2022.04.21
Улстөр

С.Бямбацогт: Төрийн албан хаагчдын хандлага, үзэл бодлыг өөрчлөх тал дээр илүү анхаарах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.21/ хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Төрийн хяналт шалгалт, төрийн нэрээр ард иргэдээ далайлгадаг, айлгадаг, сүрдүүлдэг. Мөн төрөөсөө тусламж авах гээд очсон иргэддээ хүнд суртал үзүүлдэг, авилгал нэхдэг тогтолцоотой бид явж байна. Энэ буруу хандлага, тогтолцоог өөрчлөхөд энэ хууль гүүр болох чухал хууль гэж харж байгаа. Хамгийн гол нь энэ хуулийг хэрхэн, яаж хэрэгжүүлэх вэ? Яаж ард иргэддээ ойлгуулах вэ? Энэ хуулийг хэрэгжүүлэх төрийн албан хаагчдынхаа хандлага, үзэл бодлыг хэрхэн өөрчлөх вэ гэдэг дээр бид илүү анхаарах ёстой. Энэ хуулийг хэрэгжүүлэхдээ хийдэлгүй, зөрчилгүй яаж хэрэгжүүлэх вэ?

Хуулийн нэгдүгээр зүйлд Энэ хуулийн үйлчлэх хугацаанд буюу гурван жилийн хугацаанд төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.1-т заасан мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллага, төрийн бусад байгууллагаас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй хор хохирол, үр дагаврыг харгалзан, их эрсдэлтэйгээс бусад объектод төлөвлөгөөт хяналт, шалгалт хийхгүй гэж заасан. Энэ нь зөв боловч яг ямар байгууллагууд гэдгийг мэдэхгүй. Үүнийг ард иргэдэд ойлгуулж, таниулах тал дээр ямар ажил хийх вэ?

Зөрчил, дутагдалд тэргүүн эгнээнд албан шаардлага хүргүүлнэ. Өөрөөр хэлбэл албан шаардлага нь зөвлөн туслах, сануулах шинжтэй байна. Энэ нь мөн маш зөв боловч Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Хадгаламж даатгалын корпораци, Татвар, Гааль, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал зэрэг байгууллагуудын хяналт, шалгалтад энэ хууль хамаарахгүй гэсэн байна. Иймэрхүү хууль хоорондын зөрчил, хийдэл, хуулийг ямар нэгэн байдлаар мушгиж гуйвуулж төрийн албан хаагч тайлбарлах нүх сүвийг үлдээвэл төрийн албан хаагчид дахиад л иргэдээ дарамтлах, авилга нэхэх, хүнд суртал гаргах байдал арилахгүй болчих гээд байна. Энэ асуудлыг хэрхэн яаж зохицуулах вэ? Хуулийг сурталчилах тал дээр ямар ажлууд хийгдэх вэ?

Түүний асуултад Байнгын хорооны ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ