МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Батлут: Төлөөгүй торгуулийг шууд 50 хувиар нэмнэ гэж тусгаагүй
2022.04.19
Эдийн засаг, Худалдаа

Д.Батлут: Төлөөгүй торгуулийг шууд 50 хувиар нэмнэ гэж тусгаагүй

Хугацаандаа төлөөгүй торгуулийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх заалт бүхий хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүд иргэдийн дургүйцлийг хүргээд байна. Тэгвэл эл хуулийн төслийг санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн Д.Батлуттай ярилцлаа.


-ШУУД ТОРГОДОГ БАЙДАЛ ИРГЭДИЙГ БУХИМДУУЛЖ БАЙСАН-

-Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хэсэг гишүүд өргөн барьсан. Энэ нь нийгэмд нэлээд шүүмжлэл дагуулж байна. Тодруулбал, хугацаа хэтэрсэн торгуулийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх заалт бүхий нэмэлт өөрчлөлт хийсэн гэж байна. Та энэ хуулийн төслийнхөө талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Зөрчлийн тухай хууль 2017 онд батлагдсан цагаасаа хойш нэлээд шүүмжлэл дагуулж, нийгэмд бухимдал төрүүлж байсныг та бүхэн сайн мэдэх байх. Тухайлбал, нэг зөрчил дээр иргэдэд хоёр давхар шийтгэл оноох нөхцөл байдал үүссэн. Тодруулбал, зам тээврийн зөрчлүүд дээр мөнгөөр торгуулахаас гадна онооноос хасдаг шийтгэл байсан. Ямар нэг байдлаар зөрчлийг үнэлж үзэхэд иргэн засчих боломжтой зөрчлүүд дээр шууд торгох шийтгэл оногдуулж байсан. Тиймээс иргэд их бухимдах болсон. Тиймээс УИХ-ын хэсэг гишүүд энэ хуулийг өөрчилж, найруулахаар зориглож ажилласан.

-Хуулийн төсөлд иргэдэд ээлтэй ямар заалтууд орсон бэ?

-Иргэд хөнгөлөлт эдлэх боломжийг бүрдүүлсэн заалтуудыг оруулж өгсөн. Тухайлбал, шууд торгох биш эхлээд сануулдаг байх. Тухайн зөрчил ямар цаг хугацаанд үйлдэгдсэн, нийгэмд ямар хор хохирол учруулж байгаагаас шалтгаалаад эхлээд сануулж, дараа нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, дараа нь торгууль оногдуулдаг байдал руу орно. Энэ бол иргэдийн хүсэн хүлээж байсан асуудал гэж ойлгож байна. Иргэдтэй уулзаж явахад давхар шийтгэлийн асуудал, мөн торгохоосоо өмнө сануулж болдоггүй юм уу гэдэг зүйл ярьдаг байсан. Иргэд түүнийг хүсэмжилж байгаа учраас бид энэ хуулийн санкцуудыг хуулийн амин сүнс болгож оруулж байгаа юм.

-Ихэвчлэн ямар зөрчлүүдэд торгууль оноогоод байна вэ?

-Зөрчлийн хуулиар шийтгүүлж байгаа иргэдийн 90 орчим хувь нь зам тээврийн зөрчлүүд гаргасан байдаг. Давхар шийтгэл маш их оноодог байсан байгаа юм. Тиймээс нөхцөл байдлаас шалтгаалан сануулах, торгох, цаашлаад бусад төрлийн арга хэмжээ авдаг болгохоор энэ хуулийн төсөлд оруулсан.

-НОЦТОЙ ЗӨРЧИЛ ГАРГАЧИХААД ТОРГУУЛИА ТӨЛӨХГҮЙ БАЙГАА БАЙДЛЫГ ӨӨГШҮҮЛЖ БОЛОХГҮЙ-


-Нэг заалт нь их шүүмжлэл дагуулж байна. Хугацаа хэтэрсэн, төлөөгүй торгуулийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлнэ гэсэн заалт?

-Иргэн хүн зөрчил гаргаад торгуулийн арга хэмжээ авлаа. Торгуулсан бол тодорхой хугацаанд торгуулиа төлөх ёстой байдаг. Тэр хугацаандаа төлөөгүй байвал 50 хүртэл хувиаар нэмэгдүүлнэ гэдэг заалт орсон. 50 хүртэл хувь гэж байгаа юм шүү. Шууд 50 хувь биш. Нэг хувь ч байж болно гэсэн үг. Тухайн зөрчлийн нөхцөл байдлаас, нийгэмд учруулж байгаа хор хохиролоос шалтгаалж харилцан адилгүй тогтоох ёстой. Энэ гэхдээ эцэслэн батлаагүй байгаа хуулийн төсөл гэдгийг иргэд ойлгох ёстой. Олон нийт нэлээд эсэргүүцэл үзүүлж байх шиг байна. Энэ хоёр талтай.

Торгуулийн шийтгэл авсан хүн торгуулиа хугацаандаа төлөөгүй бол асуудлыг шийдэх талд анхаарах нь төрийн нэг үүрэг. Дахин дахин зөрчил гаргахгүй байх талаас нь арга хэмжээ авах ёстой. Нөгөө талаас хугацаандаа торгуулиа төлж байгаа бол хөнгөрүүлэх зохицуулалтыг ч энэ хуулийн төсөлд тусгаж өгсөн. Иргэн зөрчил гаргаад, хуулийнхаа хугацаанд төлвөл тухайн зөрчил нь нийгэмд хор хөнөөл багатай бол торгуулийн тодорхой хувийг хөнгөлөх боломжтой гэсэн үг.

Тэгэхээр манай иргэд сошиалд байгаа мэдээллийг янз бүрийн байдлаар буруу хүлээж аваад байх шиг байна. Хэлэлцүүлгийн шатандаа яваа хууль. Тиймээс иргэдийнхээ санаа бодлыг сонсож, хамгийн боломжит хувилбараар засаж, өөрчлөх тал дээр анхаарна гэдгээ хэлье. Хэлэлцүүлгийн явцад торгуулийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх заалтыг авч хаях ч нөхцөл байдал үүсэж мэднэ шүү дээ.

-Зам тээврийн зөрчил дотроо яг ямар зөрчлүүд ихэвчлэн гардаг юм бол. Мэдээж гаргаж буй зөрчлүүдийг нийгэмд аюул учруулах байдлаар нь ангилж үзэх нь зүйтэй байх?

-Зам тээврийн торгууль хамгийн их хувь эзэлж байгааг дээр хэлсэн. Түүн дотроо илүүтэй хурд хэтрүүлсэн, бүрэн бус техник хэрэгсэлтэй явсан, согтуугаар жолоо барьсан зөрчил их байна. Тэгэхээр нэг талдаа хамаагүй өөгшүүлж болохгүй. Жилдээ манайд зам тээврийн ослоор хэдэн хүн амиа алдаж байна. Өнгөрсөн жил гэхэд 250 орчим хүүхэд зам тээврийн ослоос болж амиа алдсан байх жишээтэй. Энэ мэт сөрөг үр дүнгүүдийг харж үзвэл арай өөрөөр шийтгээд баймаар санагдаж байгаа юм. Тимээс иргэд аль аль талаас нь бодож үзээсэй.

-Хугацаандаа төлөөгүй торгуулийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх заалт оруулж ирэхдээ та бүхэн судалгаа, тоон мэдээлэлд тулгуурласан байх. Тэгэхээр Зөрчлийн хуулиар торгуулсан торгуулиа төлөөгүй, хэчнээн төгрөгийн торгууль хуримтлагдаад байгаа юм бэ?

-Өнгөрсөн хугацаанд торгуулийн арга хэмжээ авсан иргэдийн 45 орчим хувь нь л торгуулиа төлсөн. Бусад нь огт төлөөгүй байна. Торгуулиа төлөхгүй байгаа гэдэг нь зөрчил гаргачихаад дахиад гаргах магадлалтай, үл тоомсорлосон хэлбэр байна гэж харж байгаа юм. Тэгэхээр үүнийг яаж шийдэх вэ гэдгийг бид бодолцсон.

Хууль хэрэгжих нөхцөл байдал төр, иргэн хоёрын харилцан ойлголцол, зүтгэл дээр явна. Мэдээж зөрчил гаргахгүй бол хэн ч таныг торгохгүй. Тиймээс зөрчил гаргахгүй явах л ёстой. Архи уухгүй, бүрэн бус техниктэй явахгүй, хурд хэтрүүлэхгүй байх ёстой л байхгүй юу даа. Энэ бүх эрсдлээс л хааж байгаа юм. Энэ хуулийг баталснаар бүх хүнийг торгох гээд байгаа гэж ойлгох нь буруу. Өөрсдийгөө хамгаалах, зөрчил гаргахгүй амьдрах нь таны эрхийн асуудал.

-ТОРГУУЛИАР ТӨСӨВ БҮРДҮҮЛДЭГ НЬ ТӨЛӨВЛӨӨД БАЙХ ЗҮЙЛ БИШ-


-Хуулийн төслийн гол агуулга нь торгууль нэмэхээс гадна сануулах арга хэмжээ авах. Байнгын хорооны хурал дээр Б.Энхбаяр гишүүн шүүмжлэлтэй хандсан. Бүх хэргийг сануулж болохгүй. Сануулах, сануулахгүй хэрэг байна гэсэн. Яг ямар төрлийн хэргүүдийг сануулах шийтгэл оноохоор заасан юм бэ?

-Хүндрүүлэх зөрчил гаргаагүй, хор уршиг нь хурдан хугацаанд арилах боломжтой зөрчлүүдэд сануулах арга хэмжээ тооцохоор тусгасан. Иргэдэд шууд торгодог байдал үзүүлэх нь өнгөрсөн хугацаанд мш их шүүмжлэл дагууллаа. Болохгүй байна гэдэг нь харагдчихлаа. Хууль яах гэж баталдаг вэ гэхээр нийгмийн сайн сайхны төлөө. Янз бүрийн асуудал гаргахгүйгээр, айвуу тайвуу амьдрах нөхцөл бүрдүүлэх гэж л хууль батлуулж, хэрэгжүүлдэг. Өнгөрсөн хугацаанд Зөрчлийн тухай хуулийн шууд торгодог байдал, давхар шийтгэл оноодог байдал иргэдэд таалагдаагүй. Амьдралд нийцэхгүй байгаа нь харагдсан. Тэр утгаараа энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна.

-Сануулах шийтгэл оноохдоо шударга ёсыг яаж баримтлах вэ. Дарга нарыг сануулж явуулаад, жирийн иргэдийг сануулах боломжгүй юм байна торгоно оо гээд цагдаа үзэмжээрээ асуудалд хандаж эхлэх эрсдэл байна гэж бас ярьж байна?

-Монгол Улсад техник технологийн хөгжил бас өндөр хөгжсөн. Тухайлбал, нийт зөрчлийн хэргийн 92-93 хувь нь зам тээврийн зөрчлүүд. Манай Тээврийн цагдаагийн албаны цахим, дотоод сүлжээ өндөр хөгжсөн. Аливаа зөрчлийг баталгаажуулах технологийн шийдлүүд бий болчихсон. Тиймээс түүгээр баталгаажуулаад, аливаа шийтгэлээ оногдуулна. Мөн түүнийгээ бүртгэлжүүлж, байнгын хянах боломжтой. Магадгүй бусад салбаруудад тийм технологийн шийдэл харьцангуй бага. Олон нийтийн газар тамхи татаж байгаа, шүлсээ хаяж байгаа иргэдийг хянаад байх боломж хомс. Гэхдээ цаашдаа дэвшлүүд бий болно гэж л харж байна.

-Ер нь бол давтан зөрчил гаргасан бол торгоод, анх удаа зөрчил гаргасан бол сануулна гэж ойлгож болох уу?

-Ер нь тэгж ойлгож болно. Гэхдээ зөрчлийнхөө нөхцөл байдлаас шалтгаална.

-Тээврийн цагдаагийн газраас төсөвт торгуулиар мөнгө төвлөрүүлдэг. Тэгэхээр сануулах арга хэмжээ авахаар улсад төвлөрүүлэх мөнгө нь багасах нь ээ?

-Заавал торгодог байх ёсгүй. Миний хувь хүний байр суурь бол торгуулиар төсөвт орлого оруулдаг зүйлийг төлөвлөөд байх зүйл биш гэж хардаг. Гэхдээ хууль эрхзүйн хүрээнд авах арга хэмжээгээ авна. Тэр төлбөр нь төрийн сандаа байршаад явах нь зүйтэй. Тэдэн төгрөг төвлөрүүлэх ёстой гэж тоо зааж, төлөвлөх нь буруу гэж хардаг.

ШИНЭ МЭДЭЭ