http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг хийлээ
2022.04.21
Хууль, эрх зүй

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг хийлээ

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Г.Ганболд, Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир нарын гишүүд санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцуулав.

Тэрбээр Зөрчлийн хууль батлагдсанаас хойш 5 жил болж байна. Гэтэл зөрчил буурахгүй 2021 он хүртэл нийт зөрчлөөр 200 орчим тэрбум төгрөгийн торгууль тавигдсан ч торгууль төлөлт хангалтгүй байгааг дурдлаа. Шууд торгох шийтгэлийг урьтал болгосон, хариуцлагыг давхардуулсан, торгох шийтгэлийн хэмжээ бодит байдалтай нийцэхгүй байгааг засах ёстой гэв.

Иймээс зарим тодорхой төрлийн зөрчлүүдэд оногдуулах торгуулийн хэмжээг бодит байдалд нийцэхгүй байдлаар хэт өндөр хэмжээгээр тогтоосон, үр дагаврын хувьд харьцангуй хөнгөн буюу түүнийг тэр даруй залруулах боломжтой, цаашид дахин уг зөрчлийг гаргахгүй байхыг эрх бүхий этгээдэд эхний удаа “Сануулах”, үүний дараа “Торгох” гэсэн зарчмыг баримтлан хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Зөрчлийн тухай хууль хэрэгжих хугацаанд тухайн жилд бүртгэгдсэн нийт зөрчлийн 90-ээс дээш хувийг цагдаагийн байгууллага харьяалан шалган шийдвэрлэж ирсэн бөгөөд үүнээс нийт зөрчлийн 92.4 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчих, 3.3 хувь нь олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, 0.3 хувь нь худалдаа үйлдвэр, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих, 0.4 хувь нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, 3.6 хувь нь бусад төрлийн зөрчил эзэлж буй аж.

Оролцогчид уг хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлээд ямар тохиолдолд сануулах арга хэмжээг авах талаар тодорхой тусгах, шийтгэлийн төрлийг тодорхой болгох, шийтгэлийн биелэлтийг хангуулах талаар тусгах зэрэг саналуудыг хэлэв.

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт оролцогчдын асуултад хариулахдаа "Нийгэмд хор хохирол бага зөрчлүүдэд сануулах арга хэмжээг авах, давхардуулж торгож шийтгэдэг байдлыг халах, торгуулиа хугацаанд төлбөл хөнгөлдөг байх агуулгаар хуулийн төслийг өргөн барьсан. Түүнээс биш торгуулийг төлөхгүй бол 50 хувь нэмэх зэрэг асуудал байхгүй" болохыг тодотгов.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ "Хууль боловсруулахаас өмнө салбарынхны санал бодлыг сонсох, ард иргэдийн саналыг авах, эрдэмтэн судлаачид мэргэжлийхний оролцоог хангах байдал улам өргөжиж УИХ-аас DParliament, Lawmaker, Lawforum зэрэг цахим системүүдийг ажлуулж эхлээд буйг дурдлаа

ШИНЭ МЭДЭЭ