http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2022.04.27
Эдийн засаг, Худалдаа

2022 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.04.26/ хуралдаан 09.18 цагт эхэлж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шатгай шийдвэрлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгажээ.

Тэрбээр, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоохоор төлөвлөсөн. Мөн нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгоно гэлээ.

Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө, орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө, орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжинэ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулав.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, хэмнэнэ гэдэг тэвчиж болох зардлыг ярьж байгаа. Харин хэмнэж байгаа нь энэ гээд хийгдэх ёстой ажлыг төсвийн гадна үлдээх ёсгүй. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг төсвөөс хасч болохгүй. Сүхбаатар дүүргийн ус зайлуулах байгууламжийн далангийн асуудыг Ерөнхий сайдад танилцуулж байсан. Гэтэл энэ асуудал эзэнгүй орхигдоод байна. Хүний амь нас эрсдэх аюултай асуудлыг хэмнэлт нэрээр хумьж болохгүй гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг Засгийн газрын бонд авах замаар арвижуулах боломж байгаа эсэхийг тодруулсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар гурван хэлбэрээр буюу арилжааны банканд байршуулан хүүгийн орлогоор, Монголбанк, Засгийн газрын бонд худалдан авах замаар арвижуулах боломжтой. 2020, 2021 онд цар тахлын улмаас нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, бусад арга хэмжээг авч хэрэгжүүлснээс Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах, үнэт цаас худалдан авах арга хэмжээ хийгдээгүй. Одоогоор аль нэг арилжааны банканд байршуулах талаар ямар нэг шийдвэр гараагүй байна. Гэхдээ саналаа холбогдох газарт хүргүүлээд байгаа гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүд шүүх, ХЭҮК-ийн хөрөнгө оруулалтын зардал хасагдсан асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Хөрөнгө зарахгүйгээр хүний эрхийг хамгаалж, шударга тогтолцоог бүрдүүлэх боломжгүй. Хөрөнгө оруулалтын зардлыг хассан нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх, ХЭҮК-ийн хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, шинжээч томилон ажиллуулах зэрэг чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхээр байна хэмээн үзэж байгаагаа гишүүд илэрхийлж байлаа. Ингээд УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

ШИНЭ МЭДЭЭ