Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын нээлттэй сонсгол зохион байгуулна
2022.02.15
Эдийн засаг, Худалдаа

Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын нээлттэй сонсгол зохион байгуулна

Хөгжлийн банканд үүссэн асуудлаар Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан сэтгүүлчдийн төлөөлөл болон Хөгжлийн банкны асуудлыг хариуцсан Ажлын багийн гишүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хүлээн авч уулзан, санал солилцож, ажлын багт тодорхой үүрэг чиглэл өглөө.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын багийг УИХ-ын даргын захирамжаар энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдөр байгуулсан. Ажлын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, гишүүдэд Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нарын гишүүн ажиллаж буй юм. УИХ-аас байгуулсан ажлын баг энэ сарын 17-нд эхний дүгнэлтээ танилцуулах бол 21-нд эцсийн дүгнэлтээ гаргах аж.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, “Энэ бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлууд. 2015 онд УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлт гарч байсан. 2018 онд ЗГХЭГ-ын Хяналт шалгалтын удирдамж баталсан. Хөгжлийн банканд 2019 онд Аудитын газар, ЗГХЭГ-аас шалгалт хийж, 2020 онд Сангийн яам, 2021 онд Монгол банк шалгаж, дүгнэлтээ эцэслэж, 10 жилийн турш ярьж байсан боловч одоо олны дэмжлэг авч нэлээн чухал асуудал болж байна. Олон талын хамтын ажиллагаа, та бүхний хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдрийн байдлаар 50 гаруй тэрбум төгрөгийн өр төлөгдсөн байна. Нэгдүгээр улиралдаа багтаад 200 гаруй тэрбум төгрөг төлөгдөхөөр график, төлөвлөгөө хийгдээд, амлалт үүрэг аваад ажиллаж байгаа юм байна.

Хууль хяналтын байгууллагаар АТГ-т 10, Эрүүгийн Цагдаагийн газарт 3, Дүүргийн цагдаагийн газарт 2, шүүхэд 25, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт 8, хяналтын шатанд 6 хэрэг шалгагдаж байна. Ажлын багийн дүгнэлт гарсны дараа байнгын хороо хуралдаад Нээлттэй сонсгол зохион байгуулах чиглэлийг нэгдүгээр сарын 31-ний өдрийн захирамжаар ажлын багт чиглэл болгосон" гэдгийг онцлов.

Уулзалтад оролцсон сэтгүүлчид энэ үеэр Нээлттэй хэлэлцүүлгээр яригдсан асуудлын талаар нэгдсэн мэдээлэл өгөхийн зэрэгцээ сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар, "Хөгжлийн банканд үүссэн асуудлаар хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэхийн зэрэгцээ асуудлыг хар цагаанаар нь ялгах шаардлагатай. Ном журмаар нь зээл аваад зориулалтын дагуу ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг хэлмэгдүүлж болохгүй. Харин зээлийг зориулалт бусаар ашигласан, улс төрийн хамааралтай хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой" гэсэн байр сууриа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ