2022.03.31
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Б.Саранчимэг: Монгол улс дэлхий нийтийн чиг хандлагыг дагаж, ногоон бодлогыг түрүүнд тавих хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.31\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг сонсов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

Монгол улс цар тахал, нийгэм, эдийн засгийн хямралын хүнд цаг үед 2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг үндсэндээ хангалттай гэж үзэж байна.

Ногоон хөгжлийн асуудлыг бид бусад салбаруудын хавсарга мэт үзэж ирсэн. Энэ ойлголтоо өөрчлөх цаг болсон. Ялангуяа иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрахад энэ ажил зайлшгүй хэрэгтэй. Дэлхий нийт ногоон бодлогыг түрүүнд тавьж байгаа энэ цаг үед бид ч бас дагах шаардлагатай байгаа. Энэхүү таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлд хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрахыг хангахын тулд Ногоон хөгжил зорилт дэвшүүлсэн. Энэ зорилт нь 78,6%-ийн хэрэгжилттэй гэсэн байна. Энэ зорилгын хүрээнд 4 арга хэмжээг үр дүнгүй гэсэн үнэлгээ өгсөн. Эдгээр нь яг ямар арга хэмжээнүүд вэ? Яагаад эдгээр арга хэмжээ хэрэгжиж чадаагүй вэ?

Хоёрдугаарт Хүний хөгжлийн асуудлын зорилгын гүйцэтгэлд 2021 онд цэвэр ногоон байгууламжын орчныг нэмэгдүүлэх арга хэмжээ гэж орж ирсэн. Үүнийг сайн үр дүнтэй гэж үнэлсэн байна. Энэ үзүүүлэлтийг ямар шалгуураар ийнхүү дүгнэсэн бэ? Тухайлбал 2021 онд ногоон байгууламж бүхий орчин хэдэн хувиар нэмэгдсэн бэ?

Мөн агаар орчны бохирдлын талаар өнгөрсөн онд нэлээн шүүмжлэл дагуулсан. Энэ асуудалд агаарын бохирдлын асуудлаас гадна агаарын чанарын асуудлыг ярих нь зайлшгүй шаардлагатай. Агаарын чанарын үзүүлэлтүүд яагаад буурахгүй байгаа талаар салбарын яам тодорхой хариулт өгнө үү.

Говийн бүсийг усжуулах асуудлыг сүүлийн 15 жил ярьж байна. Бид Хэрлэн, Орхон голоос татах том төслийг хөдөлгөх зайлшгүй шаардлагатай байгаа энэ цаг үед шинэ сайд илүү анхаарал тавьж, нөгөө талаар хилийн усны хэрэгцээнд өөрөө идэвхийлэн оролцохыг хүсч байна.

Түүний асуултад Эдийн засаг, Хөгжлийн дэд сайд С.Наранцогт хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ