2022.01.18
Байгаль Орчин, Аялал жуулчлал

С.Бямбацогт: Утааг бууруулах хамгийн зөв арга бол гэр хорооллыг дахин төлөвлөх юм

УИХ-ын ээлжит /2022.01.18/-ны өдрийн чуулганаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Утааны асуудал ганц Улаанбаатарын биш улс орны асуудал болсон. Олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг. Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр утааг 50 хувиар бууруулсан. Үр дүн ч гарсан. Гэтэл тайвширч, хариуцлага алдсаны улмаас утаа эргээд хуучин хэвэндээ орлоо. Энэ бол богино хугацааны шийдэл байжээ гэдэг нь харагдаж байна. Тийм болохоор бид цаашид урт хугацааны хамгийн төгс шийдлийг олох ёстой. Ингэхийн тулд яндангүй болох, гадаа бие засаж, хөрс бохирдуулахаа болих нь хамгийн зөв шийдэл.

Гэр хорооллыг дахин төлөвлөх, дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаармаар байна. Шинээр томилогдож байгаа БОАЖ-ын сайд үүнийг анхааралдаа аваарай. Ховд аймагт бэлэн жишээ байна. Гэр хорооллын айлууд төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдож, цахилгаан халаагуур, тень тавьж, хэрэглээний халуун ус, бие засах орчноо шийдсэн байна.
Утааны асуудалд том шийдэл, гарц гаргалгааг ол, бусад чухал асуудлыг орхилгүй ажиллаарай гэж хүсэж байна.

Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран ажиллах хэрэгтэй. Салбарын дундын уялдаа холбоо үгүйлэгдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ