2022.05.05
Зам, Тээвэр
Г.Дамдинням: Дарханы түр замыг стандартын дагуу байгуулахад онцгой анхаарах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ хуралдаанаар · “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг дэмжиж байна. Олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэж орох нь зүй ёсны хэрэг. Гэхдээ бид дотооддоо чанар стандартаа сайн хангаж чадаж байгаа эсэх нь чухал асуудал.
Европоос Ази руу явдаг гол магистраль замаа 4 жил самарчихаад сууж байна. Дарханы замын эвдрэл гэмтэлтэй холбогдуулан иргэн, ААН-д хохирол учирсан бол түүнийг хэн, хэрхэн барагдуулах вэ?
Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хийж байгаа төслийн 2 болон 4 дүгээр багцийг Хятадын бүтэлгүй компани үнэлгээний хороог Авилгатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтийг миний бие Зам тээврийн сайд Л.Халтар танд гаргасан. Та 3 удаа татгалзаж байна. Монгол Улсын Засгийн газрын тухай болон бусад холбогдох хуулиар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бол Засгийн газарт хамаатай гэж заасан байдаг. Тэгэхээр шалгуулах ажлыг яагаад хийлгэхгүй байна вэ?
Монгол Улсын Худалдан авах ажиллагааны тухай хуулиар Зам тээврийн яам, Үнэлгээний хороог байгуулж, шийдвэр гаргаж гэрээ байгуулдаг зарчимтай.
Хоёрдугаарт цар тахлын улмаас Дарханы замын асуудал 2 жил зогссонтой холбогдуулан ослын тоо 50 хувиар буурсан. Өнгөрсөн 2 сараас эхлээд Монгол Улсын Засгийн газраас хэвийн нөхцөл байдал руу шилжсэнээс хойш ослын тоо 38 хувь болж өссөн байна. Түр замыг хүний аюулгүй байдал, хөдөлгөөний аюулгүй байдал, эдийн засгийн хор хохиролгүй байх чиглэлд дүрэм журмыг хэрхэн баримтлуулах вэ?
Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг хурдасгах Ажлын хэсэг байгуулаад Сэлэнгэ, Орхон, Дархан, Төв аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд нэгдээд явж байна. Түр зам дээрээ онцгой анхаарал хандуулахад ямар ажлууд хийж байгаа вэ?
Түүний асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариуллаа .