МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.13
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: Стратегийн бараа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх шаардлагатай

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.04.13/ боллоо. Хурлаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Стратегийн бараа бүтээгдэхүүний нөөцийг хэрхэн бүрдүүлэх вэ?

Энэ төслөөс харахад мах, гурилын нөөц бүрдүүлэх болон шатахууны компаниудад тодорхой хөнгөлөлттэй, хүү багатай зээл өгөх, хямд ханшаар валютыг нийлүүлэх гэсэн зохицуулалт байна. Шаардлагатай бол Засгийн газарт татварын хувь хэмжээг зохицуулах эрх өгч байна. Үүгээр юу шийдэгдэх вэ гэвэл зээл аваад, зээлээрээ бараа, бүтээгдэхүүн оруулж ирнэ. Хөнгөлөлттэй зээл өгсөн учраас бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж болохгүй, хангамжыг тасалж болохгүй гэж аж ахуй нэгжүүдэд ачаа үүрүүлэх гээд байна. Нөгөө талдаа тодорхой эх үүсвэр гаргаж аваад тухайн эх үүсвэрээрээ нөөцөө бүрдүүлэх зохицуулалтыг энэ хуулинд оруулж болохгүй юу? Ялангуяа гурил болон шатахууны асуудал дээр.

Мөн стратегийн нөөцөд орсон төрөл бүрийн будаа, элсэн сахар, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэгт тодорхой хэмжээний нөөцийг бүрдүүлэх шаардлагатай байна. Үүнийг хэрхэн зохицуулах бололцоотой вэ? Энэ хуулинд ямар нэгэн зохицуулалт харагдахгүй байгаа учраас үүнийг оруулж өгмөөр байна. Ажлын хэсэг энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ