С.Мөнхбат: “Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталсан
Монголын шинжлэх ухааны салбарын ололт амжилтыг тоочвол тоймгүй их. Гэсэн хэдий ч бид шинжлэх ухаан, технологийн хөгжлөөрөө дэлхий дахинд төдийгүй бүс нутагтаа хоцорч яваа гэдэгтэй маргах хүн үгүй. Тиймээс дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн ололт амжилттай хөл нийлүүлэн алхах цаг үе хэдийд вэ? гэдэг асуултад хариулт авахаар БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга доктор, дэд профессор С.Мөнхбаттай ярилцлаа.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Төр засгийн зүгээс 2016-2020 онд шинжлэх ухаан, технологийн салбарт ямар бодлого баримталж ирэв. Ямар ажил хийж, хэрэгжүүлсэн талаар ярилцлагаа эхлүүлье.
-Дөрвөн жилийн хугацааны бодлого, бодлогын хэрэгжилт гэвэл нэлээд их зүйл ярих шаардлагатай болно. Тэгэхээр хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудын талаар ярих нь илүү тохиромжтой болов уу. 2016-2020 онд Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт хөгжлийн томоохон ахиц, дэвшил гарсан он жилүүд байсан гэж хэлж болно. 2016-2020 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Шинжлэх ухаан, технологийн салбарт хийж хэрэгжүүлэх томоохон хэд хэдэн ажил тусгагдсан байдаг юм. Ажлуудын хэрэгжилт үндсэндээ маш сайн байгаа. Тоймлоод онцлох гол арван ажлын талаар ярья.
Нэгдүгээрт хууль эрхзүй, бодлогын орчны шинэчлэлүүд маш сайн хийгдлээ. Тухайлбал, Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдээд батлагдсан. Одоо УИХ дээр Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөөс гадна Шинжлэх ухааны академийн эрхзүйн байдлын тухай хууль хэлэлцэгдээд явж байна. Мөн Шинжлэх ухааны паркийн тухай хуулийн үзэл баримтлал нь боловсрогдоод Засгийн газарт өргөн баригдахад бэлэн болж байна. Хууль, эрхзүйн хүрээнд ийм бодлогууд гараад явж байна.
-Дээрх хуулиудын нэмэлт өөрчлөлтийн гол үзэл санаа болоод ямар үр дүн авчрах талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Шинжлэх ухаан, технологийн тухай хууль батлагдвал энэ салбарт тэр дундаа судалгаа хөгжүүлэлтийн ажилд оролцож буй Эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт, менежментийг сайжруулах, таатай эрхзүйн орчныг бүрдүүлэх, эрдэм шинжилгээний ажилтан, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлд томоохон ахиц, дэвшлүүд гарна.
Түүгээр ч зогсохгүй эрдэм шинжилгээний ажилтнууд маань тэтгэвэрт гарахдаа 36 сартай тэнцэх тэтгэмж авдаг болох юм. Мөн шинжлэх ухааны байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн статус чиг үүрэг, суурь судалгааны чиглэлийг нь тодорхой болгож судалгааны үндсэн чиглэлд нь төрийн дэмжлэг үзүүлэх зэрэг томоохон зохицуулалт орсон байгаа.
Харин Инновацийн хууль батлагдаж гарснаар инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэ мэдлэг патентыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төр хувийн хэвшлийн түншлэл, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэнэ. Дээрээс нь инноваци, шинэ мэдлэг, патент бүтээж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачид гарааны компани байгуулж, түүгээрээ дамжуулж бизнес, эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломж нөхцөл бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгож ажиллах боломжуудыг нээж өгсөн давуу талтай.
2016-2020 онд бид хууль, бодлого, эрхзүйн орчныг сайжруулахаас гадна үндэсний хэмжээний хэд хэдэн бодлого, хөтөлбөрүүдийг Засгийн газраар батлууллаа.
-Та сая үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрүүд гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-“Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого”, “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”, “Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр” гэсэн таван том хөтөлбөрийг батлуулсан.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 295 дугаар тогтоолоор "Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого"-ыг баталсан. Уг бодлогын баримт бичиг батлагдсанаар шинжлэх ухаан, технологийн салбарын удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тодорхойлох эрх зүйн үндсийг бүрдүүлж, шинжлэх ухаан технологийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, судалгаа хөгжүүлэлтийн үр дүнд бий болсон оюуны болон материаллаг нөөцийг бүрэн ашиглах, улмаар зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц өрсөлдөх чадварыг бий болгох замаар хөгжлийн шинэ шатанд гарах нөхцөлийг бүрдүүлсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 233 дугаар тогтоолоор “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Уг бодлогыг хэрэгжүүлснээр инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх хууль эрх зүйн орчин сайжрах, эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх салбарын дэд бүтэц бий болох, тэргүүлэх салбарт хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх, инноваци, өндөр технологийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн чанар хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх дотоодын брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, инновацийн үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх нөхцөл бүрдэнэ.
Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг тасралтгүй, тогтвортой хөгжүүлэх, мэргэшүүлэх, чадавхыг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2019 онд баталлаа. Тус хөтөлбөрийг 2023 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийн хөгжлийг хэмжих, үнэлэх, хүний нөөцийг бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх, мэргэшүүлэх, чадавхыг бэхжүүлэх тогтолцоог бүрдүүлнэ. Мөн хилийн чанадад ажиллаж байгаа Монголын болон гадаадын эрдэмтэн судлаачдыг урьж ажиллуулах, эрдэмтэн солилцоог дэмжих, төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын дэргэдэх гарааны компанийн ажилтнуудыг чадавхжуулах, шинжлэх ухаан, технологийн салбарын ажилтан, албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг дэмжихэд чухал алхам болно.
Монгол Улсын Засгийн газрын 98 дугаар тогтоолоор “Монгол судлалыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улс дэлхийн монгол судлалын төв байх байр сууриа баталгаажуулах, монгол судлалаар дамжуулж улс орноо гадаад ертөнцөд зөв таниулах, судалгааны цар хүрээг тэлэх, хүний нөөцийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой бөгөөд судалгааны чанарыг сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад орнууд дахь төвүүдийг дэмжих, үндэстний дархлааг бэхжүүлэх таатай нөхцөл бүрдэнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 33 дугаар тогтоолоор “Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөр хэрэгжсэнээр эдийн засаг, нийгмийн тэргүүлэх салбарт үндэсний инновацийн тогтолцооны суурь бүтэц бий болох, инновацийн тэргүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи, судалгаа хөгжүүлэлт нэмэгдэх, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа хөгжих зэрэг эерэг үр дүн гарна.
-Ерөнхийдөө шинэ мэдлэг, патент бүтээх гэдэг асуудал хувийн хэвшлийн нуруун дээр явж ирсэн гэхэд дэгсдүүлсэн болохгүй байх. Одоо бол төр бодлогоор дэмжээд явах нь гэж ойлгож болох уу?
-Төрөөс инновацийн үйл ажиллагааг дэмжих чиглэлд санхүүгийн болон бодлогын дэмжлэг үзүүлэх цаг нь болсон. Тав, арван жилийн өмнөхтэй харьцуулахад шинэ мэдлэг, патент бүтээх үйл явц улам бүр эрчимжиж байна. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хөнгөвчлөх, мэдээллийн технологид суурилсан үйлчилгээ, үйлдвэрлэлийн олон хэлбэрүүдийг бий болгохыг зорьж байна. Энэ бүхэн үйлчилгээг иргэнд шууд, чирэгдэлгүй өгч байгаа инноваци шүү дээ. Эдгээрийг бий болгоход төр нь ч, хувийн хэвшил нь ч дэмжиж, эрдэм шинжилгээний байгууллагууд нь идэвх санаачилгатай ажилламаар байгаа юм.
Тийм учраас бид Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, их дээд сургуулиудын дэргэд гарааны компани, инкубатор, технологи дамжуулах төвүүдийг байгуулж ажиллуулах чиглэлд анхаарч байна. Дэргэдээ гарааны компани бойжуулж, хөгжүүлж байгаа эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудыг бодлогоор дэмжиж ажиллах шаардлага байна.
Саяхан Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Тодруулбал, инновацийн үйл ажиллагаа хийж байгаа гарааны компаниуд, энэ чиглэлээр шинэ мэдлэг, бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож байгаа эрдэмтэн судлаачдын судалгаа хөгжүүлэлтийн ажлыг дэмжих чиглэлд тусгай сангийн төсвийн зарцуулалтыг чиглүүлэх зохицуулалтуудыг өргөжүүлж өгсөн. Тиймээс шинжлэх ухаан, технологи, инновацийн талаар төрөөс баримталж буй бодлого амьдралд хэрэгжих, таатай нөхцөл бүрдэж байна гэж үзэж байгаа.
-Өнөөдөр бодит амьдрал дээр шинжлэх ухаан, технологийн салбарынхан бодитой, дорвитой юу хийж бүтээж байна вэ? гэдэг нийгмийн шүүмжлэл бий. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Үнэндээ бид төрөөс дэмжиж байгаа дэмжлэгийн хүрээнд чамгүй ажиллаж байгаа гэж хэлж болно. Бусад салбартай харьцуулахад шинжлэх ухаан, технологийн салбарыг дэмжиж байгаа төрийн дэмжлэг тийм ч сайн биш байна. Гэхдээ шинжлэх ухаан, дээд боловсролын салбарынхан маань санхүүжүүлж байгаа үр дүнтэй нь харьцуулахад судалгаа, боловсруулалтын ажил, үр дүн нь чамлахааргүй байгаа гэдгийг хэлье.
-Хүмүүс бол шууд үр дүн л шаарддаг?
-Дэлхий нийтийн шинжлэх ухааны өнөөдрийн хөгжлийн чиг хандлага урд өмнө нь явж ирсэн маш олон арван жилийн судалгааны үр дүн юм шүү дээ. Энэ онцлог шаардлагыг хаа, хаанаа ойлгох хэрэгтэй байгаа юм. Шинжлэх ухааны салбарын нэг онцлог нь судалгаа боловсруулалтын ажлын явцад гарсан үр дүн өнөөдөр ч гарч болно, хэдэн жилийн дараа ч гарч магадгүй. Гарахгүй байх ч магадлалтай. Энэ нь өөрөө шинжлэх ухааны салбарын онцлог.
-Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр 2019 онд батлагдсан байх аа. Ингэхэд энэ салбарт өнөөдөр хичнээн хүн ажиллаж байна вэ?
-Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийн гол зорилго бол шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг тасралтгүй хөгжүүлэх, тогтвортой ажиллуулах, мэргэшүүлэх, чадавхжуулах, бэхжүүлэх. Манай салбарт 4500 орчим хүн ажиллаж байна. Боловсролын болон бусад салбартай харьцуулахад хүний тоо нь бага. Гэхдээ эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа ажлын цагаа 100 хувь зарцуулж байгаа нь 1800-2000. Хүн амтайгаа харьцуулахад энэ нь дэлхийн дунджаас хэд дахин доогуур үзүүлэлт.
Тиймээс судлаачдынхаа тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тэр хэрээр чанартай судалгаа, бүтээлээс гадна дэлхийд өрсөлдөх чадамж нэмэгдэнэ. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж монголчууд маань ярьдаг. Үүнтэй адил өндөр мэдлэг, чадвартай судлаачдын тоог нэмэгдүүлснээр шинжлэх ухаан, технологийн салбарын бүтээмж, потенциал бодитойгоор нэмэгдэнэ гэсэн үг.
-Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшсэн эрдэмтэн, судлаачдаа ажиллуулах боломж, нөхцөл манайд ямар байгаа вэ?
-Яг үнэндээ гадаадад ажиллаж, амьдарч байгаа чадварлаг судлаачдаа шинжлэх ухаан, технологийн судалгаа хөгжүүлэлтийн ажилдаа татан оролцуулж чадахгүй байна. Тийм боломж нь ч хомс байна. Хөгжингүй орнуудад суралцаж, ажиллаж буй эрдэмтдийн нэлээдгүй хувь нь төгссөн орныхоо өндөр технологийн лаборатори, их дээд сургуулиудад ажиллаж байна. Энэ нь тэдний буруу биш. Монголдоо ирээд ажиллах орчин, авах цалин нь юу билээ. Цаашид энэ чиглэлд бид бодлого, хөтөлбөр гаргаж ажиллах шаардлага бий гэж үзэж байгаа. Гадаадад байгаа чадварлаг эрдэмтдээ аль болох татах бодлого барих ёстой. Гаднаас Монголынхоо судалгаа, хөгжүүлэлтийн ажилд оролцоод явах боломжийг нь бий болгох, гадаадад байгаа эрдэмтдээ бүртгэлжүүлэх гээд тодорхой ажлуудыг хийж эхлээд байна.
Юуны урьд эрдэмтдийн хамтын ажиллагааг өрнүүлэхэд чиглэсэн бодлогын орчин, дэд бүтцийг бий болгоход анхаарах нь зөв гэж үзэж байгаа. Хамтын ажиллагааны үндсэн хэлбэр бол хамтарсан судалгаа. Үүнийг нь дэмжин ажиллаж байгаа. Дэд бүтцийн хувьд салбар дундын хамтарсан нээлттэй лабораториудыг бий болгох замаар ажиллах, судалгаа хийх орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч байна.
-Салбар дундын лаборатори нээж өгвөл тэдний хамтын ажиллагаа өрнөнө гэлээ. Ийм боломж бололцоо хэдийд бүрдэх бол?
-Салбар дундын нээлттэй лабораторийн барилга байгууламжуудыг бариад явж байна. Гүйцэтгэл нь 95 хувьтай байгаа. 2020 оны эхний хагаст багтаагаад ашиглалтад оруулчихвал тэнд нээлттэй лабораториудыг байгуулж эхэлнэ.
Мөн их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд дээр байгуулагдсан дэлхийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан лабораториудыг нээлттэй болгож ажиллуулах дүрэм, журмыг боловсруулах ажил хийгдэж байна.
-Сүүлийн жилүүдэд тэр дундаа өнгөрсөн 2019 оны шинжлэх ухааны салбарынхны хувьд онцлог жил боллоо гэж дүгнэж болохоор байгаа юм. Олон үйл явдал, төрийн бодлого шийдвэрүүд гарсан он жил байсан гэж салбарын эрдэмтэд сэтгэл өөдрөг байгаа санагдсан.
-Тиймээ бид өнгөрсөн оны есдүгээр сард Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлаа хийлээ. Монголын шинжлэх ухааны түүхэнд анх удаа хийсэн их хурал. Олон жилийн түүхтэй шинжлэх ухааны салбарынхан нийтээрээ цуглаж, салбарынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж байгаагүй юм билээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэмжлэг, ивээл доор зохион байгуулсан. Энэ хурлаас шинжлэх ухаан, технологийн салбарын ойрын тав, арван жилийн хөгжлийн зорилтыг тодорхойлсон. Эрдэмтэд маань ч гэсэн санал, шүүмжээ хэлсэн. Их хурлаас УИХ, Засгийн газар, эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургууль, эрдэмтэн судлаачдад хандсан уриалга, зөвлөмж гаргасан.
Энэхүү зөвлөмжийг үндэслэж Монгол Улсын Засгийн газраас “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, зарим арга хэмжээний тухай” 379 дүгээр тогтоолыг гаргасан. Энэ тогтоолд судалгаа хөгжүүлэлтийн орчныг сайжруулах, эрдэм шинжилгээний байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, эрдэмтэн судлаачдын бүтээлийг урамшуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухаан, технологийн сангийн менежментийг сайжруулах, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборыг барих зэрэг томоохон асуудлуудыг шийдсэн шийдвэр гарсан. Энэ бол Монголын шинжлэх ухааны түүхэнд бичигдэх чухал шийдвэр болсон.
-Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн цогцолбор баригдана гэж байсан. Энэ ажил ямар шатандаа явна вэ?
-Эрдэм шинжилгээний байгууллагуудыг олон улсын жишигт нийцсэн барилга байгууламж, лабораторийн орчин, нөхцөл бүхий дэд бүтцийг бий болгох зорилгоор “Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластер”-ийг байгуулах ажлыг 2020 оноос эхлүүллээ. “Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластер”-ийн барилга нь судалгааны лаборатори, ургамлын болон олдворын сан хөмрөг, Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цогцолбор, спорт цогцолбор, оффисын зориулалт бүхий 74’000 м2 ашиглалтын талбайтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд 2022 онд ашиглалтад хүлээлгэн өгөх болно.
Мөн Мал эмнэлгийн хүрээлэнгийн лабораторийн шинэ барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэн барьж, 2017 онд ашиглалтад оруулсан. Тус лаборатори нь сургалт, судалгаа хосолсон, олон улсын түвшинд судалгаа хийх зориулалт бүхий био-аюулгүй байдлын 1, 2 дугаар зэрэглэлд нийцсэн төдийгүй лабораторийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж, малын болон малаас хүнд халдварладаг халдварт өвчнийг оношлох лавлагаа лабораториудын суурь тавигдсан.
-Өнөөдөр эрдэмтэн, судлаачдын цалин хөлс ямархуу байгаа вэ. Тэдэнд төрөөс үзүүлж байгаа ямар дэмжлэгүүд байна?
-Эрдэмтэн, судлаачдын цалин, урамшуулал 2016-2020 оны хооронд нэлээдгүй нэмэгдсэн. Өмнө нь 600-700 мянган төгрөгийн цалин авдаг байсан бол өнөөдөр эрдэм шинжилгээний ажилтны дундаж цалин 1 сая гараад явчихсан. Дээр нь Засгийн газрын тогтоолын дагуу ур чадварын нэмэгдэл олгоно. Дүрэм, журмыг нь боловсруулж байна.
-Судалгаа хөгжүүлэлтийн ажилд зарцуулах зардал ямар байна вэ?
-Судалгаа боловсруулалтын зардалд сүүлийн хоёр жил 12 тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ нь ДНБ-ий 0,14% гэсэн үг. Тиймээс эхний ээлжинд 0,5 хувьд хүргэе. 2025 он гэхэд ДНБ-ий 1 % хүргэе гэсэн зорилт тавин ажиллаж байна. Төр бодлогоор дорвитой дэмжээд өгвөл шинжлэх ухаан, технологийн салбарын ирээдүйн хөгжил өнгөтэй, өөдтэй болохоос гадна улс орныхоо нийгэм эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж чадах боломж бүрэн байна.
-Монгол судлалын үндэсний хөтөлбөр батлагдсан байгаа. Энэ талаар?
-Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улс Монгол судлалын төв байх байр сууриа баталгаажуулсан. Гадаад оронд улс орноо зөв таниулах, судалгааны цар хүрээг тэлэх, хүний нөөцийг бэлтгэхэд онцгой ахиц гарсан гэж үзэж байгаа. Үнэнийг хэлэхэд Монгол судлалын төв бол Монгол л байх ёстой. Гэхдээ бид Монгол Улс Монгол судлалын төв гээд суугаад байх биш дэлхий дахинд монгол судлалыг хөгжүүлж, таниулж, сурталчилж байж дархлаагаа бий болгох учиртай. Тэгэхээр Монгол судлал бол дэлхийд Монголыг таниулах нэг том суваг гэж ойлгож болно. Тийм учраас Засгийн газраас Монгол судлалыг анхааралдаа авч тусгай хөтөлбөр гаргаж баталсан.
-Түрүүн төрөөс эрдэмтэн, судлаачдад олгодог дэмжлэгийн талаар цухас дурдаад өнгөрсөн. Энэ талаар жаахан дэлгэрүүлж яривал?
-Сүүлийн үед шинжлэх ухаан, технологийн салбарт хийгдэж байгаа нэг томоохон ажил бол шилдэг судлаач, эрдэмтэн, эрдэмтдийн багийг дэмжих дэмжлэгийг бий болгох. Энэ чиглэлд шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг бий болгосон. Салбартаа томоохон нээлт, судалгааны үр дүнгээрээ нийгэм эдийн засагт нөлөө үзүүлэхүйц үр дүн гаргасан эрдэмтдээ шагнаж урамшуулж ирсэн. 2019 онд зургаа дахь шагналтнаа тодруулсан. Мал, эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан ШУ-ы гавьяат зүтгэлтэн Бямбаа “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлээрээ хүртсэн.
БНХАУ-тай шинжлэх ухаан, технологийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж байна.
Мөн хоёр жилийн өмнөөс оны шилдэг инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шалгаруулж Засгийн газрын шагналыг олгодог болсон. Инновацийн шилдэг бүтээгдэхүүний анхны шагналыг Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг малын шимэгч хорхойг устгадаг бүтээгдэхүүнээр, үйлчилгээний инновацийн шилдгээр “Ай түүлс” компанийн биг дата сервис шалгарсан.
Цаашдаа эрдэмтэн, судлаачдаа урамшуулах, тэдний бүтээлийг үнэлэх тогтолцоог бий болгоход анхааран ажиллаж байна. Web of Science-д бүртгэлтэй, импакт фактор өндөртэй сэтгүүлд эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнгээ хэвлүүлж дэлхийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулж буй эрдэмтдээ бид урамшуулдаг байх ёстой гэж Засгийн газар үзэж шийдвэр гаргасан. Дүрэм, журмыг нь боловсруулж байна.
-Энэ салбарын гадаад хамтын ажиллагааны цар хүрээ өнөөдөр ямар байна вэ. Цаашдын хөгжлийг гадаад харилцаагүйгээр төсөөлөх аргагүй?
-Шинжлэх ухаан, технологийн салбарын гадаад харилцаа 2016-2020 онд эрчимтэй өргөжиж, хөгжсөн. Нэн ялангуяа хоёр хөрштэйгөө хамтарч ажиллаж ирсэн түүхэн уламжлалт харилцаа сэргэж, эрчимжсэн жилүүд гэж үзэж болно. ОХУ-ын суурь судалгааны сан, Шинжлэх ухаан дээд боловсролын яамтай харилцах харилцаа хөгжлийн шинэ шатанд гарсан гэж дүгнэж байгаа. Хоёр орны их дээд сургуулиуд, шинжлэх ухааны байгууллагуудын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа, хамтарсан судалгааны ажлууд өргөжин тэлж, шинээр судалгааны томоохон төслүүдийг эхлүүлээд байна. Одоогийн байдлаар ОХУ-тай 35 хамтарсан судалгааны төсөл хэрэгжиж байна.
2019 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч манай улсад айлчиллаа. Энэ хүрээнд хоёр орны Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагаа цаашдын зорилтоо тодорхойлсон. Мөн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ОХУ-д айлчлахдаа ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайдтай нь албан ёсны уулзалт, хэлэлцээр хийж оюутан солилцоог өргөжүүлэх, Монголоос ОХУ-д суралцах оюутны тоог нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Суурь судалгааны чиглэлээр эрдэмтдийн хамтарсан судалгааг дэмжиж өргөжүүлье, Оросын талаас өгдөг санхүүжилтийг нэмэгдүүлэх шийдвэрийг хамтран гаргасан.
Харин БНХАУ-тай шинжлэх ухаан, технологийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар 15 хамтарсан төсөл хэрэгжиж байна. Мөн Хятадад суралцах оюутнуудын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. 100 хувийн тэтгэлгээр суралцаж байна. Цаашлаад бид гуравдагч хөрш АНУ, Европын холбооны улс, Япон, Солонгостой харилцах харилцаагаа өргөжүүлэх, хүний нөөцөө бэлтгэх, техник, технологийн ололт амжилтыг нь нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.
2016-2020 он шинжлэх ухаан, технологийн салбарт өмнөх жилүүдэд гараагүй томоохон ололт, амжилтуудыг бий болгосон он жилүүд байлаа гэж дүгнэж хэлье. Төрөөс гаргасан бодлого, шийдвэрүүд, хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээнүүд, цаашид гарах үр дүнгийн хувьд ч ололт амжилтыг дагуулсан он жилүүд байж чадлаа.