http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.06
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: Стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2022.04.06/ өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Засгийн газраас “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Нөхцөл байдал амаргүй байгаа талаар сүүлийн үед нэлээн яригдаж байгаа. Ард иргэддээ үүнийг зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Өнөөдөр гэнэт ийм байдалд хүрсэн юм биш. Сүүлийн 2,3 жилд эдийн засгийн хямрал болсон. Ялангуяа сүүлийн үед Орос, Украйны дайнтай холбоотойгоор нөхцөл байдал улам хүндрэлтэй байдалд орж байна. Монгол Улс хоёрхон хөрштэй. Хоёр хөршөөрөө дамжуулан худалдаа, эдийн засгийн харилцаа, бараа бүтээгдэхүүнээ экспортолж импортолж, хэрэгцээгээ хангаж амьдардаг. Сүүлийн 2,3 жилийн хугацаанд Хятад улс Ковидоос болж өөрөө өөрийгөө тусгаарлаж, үүнээс болж импортын саатал гарч, бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Нөгөө талаар экспортоор гаргадаг зэсийн баяжмал, төмрийн хүдэр, нүүрс гэх мэт бүтээгдэхүүнүүд экспортын саатал гарч, орлого орж ирэхээ больсноор валютын ханшинд эрсдэл учирч байгаа.  

Энэ хүнд байдлаас гарахын тулд яаралтай оруулж ирж байгаа асуудлыг дэмжиж байгаа. Гэхдээ үүнд анхаарах хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт гурил, мах, шатахууны үнэ дээр л анхааръя гэчихээр цаана нь үлдэж байгаа стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүнүүдийн үнэ өсөхвий гэж харж байна. Эдгээрийн хангамж нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх тал дээр ямар бодлого барих вэ? Өөрөөр хэлбэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт дээр бид анхаарах ёстой.

Хоёрдугаарт үнийн өсөлттэй энэ үед ард иргэдийн орлого нэмэгдэхгүй, зардал нь өсч байна. Цалин хангамж муу, төрийн үйлчилгээний албан хаагч нарын орлогыг нэмэгдүүлэх, эрсдэлээс хамгаалахад ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой вэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ