МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баярсайхан: Ямар ч байгууллагын үйл ажиллагааны үндсэн бодлого нь хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэх ёстой
2022.02.07
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Баярсайхан: Ямар ч байгууллагын үйл ажиллагааны үндсэн бодлого нь хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэх ёстой

УИХ-ын гишүүн Б.Баярсайхантай ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулган өнгөрсөн долоо хоногт өндөрлөлөө. Энэ удаагийн чуулганы үеэр та ямар асуудалд түлхүү анхаарч ажиллав?

-УИХ-ын намрын чуулган төлөвлөсөн хуулиудаа хэлэлцэж батлахын зэрэгцээ ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойгоо тэмдэглэлээ. Миний хувьд чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанд таслалгүй бүрэн оролцдог гишүүдийн нэг. Энэ удаагийн намрын чуулганаар хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг сайжруулах тал дээр онцгой анхаарч, хүүхэд хамгааллын төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хяналт тавих чиглэлд Засгийн газар, хэрэгжүүлэгч агентлаг, яамтай хамтарч ажиллалаа. Цар тахлын үед хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил манай улсын төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлын нэг болж байна.

Харамсалтай нь, энэ хугацаанд дэлхий дахинд хүүхдийн хүчирхийлэл хоёр дахин нэмэгдсэн судалгааны дүн хүн бүхний сэтгэлийг түгшээж байна. Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл цар тахлын үед нэмэгдэхээс гадна, хүчирхийлэлд өртөж байгаа иргэд хүчирхийлэгчийнхээ хажууд амьдарч байгаа учраас тэднийг онцгой анхаарч хамгаалах ёстойг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга анхааруулсан. Мөн бүх улсын Засгийн газарт хандаж уриалга гаргасан. Улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байгаа энэ үед “Чоно борооноор” гэдэгчлэн хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл нэмэгдэж байгааг зүгээр хараад сууж хэрхэвч болохгүй.

-Таны хувьд Хөдөлмөрийн тухай хуульд анх удаа хүүхэдтэй холбоотой зүйл заалт тусгуулахад нэлээд хичээж ажилласан. Хөдөлмөрийн тухай хуульд хүүхдийн эрхтэй холбоотой асуудлыг тусгах хэрэгцээ шаардлага юу байв. Мөн та МАН-ын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. МАН хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэл хийнэ гэсэн байгаа. Үүнд хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн чиглэлээр юу хийгдэх вэ?

-Миний бие МАН-ын 30 дахь Их хурлаар удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож хэд, хэдэн ажлын хэсэгт орон ажиллаж байна. Үүний нэг нь “Хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулах” ажлын хэсэг. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болон ирээдүйд батлагдах хуулийн төслүүдэд хүний эрхийг хамгаалах, ялангуяа хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн зүйл заалтуудыг оруулахаар ажиллаж байна. Үүний нэг жишээ бол энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дугаар зүйлд ажил олгогч буюу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага бүр хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлоготой байх саналыг оруулж тусгуулсан.

Энэ бол анх удаа Хөдөлмөрийн тухай хуульд хүүхдийн тухай орж байгаа зүйл заалт. Яагаад ийм зүйл заалт тусгуулах болсон бэ гэхээр сүүлийн хоёр жил хамтран ажилласан, судалж, хэрэгжүүлэх гэж оролдож байгаа Австралийн Засгийн газрын сайн туршлага бий. Хоёр жилийн өмнө Монгол Улсад зөвхөн гэртээ хүчирхийлүүлж, гэмтэж, бэртсэн цаашлаад амь нас нь хохирсон 25 мянган хүүхэд байсан бол, цар тахлын үед 35 мянга болж нэмэгдсэн байна. Үүнээс цар тахлаас үүдэн сургууль, цэцэрлэг, дотуур байрны үйл ажиллагаа хаагдах хүртэл төр хүүхдүүдээ хамгаалдаг байсан нь харагдаж байна. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны орчинд хүүхэд гэмтэж бэртвэл багш нар хариуцлагаа хүлээдэг. Тэгвэл дээр дурдсан ямар нэгэн байдлаар хохирч, хүчирхийлүүлж байгаа 35 мянган хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчдад ямар ч хариуцлага хүлээлгэдэггүй. Хэдийгээр хүүхдийн эцэг, эх байх эрхээс татгалзуулах талаар хуульд заасан боловч бодит амьдралд хэрэгждэггүй. Тиймээс хүүхдийг үл хайхрах, хүчирхийлэх, эрсдэлт орчинд амьдарч буй хүүхдүүдийн талаар нарийвчилсан судалгаа хийж, эцэг эхчүүдийн хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх учиртай.

Одоогийн хүүхэд багачууд эх орныхоо ирээдүйг мөрөн дээрээ үүрээд явах учраас өөртөө итгэлтэй, үзэл бодолдоо үнэнч, ямар нэгэн гомдол шаналалгүй, хүчирхийллээс ангид, аз жаргалтай орчинд өсгөх нь төр засгийн болоод эцэг эхчүүдийн үүрэг. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд дээрх зүйл заалтыг тусгаснаар ажил олгогч нь ажилтныхаа ар гэрийн нөхцөл байдлыг мэдэж, анхаарахад илүү дөхөм болох юм. Магадгүй тухайн ажилтан ганц бие ээж, аав, эсвэл олон хүүхэдтэй айл өрх юм уу, амьжиргааны түвшин ямар байна гэх мэтчилэн ажилтныхаа ар гэрийг мэддэг болсноор ажилтнаа илүү цагаар ажиллуулдаггүй, ар гэр, үр хүүхэд, хань, ижилтэйгээ хамт байх цагийг аль болох гаргаж өгөх боломж нөхцөлөөр хангаж өгнө гэдэгт итгэлтэй байна.

Мөн ажил олгогч нь хүүхэд хамгааллын бодлогоо хэрэгжүүлэх хүрээнд ажилтнууддаа хариуцлагатай, сайн аав ээж байх сургалтыг жилдээ 1-2 удаа зохион байгуулна. Австралийн туршлагаар ажилтнууд ажил олгогч буюу цалин өгч байгаа удирдлагынхаа үгийг илүү хүлээж хэрэгжүүлдэг нь туршилтаар нотлогдсон. Тиймээс хүүхдийн хүчирхийллийг буурлахад ажил олгогчоор дамжуулж эцэг эхийн хариуцлагыг дээшлүүлэх хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхээр энэ чухал саналыг оруулсан.

-Нэг талаас ажил олгогчдод ирэх ачаалал нэмэгдэх юм биш үү?

-Өнгөц харахад тэгж харагдаж байгаа боловч ар гэр, үр хүүхэд, хань ижилтэйгээ байх цаг заваар бүрэн хангагдсан ажилтны ажилдаа зарцуулах сэтгэл зүтгэл, ажлын бүтээмж өндөр байдаг. Мөн ажилтнаа ойлгож, дэмжиж урамшуулдаг удирдлагатай баг хамт олонд ажилладаг ажилтан тухайн компанидаа тогтвор суурьшилтай ажиллах бас том шалтгаан болж байдаг. Үүний үр дүн нь тухайн байгууллагын хүний нөөцийн бодлого тогтвортой, ажлын үр дүн өндөр байна. Үүнийг дагаад Монгол Улсын эдийн засагт өсч, нийгмийн уур амьсгал ч сайхан болно. Тийм учраас хүүхэд хамгаалах үйлсэд бүх ажил олгогчид санаа тавьж ажиллах юм бол 35 мянган хүүхэд бэртэж гэмтэж, хүчирхийлэлд өртөж байгаа тоо эрс багасч, цаашид энэ тоог тэглэх боломж бүрдэнэ. Мөн тус хуульд гишүүний хувиар оруулсан бас нэг чухал зүйл заалт бол ажлын байрны бэлгийн дарамтын зүйл заалтыг илүү нарийвчлан тусгуулсан.

Тухайлбал, “Ажил олгогч ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх үүрэгтэй” байхаар хуульд тусгасан. Нэг талаас ажил олгогчийн нөгөө талаас ажилтны үндсэн үүргүүдэд бэлгийн дарамтын эсрэг зүйл заалтууд орсноор бэлгийн дарамт, хүчирхийллийг үл тэвчих орчинг бүрдүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн ажлын байрны орчин гэж ямар орон зайг хамаарах талаар нилээн тодорхой тусгуулсан. Тиймээс энэхүү хуулийн төсөлд оруулсан саналуудынхаа хэрэгжилтийг бүрэн хангуулахыг зорьж ажиллаж байна.

.-Өнгөрсөн хугацаанд та дунд сургууль, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар шинэчлэх асуудлаар нэлээд хүчтэй дуугарч ирлээ. Энэ ажилд УИХ-аас хяналт тавих ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Сая чуулган завсарлахын өмнө салбарын сайдад ч хаяглан энэ асуудлаар шүүмжлэл хэлж байсан. Ер нь энэ ажлын явц хэр байгаа вэ?

-Хүүхэд хамгааллын асуудалд ариун цэврийн байгууламжийн асуудал нэн чухал. Энэ бол зөвхөн хүүхдийн эрх гэлтгүй хүний амьдралын хамгийн наад захын хэрэгцээ шаардлага юм. Ариун цэврийн байгууламжийн асуудлыг Засгийн газар хэрэгжүүлэхээр УИХ төсөв мөнгийг нь баталж, “Эрдэнэт” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэхээр болсон. Манай улсын эрс тэс уур амьсгалд хамгийн сайн тохирох шийдлийг олох гэж УИХ-аас уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулж миний бие ахалж ажиллаж байна. Сая чуулган завсарлахын өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны отгон хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, ажил сайжруулах байнгын хорооны тогтоол гарлаа. Шийдвэр нь гарсан, санхүүжилт нь тодорхой ийм чухал бүтээн байгуулалтыг маш чанартай гүйцэтгэх ёстой.

Өнгөрсөн жилийн УИХ-ын ажлын хэсэг сар бүр хуралдаж ажлыг шахаж байгаа ч төдийлөн сайн үр дүн гараагүй байгаа учраас салбарыг сайдыг энэ асуудалд онцгой анхаарахыг л хүссэн. Боловсрол шинжлэх ухааны яам, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлал яамны Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан дэд ажлын хэсэгт мэргэжлийн хяналтын байгууллага, барилгын хөгжлийн төв зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл ажиллаж байгаа. Тиймээс энэ ажлыг цаг хугацаа алдахгүйгээр богино хугацаанд, чанартай хийж гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Өнөөдөр модон жорлонгийн тоог илт багасгаж чадсан аймгууд бий. Тиймээс бусдынхаа хэрэгжүүлсэн сайн туршлагаас суралцаж, хөдөө орон нутагт модон жорлонгийн асуудлыг шийдэж чадвал хүүхдүүд маань эрүүл өсөн торниж, ая тухтай сурч боловсрох, амьдрах эрх нь хангагдах юм. Бидний хийсэн судалгаагаар орой, хүйтэн сэрүүнд жорлон явахаасаа халшраад уух шингэнээ багасгадаг тухайгаа хүүхдүүд ярьсан. Хүүхдүүдэд битгий хэл багш нар ч мөн энэ асуудал хүнд байдаг. Техник, технологийн 21 дүгээр зуунд хөдөө орон нутагт хүүхдүүд маань түмпэнд суугаад дээрээсээ ус гоожуулаад усанд орж байна. Энэ хөгжлийн хоцрогдлыг бид арилгах ёстой.

-Та дэлхийн жорлонгийн өдрөөр соёлын байгууллагууд, Ерөнхий боловсролын сургуулиуд, эмнэлэг гэх мэтчилэн хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллага бүр ариун цэврийн байгууламжаа түгжээтэй болгох асуудлаар уриалга гаргаж байсан шүү дээ. Уриалгад хэчнээн байгууллага нэгдэв?

-Хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний зарим байгууллагууд болон боловсролын байгууллагуудын ариун цэврийн байгууламж түгжээгүй, мөн суултуургүй хүйтэн паалантай байдаг. Ямар ч хүн түгжээгүй 00-д бие засах хэцүү. Хүйтэн паалан дээр суухгүйн тулд дээр нь гишгэж бие зассанаас гэмтэж бэртэж, хөл гараа зүссэн тохиолдол ч байна. Тиймээс дэлхийн жорлонгийн өдөр 21 аймаг, есөн дүүрэг, дөрвөн яаманд албан бичиг хүргүүлж уриалга гаргасан. 10 аймаг, хоёр яам тайлангаа ирүүлсэн байна. Арван аймгийн 219 сургууль, 99 цэцэрлэг, 71 дотуур байр ариун цэврийн байгууламжаа түгжээтэй болгосон байна. Нийслэлийн боловсролын газар удахгүй мэдээллээ ирүүлнэ. Энэ ажилд тийм их төсөв мөнгө шаардлагагүй. Зөвхөн удирдлага болон томчууд бидний ажлаа гэсэн, хүүхдээ гэсэн сэтгэл, хандлагын асуудал байгаа юм.

Миний бие Боловсрол шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Сургууль, цэцэрлэг, дотуур байрны орчны стандартыг баталсан. Энэ стандартын дагуу ажлаа сайжруулахыг л уриалсан. Энэхүү ганц удаагийн уриалгаар нийт 627 цоож цуурга, 507 угаалтуур шинээр хийж засварласан, 443 суултуур шинээр хийж засварласан, 51 жорлон шинээр барьсан, 21 гэрэлтүүлэг шинэчилсэн, 23 хаалга сольсон, тусгай хэрэгцээ хүүхдүүдэд зориулсан таван ширхэг ариун цэврийн байгууламж бий болгосон зэрэг нийт 100 сая төгрөгийн засварын шинэчлэл хийсэн зэрэг олон сайхан үр дүн гарсан байна. Хийе гэсэн сэтгэл байвал үр дүн гардгийн жишээ бол энэ. Бусад аймгууд ч удахгүй ирүүлнэ гэж итгэж байна.

-Төрөх тасгийн ариун цэврийн байгууламжтай холбоотой асуудлаар ЭМЯ-нд удаа дараа хандаж байсан. Гадаа ариун цэврийн байгууламжтай хөдөө орон нутгийн төрөх тасгийн ариун цэврийн байгууламжуудын нөхцөл байдал сайжирч байгаа юу?

-Нялх биетэй эхийн үйлчлүүлэх ариун цэврийн байгууламжид анхаарал хандуулах талаар салбарын сайд болон Эрүүл мэндийн яаманд удаа дараа хүсэлт гаргасан. Үүний үр дүнд гадаа жорлонтой 240 сумаас 30 сумын төрөх тасгийг дотроо жорлонтой болгохоор гурван тэрбум төгрөг энэ жилийн төсөвт суулгасан гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдсэн. Энэ бол бага боловч ахиц дэвшил. Хөдөө орон нутагт амьдардаг эмэгтэйчүүд төрхийн өмнөх гэдэс цэвэрлэгээ хийлгэсний дараа хувинд бие засч байгаа. Энэ бол маш хүнд асуудал. Давхар биетэй ээж битгий хэл, дан биетэй бидэнд хувинд бие засна гэдэг төсөөлөшгүй. Хүний эрх, хүүхдийн эрх, хэвлийд байгаа ургийн эрх гэх мэт олон асуудал ганцхан жорлонгийн асуудал дээр ингэж зөрчигдөж байна. Саяхан хөдөө орон нутагт жирэмсэн ээж гадаа жорлонд бие засах үедээ хүүхдээ унагаасан харамсалтай явдал гарсан. Тав тухтай жорлонгийн асуудал бол хүний эрх, хүүхдийн эрхийг хангах хамгийн үндсэн суурь асуудал бөгөөд үүнийг улсын хэмжээнд өөрчлөх цаг болсон.

-Эхийн хэвлийд байгаа хүүхдийн эрхийн асуудлаар ч бас дуу хоолойгоо хүргэсээр байгаа. Үр хөндөлт, тэр дундаа өсвөр насны охидын дунд үр хөндөлт нэлээд өссөн талаар статистик мэдээ байсан. Энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна?

-Хөгжингүй оронд эхийн хэвлийд байгаа хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад ихээхэн анхаардаг. Хэдийгээр энэ талаар ЭМЯ-наас гаргасан тодорхой журмууд байдаг боловч бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Тухайлбал, үр хөндүүлэхэд эмч нарын зөвлөгөөнөөр орж шийдвэр гарсны дараа үр хөндүүлэх тухай яригддаг боловч манай улсад үр хөндүүлэхтэй холбоотой асуудал замбараагаа алдсан.

Сүүлийн жилүүдэд төрөлт залуужиж, олон ээжүүд одонтой ээж болж байгаа сайхан жишээ олон бий. Гэтэл нөгөө талд харамсмаар статистик байна. Сүүлийн хоёр жилийн статистикийг аваад үзэхэд 2020 онд 75694 ээж төрсөн бол 14639 ээж үр хөндүүлсэн байна. 2021 онд 71116 ээж төрсөн бол 12043 ээж үр хөндүүлсэн статистик мэдээ байна. Хамгийн харамсалтай сэтгэл эмзэглүүлсэн асуудал бол 2021 онд үр хөндүүлсэн 12043 ээжийн 564 нь өсвөр насны охид байна. Охид бүсгүйчүүд хувийн эмнэлгийн үүдэнд дугаарлаж зогсож байгаад л үр хөндүүлдэг боллоо. Тиймээс хэвлийд байгаа хүүхдийн эрх, амь насыг хамгаалах асуудлаар ЭМЯ-нд санал хүргүүлсэн.

Үр хөндүүлэх асуудалд төр анхаарч, хэвлийд бойжиж байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалах ёстой. Өнгөрсөн хугацаанд хүний эрх, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд онцгой анхаарахаас гадна төрөөс үйлчилгээ авч байгаа иргэдийн эрхийн асуудалд мөн анхаарч ажиллалаа. Монгол Улсын иргэн бүр төрийн үйлчилгээг ямар нэгэн байдлаар ялгаварлагдахгүйгээр, хэн нэгнийг царайчлахгүйгээр цаашлаад авилга өгөхгүйгээр ижил тэгш авах эрхтэй. Миний бие төрийн албаны үйлчилгээг сайжруулж, хүнд сурталгүй, авилгагүй, ёс зүйтэй, чадварлаг төрийн албан хаагчдыг бэлтгэх, төрийн үйлчилгээг цэвэр тунгалаг, шударга шуурхай иргэдэд хүргэхэд анхааран ажиллаж байна. Цаашдаа ч тодорхой үр дүн гартал нь ажиллах болно.

-УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх, өргөн барихаар төлөвлөсөн ямар хуулийн төслүүд байгаа вэ?

-Цахим гадуурхлын асуудал ганц манай улсын хувьд биш дэлхийн нийтийн өмнө тулгамдаж буй хүнд асуудал болж байна. Цахим гадуурхалтад өртсөнөөр хүүхдүүд хичээл номондоо дургүй болохоос гадна, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэх, гэр орноосоо дайжиж, буруу хүмүүстэй нөхөрлөснөөр гэмт хэргийн ертөнц рүү хөл алдах, тэр ч бүү хэл амиа хорлох хүртэл эрсдэл бий болж байна.

Тиймээс цахим гадуурхалтад хүүхэд багачуудыг өртөхөөс сэргийлэх ажилд анхаарал хандуулахаас өөр аргагүй. Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, хүний эрхийг хамгаалах хуулийн төслийг өргөн барихаар судалгааны ажил дээр ажиллаж байна. Мөн хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн гишүүдтэйгээ хамтран Нийгмийн ажлын тухай хуулийг ирэх хаврын чуулганд өргөн барих гэж байна. Хүчирхийллийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед нийгмийн ажилтан мэргэжлийн байх, нийгмийн ажилтны тоог нэмэгдүүлэх нь нэн тэргүүний ажил болоод байна. Тиймээс нийгмийн ажилтны нэр хүнд, үнэ цэнийг өсгөх, цалин хангамжийг нь тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх ёстой.

Тухайн баг, хороо, сум, дүүрэг, айл өрх, хүүхэд нэг бүртэй тулж ажиллаж байгаа нийгмийн ажилтныг сэтгэлзүйн боловсролтой, мэргэжилдээ мэргэшсэн байхад уг хууль дөхөм болох учиртай. Аливаа төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдэд сэтгэлзүйн анхан шатны тусламж үзүүлж, харилцан ярилцаж, асуудлын учир зүйг олж шийдэхэд нийгмийн ажилтны үүрэг оролцоо асар их. Манай улсад одоогийн байдлаар 715 хамтарсан баг ажиллаж байна. Эдгээр хамтарсан багуудын ажлыг үр дүнтэй болгоход Нийгмийн ажлын тухай хууль өндөр үр нөлөө үзүүлэх юм. Энэ төрлийн хууль урьд өмнө нь батлагдаж байгаагүй. Анх удаа өргөн барих гэж байгаагаараа онцлог. Мөн хаврын чуулганаар хэлэлцэх Боловсролын багц хуулийн төслийг шинэчлэх ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаагийн хувьд багш ажилтнуудын саналыг тусгах, боловсролын чанар хүртээмж, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллана.

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Та иргэд, сонгогчдодоо хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Угтан ирж байгаа усан бар жилд хүн бүр эрүүл энх байж, улсын орны маань эдийн засаг сайжирч, хүний эрхийг дээдэлсэн, хөгжлийн түүхийг бичсэн сайхан жил байна гэж итгэж байна. Төр минь түвшин амгалан, түмэн олон минь сэтгэл амгалан, хүүхэд бүр аз жаргалаар дүүрэн, гэр бүл бүхэн халуун хайраар дүүрэн байх болтугай. Нийт монголчууддаа болон Завхан сайхан нутгийнхандаа сар шинийн баярын мэнд хүргэе. Та бүхэн минь сайхан шинэлээрэй.

ШИНЭ МЭДЭЭ