МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Архангай аймагт “Хавдрын эрт илрүүлгийн төв” нээгдлээ
2022.03.02
Эрүүл мэнд

Архангай аймагт “Хавдрын эрт илрүүлгийн төв” нээгдлээ

Архангай аймгийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хорт хавдрын эрт илрүүлгийг нэмэгдүүлж, хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготойгоор “Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийг барьж ашиглалтад оруулсан бөгөөд өнөөдөр(2022.03.01) нээлтээ хийлээ. Ийнхүү 21 аймгаас Архангай аймаг анх удаа ийм төвтэй болж байгаа юм.

“Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийн нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, тус ажлыг санаачлагч, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа болон Эрүүл мэндийн яамны төлөөлөл, аймгийн эрүүл мэндийн салбарынхан оролцлоо.

Сүүлийн 5 жилд Архангай аймгийн хүн амын нас баралтын 2 дугаар шалтгаан нь хорт хавдар байгаагаас элэгний хавдрын шалтгаант нас баралт нийт хавдрын шалтгаант нас баралтын 50 орчим хувийг эзэлж буй судалгаа гарсан юм. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилгаар “Элэгний эмгэггүй Архангай” төслийг 2016-2018 онд хэрэгжүүлж, 40-64 насны иргэдийн 83,3 хувийг элэгний С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулж, элэгний С вирусийн халдвар илэрсэн 2500 гаруй иргэдийн 95 хувийг сайн дурын үндсэн дээр үнэгүй эмчилгээнд хамруулж, 99 хувь эрүүлжүүлсэн.

Тус төслийн хүрээнд элэгний хавдрын 60 тохиолдлыг эрт илрүүлж, ХСҮТ-д илгээж эмчилгээнд шуурхай хамруулан хожимдол, ноцтой хүндрэлээс сэргийлэн амь насыг аварсан юм. Тус “Элэгний эмгэггүй Архангай” төслийн үр дүнг танилцуулах уулзалтаар “Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийг байгуулах шийдэлд хүрч, холбогдох бэлтгэлийг шат дараатай хангав.

“Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийн барилгыг улсын төсвийн санхүүжилтээр 500 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр шийдвэрлэн, 2019-2020 онд Гурвантамир ХХК барилгын ажлыг гүйцэтгэж, 2020 оны 11 дүгээр сард ашиглалтад хүлээн авсан юм.

Эрт илрүүлгийн төвд ажиллах хүнийг нөөцийг салбарын хүний нөөцийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтөнд тусган 2020 оноос эхлэн сургалт эрхлэгч мэргэжлийн байгууллагуудад үе шаттайгаар эмч мэргэжилтнүүдээ сургаж байна. Үүнд хавдрын нарийн мэргэжлийн эмчийг 2,5 жилээр, эмэгтэйчүүдийн хавдрын эмч, дурангийн эмч, дүрс оношлогооны эмч, хавдар бүртгэгч зэрэг мэргэжилтнүүдийг тус тус бэлтгэн үе шаттайгаар сургаж дадлагажуулаад байна.

Эрт илрүүлгийн төвд хийх 6 төрлийн хорт хавдрын эрт илрүүлгийг хийх арга, аргачлалын талаар Хавдар судлалын үндэсний төвийн удирдлага, мэргэжлийн эмч нарын багийг урьж авчран уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж оношлуур, илрүүлэг хийх аргачлалаа хэлэлцэн тогтоод байна.

ШИНЭ МЭДЭЭ