Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо хуралдлаа
2022.04.19
Барилга, Хот байгуулалт

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо хуралдлаа

Улсын Их Хурлын Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны өнөөдрийн хуралдаан (2022.04.19) 16 цаг 17 минутад гишүүдийн 54.2 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.

Хуралдааны эхэнд Түр хорооны дарга нь Э.Бат-Амгалан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулж, "Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэг (LRT)-ний шугам тавих" төслийн талаарх мэдээлэл сонсов.

Xөнгөн галт тэргийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлснээр замын түгжрэл 25 хувиар буурна гэлээ

Танилцуулгыг “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” УТҮГ-ын дарга Ч.Батзориг хийлээ.

Тэрбээр, “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ төрөл нэвтрүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх, авто замын сүлжээний ачааллыг бууруулах зорилгоор LRT буюу тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг тавих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр нь гурван трасстай бөгөөд эхний ээлжид 1 дүгээр шугамын чиглэлийн трассын бүтээн байгуулалтын ажлыг 2022 оны тавдугаар сард багтаан эхлүүлэхээр төлөвлөсөн. 1 дүгээр шугам нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа 2” хороолол орчмоос Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сансрын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжилнэ. Харин хоёрдугаар трасс нь Шар хаднаас Толгойт хүртэл 17.5 км, гуравдугаар трасс нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Зунжин хүртэл 14 км байхаар тооцсон.Одоогийн байдлаар 1 дүгээр шугамын ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг хийж дууссан. Тулгуурт гүүрэн байгууламжийн эхний шугамын төсөвт өртөг нь 926 орчим сая ам.доллар бөгөөд нэг километрийн зардал 51.1 сая ам.доллар байхаар тооцсон. Санхүүжилтийн 15 орчим хувийг нийслэлийн төсвөөс, 85 хувийг БНХАУ-аас авах зээлээр хийнэ. 1 дүгээр шугамын трасс дагуу 15 буудалтай, 110 орчим га газарт бүтээн байгуулалт хийгдэнэ. Төслийн нөлөөлөлд өртсөн газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөсөн. Энэ газарт 30 га газарт депо, 63 га газарт авто зогсоол, 17 га газарт оффис, худалдаа үйлчилгээний зориулалтын бүтээн байгуулалт хийгдэх бөгөөд газар чөлөөлөхөд 7.5 орчим тэрбум төгрөг шаардлагатай.

1 дүгээр шугамын трассыг 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулж, туршилтын галт тэрэг явж эхэлнэ. Туршилтын галт тэрэг зургаан сарын хугацаанд явуулаад 2025 оноос нийтийн тээврийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэхээр төлөвлөсөн. 1 дүгээр шугамын хөнгөн галт тэрэг ашиглалтад орсноор чиглэлийн дагуу түгжрэл 25 хувиар буурна” гэв.

Улаанбаатар хотод бүртгэлтэй авто тээврийн хэрэгслийн тоо 2010 онд 234 мянга байсан бол 2020 онд 616 мянга болж, гурав дахин нэмэгджээ. Хотын нийт өрхийн 72.2 хувь нь автомашин эзэмшиж, улсын нийт авто тээврийн хэрэгслийн талаас илүү хувь нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож байна. Гэтэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд авто замын сүлжээний хүчин чадал дөнгөж 19 хувиар нэмэгдсэн.

Мөн замын түгжрэлээс хамаарч нэг хүн өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг “зам дээр” өнгөрөөдөг байна. Түүнчлэн Улаанбаатар хотын хүн ам 1970 оноос 5.2 дахин, нийтийн тээврээр өдөр тутам тээвэрлэсэн зорчигчийн тоо 3.7 дахин өсжээ.

Нийслэл хотын 2021 оны нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн суусан зорчигчийн тооны 15.6 хувь, буусан зорчигчийн 12.6 хувь, дамжин суусан зорчигчийн тооны 9.1 хувийг Улаанбаатар хөнгөн галт тэрэгний 1 дүгээр шугамын трассын дагуу зорчсон зорчигчид эзэлж байгаа ажээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, Ц.Сандаг-Очир, Т.Доржханд, Г.Амартүвшин, С.Бямбацогт, Э.Батшугар, М.Оюунчимэг, С.Одонтуяа нар эдийн засаг болон нийгмийн үр өгөөжийг тооцсон эсэх, хөнгөн галт тэрэгний тасалбарын үнийг хэрхэн тогтоох, ойрын хугацаанд төлөвлөсөн ажлаа эхлүүлэхэд тулгарч буй асуудал, санхүүжилтээс үүдэх ханшийн эрсдэлээс сэргийлэх ямар арга хэмжээг авах талаар тодруулав.

Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан түгжрэлийг бууруулах арга хэмжээг авна. Тулгуурт хөнгөн галт тэрэгний буудал болон зогсоолуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түрээс болон бизнесийн үйл ажиллагааг явуулах боломжтой байхаар төлөвлөсөн. Тасалбарын үнийг зайнаас хамаарсан буюу эхний таван буудал 700 төгрөг, нэмэлт буудал тутамд 50 төгрөгөөр нэмэгдэхээр тооцсон. Эхлэлийн буудлаас эцсийн буудал хүртэлх тасалбарын үнэ 1200 төгрөг байна. Тасалбарын үнийг таван жил тутамд шинэчлэн тогтоож байхаар урьдчилан тооцоолсон. Галт тэрэг тодорхой цагийн хуваарийн дагуу тогтмол явах бөгөөд нэг ээлжид талдаа 600 орчим зорчигч тээвэрлэх боломжтой. Нийт 15 буудлын 4 буудал нь газраар, 11 нь гүүрэн байна. Хөнгөн галт тэрэгний төсөлтэй хамт нийслэлийн тойрог замуудын төслийг давхар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2.5 жилийн хугацаанд багтаан 1 дүгээр шугамын ажлыг бүрэн хийж гүйцэтгэнэ. Энэ жил депоны барилга угсралт болон хөдлөх бүрэлдэхүүний захиалгаас ажлаа эхэлнэ. Санхүүжилтийн тодорхой хувийг гүйцэтгэгчтэй тохирохын тулд Засгийн газар өрийн баталгаа гаргах асуудал яригдана. Мөн эрчим хүчний хэрэглээнд ачаалал үүсгэх учраас Эрчим хүчний яамтай шийдлийн талаар ярилцаж байгааг албаныхан хариултдаа дурдлаа.

Ингээд Түр хорооноос “Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг төслийг дэмжих тухай” тогтоолыг гишүүдийн 71.4 хувийн саналаар баталж, төсөв, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх асуудлыг шийдэх, холбогдох хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар болголоо.

Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийн асуудлаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо

Үргэлжлүүлэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал, шийдэл” сэдвээр танилцуулга, мэдээлэл хийлээ.

Манай улсад 2-5 насны 305783 хүүхэд байгаагаас сургуулийн өмнөх боловсролд 2021-2022 оны хичээлийн жилд 233090 хүүхэд хамрагдаж байна. 4-5 насны хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдах байдал харьцангуй өндөр (86-93 хувь) байгаа, 3 настнуудын 73 хувь байгаа бол 2 настнуудын 53.9 хувь л цэцэрлэгт хамрагдаж байна. Үүнээс үзвэл Улаанбаатар хотод 38538, орон нутагт 334159 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй байгаа юм.

Улаанбаатар хотод нийт 674 цэцэрлэг байгаагаас төрийн 276, хувийн хэвшлийн 398 цэцэрлэг бий. 2021-2022 оны хичээлийн жилд 6 дүүргийн 17 хороо төрийн өмчийн цэцэрлэггүй бол хэт ачаалалтай 57 цэцэрлэг байна. Хэт ачаалалтай цэцэрлэгүүд 58 мянга орчим хүүхэд авах хүчин чадал ч өнөөдрийн байдлаар 77 мянга орчим хүүхэдтэй байна. Энэ онд нийслэлд 28 цэцэрлэгийн барилга, өргөтгөлийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох зорилгоор ойрын хугацааны 10 шийдлийг боловсруулсан гэдгийг Л.Энх-Амгалан сайд танилцууллаа.

Тэрбээр, “Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад шинээр 280 цэцэрлэг барих шаардлагатай. Нийслэлд жилд дунджаар 60-70 мянган хүн шилжин ирдэг гэж тооцвол улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдэх боломжгүй. Иймээс цэцэрлэгийн барилгыг улс, нийслэлийн төсөв болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр барихын зэрэгцээ цэцэрлэгийн зориулалттай барилгыг түрээслэх, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих, хувийн цэцэрлэгүүдийн сул орон зайд хүүхэд хүлээн авах боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Ингэхдээ хүүхдийн тоогоор хувьсан зардал болон хоолны зардлыг олгохоор тооцсон. Алслагдсан гэр хороололд “Өргөө” цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх бөгөөд энэ онд хоёр цэцэрлэг барихаар төсөвт суулгасан байгаа” гэв.

Мөн ачаалал өндөртэй 57 цэцэрлэгийн 8 нь орон сууцны 26 шинэ хорооллын дунд байршилтай байгаа учраас орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах, өөрийн газар дээр цэцэрлэг барьсан тохиолдолд төрөөс дэмжиж татварын хөнгөлөлт үзүүлэх талаар арга хэмжээ авна гэдгийг хэллээ.

Түүнчлэн хүүхэд харах үйлчилгээг шинэ шатанд гаргахад анхаарч 2-3 насны хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулна. Ингэснээр ачаалал өндөртэй 57 байршилд 5000 гаруй хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжтой гэсэн судалгааг хийсэн. Салбарын яамнаас 3 хүртэлх настай хүүхдийн цогц хөгжлийг дэмжих үйлчилгээний тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Сургуулийн өмнөх боловсролыг хүртээмжийг нэмэгдүүлэхэд хоёр настай хүүхэд бүрт хувьсан зардлыг шийдвэрлэх шаардлагатай. Одоогийн тогтолцоогоор сугалаагаар цэцэрлэгт орсон хүүхдэд л хувьсан зардлыг олгож байгаа. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд хувьсах зардлыг олгодог болох асуудлыг судалж, тооцооллыг хийсэн гэдгийг онцлов.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Т.Доржханд, Г.Амартүвшин, Б.Энхбаяр, Б.Баярсайхан, Б.Саранчимэг, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, П.Анужин, Э.Бат-Амгалан нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Гишүүдээс цаашид төрийн бус өмчийн цэцэрлэгийг дэмжих бодлого баримталж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах, тойргийн бус цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүд болон түрээсийн байранд ажиллаж буй цэцэрлэгийн асуудлыг цэгцлэхийн чухлыг тодотгож байв. Мөн цэцэрлэгт хүүхдээ өгч чадаагүйгээс ажил, орлогогүй гэртээ сууж буй эцэг эхчүүдэд дэмжлэг үзүүлэх, цэцэрлэг барих газар болон дэд бүтцийн асуудлыг шийдэх, цэцэрлэгийн барилгыг нэгдсэн стандарттай болгох шаардлагатай байгааг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ