Шинжлэх ухааны салбарын удирдах ажилтны зөвлөгөөн үргэлжилж байна
2022.02.10
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Шинжлэх ухааны салбарын удирдах ажилтны зөвлөгөөн үргэлжилж байна

Шинжлэх ухаан, технологийн салбарын шинэчлэл 2022 онд хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцэхээр салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн үргэлжилж байна.

Зөвлөгөөнөөр эрх зүйн орчныг сайжруулан шинэчлэх, шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх, шинжлэх ухааны салбарын үнэт капитал болох хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэн, ажиллах нөхцөлийг сайжруулах, салбарын ажилтнуудын цалин, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээний ажлын уялдааг хангах, практик үр дүнг дээшлүүлэх, салбарын зөөлөн болон хатуу дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг таван үндсэн чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байгаагаа танилцууллаа.

Мөн БШУЯ-наас дараах зорилтуудыг бодит ажил болгох бодлого, шийдвэрийг үе шаттайгаар гарган ажиллаж байна. Үүнд:

  • Шинжлэх ухаан, технологи, инновацын судалгаа, шинжилгээний чиглэлийг оновчтой болгон судлаачийн чадавхыг дээшлүүлж, эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах төсвийн зардлыг 4 дахин нэмэгдүүлэх
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эдийн засаг, нийгмийн хөгжилд өгч байгаа үр өгөөжийг шалгуур болгон санхүүжүүлдэг өрсөлдөөнт болон тогтмол санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлэх
  • Нэгдсэн, төрөлжсөн, нээлттэй лабораторийг байгуулан салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг ажлууд багтаж байна.

Энэ онд шинжлэх ухааны салбарт гарсан томоохон шийдвэрүүдээс танилцуулбал:

  • Засгийн газрын 24 дүгээр тогтоолоор “Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн”-ийг шинэчлэн батлуулсан.
  • “Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн” шинэчлэн батлагдаж, хуулиар тогтоосон чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн.
  • Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолоор аймаг нийслэлийн Боловсролын газрыг “Боловсрол шинжлэх ухааны газар” болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэрийг гаргуулж, орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх хууль тогтоомж, бодлого шийдвэр хэрэгжих, шинжлэх ухаан-сургалт, судалгаа-үйлдвэрлэлийг хослуулах суурийг тавьсан.
  • Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборыг барих 94 тэрбум төгрөгийн төсвийг 48 тэрбумаар нэмэгдүүлж, 142 тэрбум болгох шийдвэрийг батлуулаад байна.

ШИНЭ МЭДЭЭ