2022.03.17
Байгаль Орчин, Аялал жуулчлал

С.Бямбацогт: Иргэдийн байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг мэдэх эрх хангагдахгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.17\ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Үндсэн хуульд оруулсан гол өөрчлөлт бол байгалийн баялагтай холбоотой асуудал байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд энэ хуулийн төсөл орж ирж байгаа юм байна. Иргэн үндсэндээ байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Тэгэхээр энэ эрх нь хангагдахгүй бол яах вэ? Энэ асуудалд төрийн бодлогын хэрэгжэхгүй байгаа нэг асуудал байгаад байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 1968 оноос хойш 50 гаруй жил яригдаж байна. 2014 онд  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих Засгийн газрын шийдвэр гарсан. МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөрөнгө мөнгийг нь шийдэж, өнгөрсөн жил гүйцэтгэх компани тодорсон. Иргэд барихыг эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл иргэдийн байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг мэдэх эрхийг хангаагүйтээ холбоотой. Энэ эрхийг хангах гэж хоёр компани 500 сая төгрөгийн үнэлгээ хийсэн гэдэг. Гэтэл яг бодит байдал дээр иргэдэд мэдэх эрхийг нь хангасан уулзалт цуглаан хийгээгүй, хийсэн тайланд нь үнэлгээ тогтоохдоо Баян-Өлгий аймгийн иргэдийн нөхөн олговорыг өндөр тогтоож, Увс, Ховд аймгийнхнийг бага тогтоочихсон. Энэ мэдээллийнхээ үндэслэлийг тайлбарлаагүй байдлаас болоод иргэд эсэргүүцэж байгаа юм. Хэрвээ иргэд учир шалтгааныг нь ойлгоод, мэдэх эрх нь хангагдаад, тэгш шударга хандсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Үндсэндээ үнэлгээ хийх, иргэдийн мэдэх эрхийг хангаагүй, хангахдаа учир дутагдалтай хандсан энэ компаниуд дээр ямар хариуцлага тооцож, ямар байдлаар шийдэх вэ?

Хоёрдугаарт энэ хуулиар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийхгүй бол, үүсээд байгаа асуудлыг шийдэхгүй бол ямар хариуцлага ноогдох вэ?

Хар-Ус нуурын усны түвшин байнга нэмэгдэж байна. Үүнээс болоод малчдын хадлан, бэлчээр, өвөлжөө, хаваржаа усанд автаж байгаа. Хар-Ус нууранд 60 орчим арал байдаг. Арлуудад андатар гэж амьтан амьдардаг. Андатар гэх амьтныг 1976 онд 50 орчмыг шилжүүлж байршуулж байсан. Гэтэл одоо 100 мянга хүрчихсэн. Үүнийг устгалд оруулъя гэхээр байгаль орчны газар хураамж буюу нэг ширхэгт нь 18,000 төгрөг төл гэдэг. Энэ төлбөрийг төлөөд андатар амьтныг устгах хүмүүс байхгүй. Зуун мянгад хүрсэн андатар нь арлуудыг идээд устгаад дуусгаж байна. 60 арлаас одоо 30 орчим арал үлдэж байна. Энэ асуудлыг шийдэж өгөөч гээд Хар-Ус нуурын хамгаалалтын захиргаа Ховд аймгийн Байгаль орчны газар, Байгаль орчны яам, Усны хэрэг эрхлэх газар гээд олон газар хандаад асуудлыг огт шийддэггүй, үнэлгээ хийдэггүй, хуулинд өөрчлөлт оруулдаггүй. Андатарыг хэрвээ үнэгүй алж устгаж болдог болгохын бол иргэд устгачих байх. Үүнээс болж тэнд амьдарч буй иргэд өвөлжөө, хаваржаагүй болсон. Таван сумын 500 орчим айл өвөлждөг байсан бол одоо үндсэндээ нутаггүй болж байна. Иймэрхүү асуудлыг үнэлгээ хийж, яаралтай шийддэггүй. Энэ асуудлыг хуулиар хэрхэн яаж зохицуулах вэ?

Түүний асуултад БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Энхбат хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ