгайлан хуульчлан тусгахын зэрэгцээ түншлэлийн төслийг олон нийтэд зарлах, мэдээлэх болон төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үе шатуудтай холбоотой процессын зохицуулалтуудыг тусгасан гэв.

Түүнчлэн, хувийн хэвшлийн түншлэгчид тавигдах шаардлагыг томьёолж, түншлэгчийг сонгох, гэрээ байгуулах асуудлыг тодорхой, ойлгомжтой, ил тод байдлыг хангах байдлаар хэрэгжүүлэх зохицуулалт, түншлэгч талуудын чиг үүрэг, эрсдэлийн удирдлага, түншлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг болон бусад оролцогчдын чиг үүрэг, ялангуяа төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд салбарын яамны үүрэг, оролцоо, хамтын ажиллагааны талаар нарийвчлан тусгасан бөгөөд цаашид “Барих-Шилжүүлэх” төрлийн богино хугацаатай, үр ашиг муутай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхийг хориглох заалтыг тусгасан болно. Ингэснээр төсвөөс үр ашиггүй концессын төслүүдэд эргэн төлөлт хийдэг байдал арилж, төсвийн ачааллыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж байлаа.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хүрээнд түншлэгч талуудын нийтлэг эрх ашгийг тэгш бүрдүүлж, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах, түншлэлийн төслийн эрсдэлийг хуваах, төрөөс үзүүлэх дэмжлэг тодорхой болсноор гэрээний суурь харилцааны хууль, эрх зүйн орчин тодорхой болгох зохицуулалтыг тусгаж, түншлэлийн ил тод байдлыг хангах, төслийн хэрэгжилтэд хяналтын тогтолцоог бүрдүүлэх, төсвийн санхүүжилтийн болон эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх, төслийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах зохицуулалтуудыг нарийвчлан оруулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх гомдол шийдвэрлэх асуудлыг тодорхой зохицуулах, үүссэн маргааныг гэрээнд болон хуульд заасан хэлбэрээр шийдвэрлүүлэх зохицуулалтыг тусгасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцоллоо.

Хуулийн төслийг хэрэгжүүлснээр томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг дан ганц төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөөнийг бий болгох, хувийн хэвшлийн ур чадварыг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх шаардлага, хэрэгцээг хангах олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлд тусгаснаар төслүүдийг хэрэгжүүлэх оновчтой эх үүсвэрийг хуваарилах, төслийг хэрэгжүүлэх арга зам, төрөл, хэлбэр болон гарч болох эрсдэлийг бодитой тооцож, авах арга хэмжээг тодорхойлж хэрэгжүүлснээр төслүүдийг урт хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дорвитой нэмэгдүүлж, сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг талаарх Монгол Улсын үнэлгээ олон улсад сайжирч, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орчныг сайжруулах, олон улсын байгууллагуудын хамтын дэмжлэг нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ж.Ганбаатар, Т.Доржханд, Д.Батлут, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, Д.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс хуулийн төсөл батлагдвал концессын жагсаалтад орсон төсөл, хөтөлбөр болон одоо гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа төслүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулсныг илүүтэй тодруулахын зэрэгцээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээнд Засгийн газрын баталгаа гарах эсэхийг лавласан.

Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, хуулийн төсөл батлагдсанаар Концессын тухай хуулийн үйлчлэл зогсоно. Харин одоо концессын жагсаалтад орсон байгаа эсвэл гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа төслүүдийн хувьд үйл ажиллагаа нь цаашаа хэвийн үргэлжилнэ. Гэхдээ гэрээнд өөрчлөлт оруулж, салбарын яамны оролцоо хяналтыг сайжруулах асуудлыг тусгана. Учир нь Концессын тухай хуульд гэрээний явцад хяналт тавих салбарын яамны оролцоо мэргэжлийн чиг үүргийн асуудал нь байдаггүй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлд концессын гэрээгээр гүйцэтгүүлж байгаа төсөл арга хэмжээнд салбарын яамны оролцоог нэмэгдүүлсэн гэдгийг тодотгов.

Ажлын хэсгээс хуулийн төслийн 31 дүгээр зүйлд Засгийн газар төслийн бүрэн шинжилгээний үр дүнд үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөлд гэрээ болон түүнийг дагалдан байгуулагдсан гэрээ, тэдгээрийн гол нөхцөл зөрчигдөх нөхцөл үүссэн тохиолдолд түншлэлийн төсөлд төсвөөс санхүүжүүлэх үүргийн баталгаа, түншлэлийн төслийг хэрэгжүүлэх явцад бий болсон бараа, ажил, үйлчилгээг худалдан авах, олон нийтийн хэрэгцээнд ашиглах, хэрэглэх баталгаа гаргаж болно гэж заасан хэмээх нэмэлт тайлбарыг өглөө.

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

ШИНЭ МЭДЭЭ