http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомстлоос сэргийлэх,  сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2022.04.14
Эдийн засаг, Худалдаа

Бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Төслүүдийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулсан бол мөн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа танилцууллаа. Тэрбээр, Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилласныг дурдаад, Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 10 санал болон найруулгын шинжтэй бусад саналыг Байнгын хороогоор хэлэлцүүлэхээр бэлтгэснийг танилцуулав.

Ажлын хэсгийн танилцуулга болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, С.Бямбацогт, М.Оюунчимэг, С.Чинзориг, Б.Баттөмөр, Б.Энхбаяр, Ж.Ганибал, Ц.Цэрэнпунцаг, Т.Доржханд, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар хариулт өгөв.

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж, шийдвэрлэлэээ. Тухайлбал, хуулийн төслийн гарчгийн “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй” гэснийг хасах, төслийн 6.1.3, 6.1.5 дахь заалтууд нь Улсын Их Хурлын эрх мэдэлд хамаарах асуудал тул төслөөс хасах, 5.1.1 дэх заалтаар “банкаар дамжуулан олгох” гэснийг “банкны эх үүсвэрээр олгох” гэж, 5.1.2 дахь заалтын “хөнгөлөлттэй санхүүжилтийг банкаар дамжуулан” гэснийг “санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд” гэж тус тус гэж өөрчлөх, хуулийг дагаж мөрдөх хугацааг 2022 оны 04 дүгээр 22-ны өдрөөс эхлэх зэрэг зарчмын зөрүүтэй 10 санал болон төслийн агуулгыг хөндөхгүйгээр хууль зүйн техникийн, найруулгын шинжтэй засваруудыг хийх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа танилцуулахаар тогтов.

ШИНЭ МЭДЭЭ