МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Э.Батшугар: НДШ-ийн буцаан олголт макро эдийн засагт эергээр нөлөөлнө
2022.04.28
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Э.Батшугар: НДШ-ийн буцаан олголт макро эдийн засагт эергээр нөлөөлнө

Улсын их хурлын гишүүн Э.Батшугартай төсвийн тодотголын талаар ярилцлаа.

-УИХ-аар улсын төсөвт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна. Засгийн газраас оруулж ирсэн төсвийг ямархуу болсон гэж дүгнэж байна вэ?

-Юуны түрүүнд яагаад төсөв тодотгох болсныг ярих нь зүйтэй. Эдийн засгийн нөхцөл байдал, ялангуяа гадаад орчин маш хүнд байна. Цар тахалтай холбогдуулан урд хөрш болох БНХАУ-д нөхцөл байдал даамжирсаар. Ойролцоогоор 45 хот, 375 сая хүн ямар нэгэн байдлаар хөл хорионд байна. Энэ бол асуудал хүндэрч байгаагийн нэг шинж. Хойд хөрш болох ОХУ геополитикийн нөхцөл байдалтай байна. Үүнээс болж дэлхий нийтэд бараа бүтээгдэхүүний үнэ өслөө. Тухайлбал, АНУ-д инфляц нь сүүлийн 41 жилд байгаагүй өндөр түвшинд, Англид сүүлийн 30 жил байгаагүй өндөр түвшинд, Турк улсын инфляц 61 хувьд хүрсэн байна. Монгол Улсад 14.4 хувьтай. Ямар ч улс үнийн өсөлттэй нүүр тулж байна. ОХУ, Украин нь нийлээд дэлхийн хүнсний бүтээгдэхүүний экспортын 12 хувийг гаргадаг. НҮБ-ын хүнсний үнийн индекс гэж бий. Энэ нь зөвхөн гуравдугаар сард гэхэд 12.6 хувиар өссөн. Дөрөвдүгээр сард илүү өсөх хандлагатай. Үүнээс гадна бензиний үнэ өсч байна. Ийм нөхцөлд бид төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй.

Төсвийн тодотголоор 500 гаруй тэрбум төгрөгийн тэвчиж болохуйц бүтээн байгуулалтыг царцааж байна. Үүнтэй холбоотойгоор гарах урсгал зардал гэж 110-аад тэрбумыг хассан. Тэгэхээр нийтдээ 600 гаруй тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтаас танаж байна. Мөн ажилтны төлдөг НДШ-ийн 50 хувийг буцааж олгоно гэж байгаа. Энэ нь макро эдийн засагтаа нөлөөлнө. Яагаад гэвэл ингэж буцаан олгосноор 260-аад тэрбум төгрөгөөр худалдан авах чадварыг сайжруулж, ДНБ-ээ дэмжихэд дэм өгнө. Түүнчлэн намар гэхэд цэцэрлэгийн хүүхдүүдийг сугалаагүйгээр оруулах гэж байна. Энэ бол зоригтой алхам. Үүнийг хэрэгжүүлэхэд төсвөөс 100 тэрбум, нийслэлээс 100 тэрбум төгрөг гаргаж шийднэ.

Төрийн өмчит компаниудыг IPO хийнэ. Би өөрөө хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж, IPO хийдэг байсан хүний хувьд үүнийг их дэмжиж байгаа. Компаниуд 34 хүртэлх хувьдаа IPO хийнэ. IPO хийх нь хоёр давуу талтай. Нэгд, бүх үйл ажиллагаа нь ил тод болдог. Хоёрт, засаглал нь зөв зохион байгуулалтад ордог. Тэгэхээр алдагдалтай, муу зохион байгуулалттай байгаа, авлигад өртсөн байдлыг таслан зогсооно. Хамгийн түрүүнд Хөрөнгийн биржийг хувьчилж, манлайлах хэрэгтэй дээ.

-Таны хувьд хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж, IPO хийдэг байсан гэлээ. Тэгэхээр ТӨК-иудын IPO зарлахдаа бид юун дээр хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?

-Хамгийн их анхаарах ёстой зүйл бол компанийн үнэлгээ. Зах зээлийн үнэлгээг зөв тогтоох ёстой. Энэ бол их маргалддаг асуудал. Компани өөрийгөө аль болох үнэтэй үнэлэх гэж оролдоно. Олон улсад компани үнэлэх гурван аргачлал бий. Үүнийг Монголдоо авчрах хэрэгтэй гэж харж байна. Хоёрт, засаглал. IPO хийж байгаа учраас засаглал ил тод байлгаж, аудитлагдсан санхүүгийн тайлангаа шилэн данснаас ч илүү ил тод байлгах хэрэгтэй. Тухайн компанийн нэг ширхэг хувьцааг эзэмшсэн хүн ч бай, олон хувьцаа эзэмшсэн хүн ч бай компанийн талаар бүх мэдээллийг мэдэх эрхтэй байх ёстой.

-Манай ТӨК-иудыг гадаадын компаниуд сонирхох уу. ТӨК-иудыг олон нийтэд нээлттэй болгох нь гаднын хөрөнгө оруулалтыг татах нэг боломж гэж хараад байгаа?

-Яг үнэн. Бид хамгийн гол нь гаднын хөрөнгө оруулагч нарын дунд компаниудаа IPO хийж байгаа гэдгээ зарламаар байна, ийм компани байгаа шүү гээд үзүүлмээр байна. Манай санхүүгийн секторын 90-ээд хувь нь банкууд. Үлдсэн хувь нь банк бус болоод хөрөнгийн бирж. Энэ байдлыг реформ хийх бас нэг алхам. Дан банкуудаас хамааралтай санхүүгийн сектор байж болохгүй. Хөрөнгийн бирж ч бас хөрөнгийн эх үүсвэр байх ёстой. Компаниа үнэлээд тодорхой хувийг нь Хөрөнгийн бирж дээр зараад, тэр мөнгөөрөө компанидаа хөрөнгө оруулалт хийгээд, орлогоо нэмэгдүүлээд, ажлын байр бий болгоод, хувьцааг нь худалдаж авсан хүнийх нь өгөөж өсөөд, бүх оролцогч хожих боломжтой тогтолцоо Хөрөнгийн бирж дээр байх ёстой юм. Санхүүгийн сектор өндөр хөгжсөн улс орнуудад Хөрөнгийн бирж нь хөрөнгө татах үндсэн арга нь байдаг.

-Засгийн газраас оруулж ирж буй саналуудыг бүгдийг нь дэмжиж байгаа гэж ойлгож болох уу. Төсвийн зарлага одоо бол 18.1 их наяд байгаа. Тодотголоор зарлага буурч 17.9 их наяд болж байна. Олон нийт зарлагаас 200 тэрбум төгрөг л хэмнэж байгаад чамлалттай байх шиг байна?

-Яах вэ, тодотгол гэхээр тоог нь хараад байж болохгүй л дээ. Тогтолцоог харах нь зөв. Тодотголоор оруулж ирж буй саналууд нийгэм, эдийн засагт олон эерэг зүйл авчирна.



-Төсвийн тодотголоор дэд дарга, орлогч дарга, зөвлөхүүдийг цомхотгоно гэж байна. Та үүнийг дэмжих үү?

-Миний хувьд дэмжиж байгаа. Төр гэдэг бол ердөө л татварын мөнгөөр санхүүжиж ард иргэддээ үйлчилгээ үзүүлдэг, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах үүрэгтэй. Төр цагдаагаар хангадаг, шүүхээр хангадаг, гудамж цэвэрлэдэг. Тэгэхээр заавал данхайсан том байх ёсгүй. Харин ч цомхон бөгөөд хамгийн үр бүтээлтэй ажилладаг байх нь зүйтэй. Тодотголоор ойролцоогоор 1500 нэн шаардлагагүй ажлын байрыг цомхотгож байгаа.

-Зарим гишүүн дэд дарга нар даргынхаа ажлын хагасыг нь ч болтугай нугалдаг гэж үзэж байна?

-Яах вэ, тусгай чиг үүргийн байгууллагуудын дэд дарга нарыг байлгана гэж ярьж байгаа. Тухайлбал, цагдаа, шүүх, мэргэжлийн хяналт, гааль, татварын газрын дэд дарга нарыг үлдээнэ. Яагаад гэвэл эдгээр байгууллагын дэд дарга нар даргаа байхгүй үед шууд орлох эрхтэй. Бусад нэн шаардлагагүй газруудын дэд дарга нар нэн шаардлагагүй гэж үзэж байна. Газрын дарга нарт тодорхой хэмжээнд эрх олгох боломжтой. Зөвлөхтэй байна гэдэг бас сонирхолтой асуудал. Яах гэж ч зөвлөх авдаг юм мэдэхгүй. Зарим ТӨК 11 дэд даргатай юм байна лээ. Арай л данхайгаад байна л даа.

-Төсвийн тодотголын хүрээнд төсвийн алдагдлыг авч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Одоо байгаа хуулиар бол 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байгаа. Тодотголоор энэ тоо өөрчлөгдөхгүй юм билээ. Алдагдлыг бууруулаагүй нь хэрхэн нөлөөлөх вэ?

-Засгийн газар зардлаа бага зэрэг бууруулсан ч алдагдал хэвээр байгаа. Алдагдлыг хэвээр үлдээснийг буруу гэж бодохгүй байна. Яагаад гэвэл хэмжээ нь их биш. Засгийн газар дотоодын үнэт цаас гаргах боломжийг нээх ёстой. Засгийн газрын үнэт цаас бол хамгийн эрсдэлгүй. Тэгээд жишиг хүү тогтоодог юм. Хувийн компани IPO гаргах, бонд гаргахад Засгийн газрын жишиг хүүтэй харьцуулж хүүгээ тогтоодог. IPO дээр ч гэсэн DCF гэдэг үнэлгээний томьёо бий. Тэр томьёонд Засгийн газрын үнэт цаасыг авч үзэж, компаниа үнэлдэг. Өнөөдрийн байдлаар алдагдлаа багасгая гээд цэцэрлэгээ болиулж, НДШ-ийн буцаан олголтоо өгөхгүй байх уу, эсвэл алдагдлаа хэвэндээ байлгаад энэ бүгдийг хийх ёстой юу гэдгийг бодох хэрэгтэй.

-Манай улсын эдийн засаг энэ онд хэр өсөлттэй байна гэж харж байна вэ?

-Одоогийн байдлаар 2.6 хувиар өснө гэсэн тоо гарсан. Гэхдээ нөхцөл байдал эергээр эргэх бололцоотой гэж харж байна. БНХАУ-ын нөхцөл байдал сайжирч хил нээгдвэл экспортоо хүссэн хэмжээгээрээ гаргах бүрэн бололцоотой болно. Мөн төмөр замын экспорт эхэлбэл эдийн засагт эергээр нөлөөлнө. Манай улсын валютын нөөцийг Таван толгой, Оюу Толгой, Эрдэнэт зэрэг хэдхэн ААН авчирдаг. Азтай гэдэг ч юм уу даа, түүхий эдийн үнэ өндөр байна. Бид төсвөө тооцохдоо нүүрсний үнийг 70-80 ам.доллараар бодсон. Гэтэл одоо нүүрсний үнэ 300 доллар гарсан. Тиймээс энэ нь эерэг нөхцөл байдалд хүргэнэ. Эдийн засаг өснө гэж харж байна.

-Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ