С.Бямбацогт: Зөвшөөрснөөс бусдыг хориглодог хүнд суртлыг халах ёстой
2021.12.28
Хууль, эрх зүй

С.Бямбацогт: Зөвшөөрснөөс бусдыг хориглодог хүнд суртлыг халах ёстой

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.


-Нэг даргын үед зөвшөөрөл цөөрөөд, өөр нэг дарга гарч ирэхээр өнөөх нь мөөг шиг ургадаг, олширдог байж таарахгүй -


-Та Зөвшөөрлийн хуулийг санаачлан өргөн барьсан. Ямар учраас энэ хуулийн төслийг боловсруулсан бэ?

-Анх нийтийн ашиг сонирхол, хүнийэрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүйбайдалд хохирол учруулж болзошгүй, тодорхойнөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгайзөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүйболгохтойхолбоотойхарилцааг зохицуулах үүднээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгайзөвшөөрлийн тухайхуулийг 2001 оны хоёрдугаар сарын 1-нийөдөр баталсан юм билээ. Өнөөдрийг хүртэл Аж ахуйн үйл ажиллагааны тусгайзөвшөөрлийн тухайхууль болон салбарын шинжтэй100 гаруйхуулиар тусгайзөвшөөрөл, зөвшөөрөл олгох харилцаа ямар нэг хэмжээнд зохицуулагдаж байгаа. Тус хуульд өнгөрсөн хугацаанд нийт 69 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь сайжруулсан гэхээсээ илүүтэй дордуулж, нэр томьёоны зөрчил үүсэх, зарим талаараа хуулийн уялдаа холбоо алдагдахад хүргэсэн гэж хэлж болно.

Уг нь дээрх хуулиар тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болохоор заасан. Гэтэл өнөөдрийн байдлаар олгож байгаа лиценз, баримт бичиг, тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, гэрчилгээ зөвшөөрлийн тоо 1400-д хүрээд байна. Өөрөөр хэлбэл, хуульд заагаагүйзөвшөөрлийн чиглэл, төрлөөр шинээр дур мэдэн зөвшөөрөл олгож байна аа гэсэн үг. Энэ бүхэн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд саад бэрхшээл, хүнд суртал үзүүлж байгаагаас гадна авлигын хорт үндэс цэцэглэх хөрс, бүр үржүүлэх хүлэмж нь болчихоод удаж байна. Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг өнөөдөр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиас гадна Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон салбарын бусад олон хууль тогтоомжоор зохицуулж байгаа нь нэгдсэн байдлаар уялдаатай зохицуулахад хүндрэл үүсгэж байна.

-Зөвшөөрөл авах шаардлагатай, шаардлагагүй гэдгийг хуулиас хараад олж мэдэх ямар ч боломжгүй болчихсон байгаа л даа?

-Яг тийм. Уг нь зөвшөөрөлтэйгөөс бусдыг хориглох биш, харин зөвшөөрөлтэйгөөс бусад нь чөлөөтэй байх нь хууль ёсны зарчим шүү дээ. Гэтэл хуулийг гажуудуулж, хувьдаа эрх мэдэл, ашиг хонжоо авлига харамж цуглуулах гэсэн нөхөд өнөөдрийг хүртэл хуулиас давсан цаас үйлдвэрлэж авлигын төмөр тор нэхэж, түүнийгээ улам бөхлөөд сууж байна. Үүнээс болоод үйлдвэрлэл бизнес хөгжихгүй байна. Хувийн бизнес эрхэлж махаа зулгааж байхаар төр лүү орсон нь хялбар гэж үзэгсэд олон болсон. Энэ нь иргэдийн буруу биш. Өнөөдөр бизнес эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд дан ганц Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулийг хараад ямар төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөлтэй эрхэлж болох, ямар үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхэлж болох вэ гэдгийг мэдэх ямар ч боломжгүй болчихсон. Хууль тогтоомж бүрийг уншиж судлах шаардлагатай байдал үүсч байгаа. Нөгөө талаар хуулиас давсан шийдвэрүүдээр зөвшөөрөл олгож байгаа байдал маш их газар авсан. Хэн нэгэн албан тушаалтан хуулиар тусгайлан эрх олгогдоогүй байхад дур мэдэн элдэв зөвшөөрөл бий болгодог. Энэ байдлыг нэг мөр цэгцлэхээс өөр аргагүй байна.

-Энэ чухал хуулийн төслийг гурван жил гаруйн хугацаанд хэлэлцэхгүй байсаар өдийг хүрлээ. Одоо ямар шатандаа явна?

-Миний бие нэр бүхий 22 гишүүний хамт аль 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр УИХ-д Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байдаг. Одоо он гарвал төсөл хэвээрээ дөрвөн оныг үдэх нь.

УИХ дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2019 оны тавдугаар сарын 19-ний өдөр хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Тухайн үед УИХ-ын дарга дээрх хуулиудыг нэгтгэн хэлэлцүүлэх чиглэл өгсний дагуу ажлын хэсэг байгуулагдсан хэдий ч хойшлогдсоор өдий хүрлээ.Ер нь бол энэ хуулийн төслийг шуурхай хэлэлцүүлэх талаар миний бие удаа дараа шахаж, шаардсаар ирсэн. Миний мэдэж байгаагаар гурван ч удаа ажлын хэсэг солигдсон. Хамгийн сүүлд 2021 оны тавдугаар сард УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажиллаж байгаа.Ажлын хэсэг байгуулагдсаны дараа хуулийн төслийг нэгтгэх асуудлаар хуралдаж, Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг суурь хууль болгон, тус хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд нэгтгэсэн төслийг боловсруулсан гэж ойлгосон. Нэгтгэсэн төслийг parliament.mn, lawforum.mn зэрэг сайтад байршуулсан байгаа.

-Та УИХ-ын чуулганы үеэр “Авлигыг бууруулна гэж ярьдаг ч хэрэгжүүлэх хүч зориг дутаж байна” гэж хэлсэн тань анхаарал татаж байлаа. Хууль батлагдсанаар яг ямар өөрчлөлтүүд гарах вэ?

-2020 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас аймаг, нийслэлийн 4075 аж ахуйн нэгжийн дунд явуулсан судалгаагаар “Авлига хээл хахууль хүндрэлтэй байна” гэж судалгаанд оролцогчдын 62 хувь нь хариулсан байсан. Мөн Азийн хөгжлийн сангийн хийсэн “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал” судалгаагаар тусгай зөвшөөрөл авах болон лиценз авахтай холбоотой мэргэжлийн хяналт, гааль, татварын байгууллага дахь авлига буурахгүй байна гэсэн дүгнэлт гарч байсан.Зөвшөөрөл олгох харилцаа нь өөрөө ил тод, нээлттэй биш, тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, дуусгавар болгох зэрэг процесс ажиллагааг хуулиар нарийвчлан зохицуулаагүйгээс хэн нэгэн албан тушаалтан өөрийн дураар асуудлыг шийдвэрлэх боломжийг бүрдүүлснээр авлига, хээл хахуулийн хэргийн гаралт жилээс жилд нэмэгдсээр байна.Үүнийг багасгах гол хөшүүрэг нь ерөөсөө Зөвшөөрлийн тухай хууль юм.

-Хууль батлагдсанаар ямар үр дүн гарах бол?

-Нэгдүгээрт, зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааны чиглэл, төрөл, эдгээр харилцаатай холбоотой суурь харилцаа маш тодорхой болно. Хэн нэгэн албан тушаалтан дураараа зөвшөөрөл олгохгүй, зөвшөөрлийн тоо, нэр төрлийг нэмэгдүүлэхийг хуулиар тас хориглоно. Мөн зөвшөөрлийн бүхий л ажиллагааг нээлттэй ил тод, шуурхай явуулах зарчмын хүрээнд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд хуулийн хугацаанд зөвшөөрлийг олгох, эсхүл татгалзах хариуг зөвшөөрөл хүсэгчид өгөх, өгөөгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ. Хоёрдугаарт, хуулиар хориглоогүй буюу хуульд зааснаас бусад үйл ажиллагааг иргэн, аж ахуйн нэгж чөлөөтэй эрхлэх боломж бүрдэнэ.Гуравдугаарт, зөвшөөрөл олгох үйл ажиллагаа ил тод нээлттэй болно. Үүн дээр цахим технологи ашиглаж, хүнээс хамаарах хүчин зүйлүүдийг аль болох бууруулах юм.

-Зөвшөөрлийн харилцааны хамгийн чухал нь ил тод байдлыг хангах явдал. Иймээс цахимжуулж, мэдээллийн нэгдсэн санд бүхий л явц мэдээллийг байршуулах юм байна гэж ойлгосон. Зөв үү?

-Зөвшөөрөл дагасан авлига гаарч байгаа нэг шалтгаан нь нэгдсэн мэдээллийн сан байдаггүйтэй холбоотой. Иргэдийн нүднээс далд байгаа юманд “авлигын үнэр” орохдоо амархан гэдгийн тод жишээ. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэх гарц нь мэдээж, зөвшөөрлийн мэдээллийн нэгдсэн сан. Төрийн аль байгууллага, төрөөс эрх шилжүүлж авсан ямар мэргэжлийн холбоод ямар ямар зөвшөөрөл олгосон, яагаад зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгжид ямар учир шалтгааны улмаас зөвшөөрөл олгоогүй талаарх бодит үндэслэл, бүрдүүлэх бичиг баримт, тушаах улсын тэмдэгтийн хураамж гээд ер нь зөвшөөрөлтэй холбоотой бүхий л мэдээллийг ил болгох юм. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн үйлчилгээний хүнд суртал арилах, авлига, албан тушаалын гэмт хэрэг гарахгүй байх нөхцөл бүрдэж, авлигын хэрэг тодорхой хэмжээнд буурна гэж харж байгаа.

-Тусгай зөвшөөрлийг олгох процесс яаж өөрчлөгдөх вэ?

-Хуулийн төслийн зорилт нь үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, төрийн нийтийн өмчийг ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох түүнчлэн зөвшөөрлийн ангилал, төрөл, тэдгээрийн бүртгэлтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулахаар туссан.Тухайлбал зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг нэлээд тодорхой хуульчилсан. Эрх бүхий этгээд зөвшөөрөл хүсэгч өргөдлийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор бүрдүүлбэрийг хянаж хариу өгөх, хэрвээ бүрдүүлбэр дутуу байвал эрх бүхий этгээд үндэслэл бүхий тайлбартайгаар буцаах, хэрэв бүрдүүлбэр хангасан хэдий ч мэргэжлийн байгууллага, шинжээчийн санал, дүгнэлтийг гаргуулах шаардлагатай гэж эрх бүхий этгээд үзвэл долоо хоногийн дотор уг ажиллагааг гүйцэтгэж, олгох эсэх асуудлыг 17 хоногийн дотор шийдвэрлэх буюу нийт 30 хоногийн дотор холбогдох хариуг өгөх талаар төсөлд тусгасан.

-Яг ямар байдлаар тусгай зөвшөөрлийг олгох вэ?

-Түрүүн би бас яриандаа дурдсан. Хуулийн төслийг өргөн мэдүүлээд гурван жил болж байна гэж. Тухайн үед цахим шилжилтийн үеийн зохицуулалт бусад хууль дээр ч төдийлөн сайн тусгалаа олоогүй байсан гэж хэлэхэд буруудахгүй байх. Тийм ч учраас хуулийн төсөлд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд зөвшөөрлийг олгох, сунгах ажиллагааг цаас болон цахим хэлбэрээр явуулж болно гэж сонголттой байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, хуульд заасан тохиолдолд зөвшөөрлийг олгох, сунгах ажиллагааг хөнгөвчилсөн буюу хялбаршуулсан горимоор явуулах, түүнчлэн энэхүү харилцааг нэг цэгийн үйлчилгээний болон цахим хэлбэрээр зохион байгуулах, мөн цахим хэлбэрээр зөвшөөрөл олгох зорилгоор зөвшөөрлийг кодлох зэрэг асуудлыг тусгасан.Өөр цахимжуулахтай холбоотой, олон нийтэд нээлттэй ил тод байлгах чухал зохицуулалт бол зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр олгосон нэг удаагийн болон олон удаагийн шинжтэйбүх зөвшөөрлийн бүртгэл, зөвшөөрөлтэйхолбоотойнийтлэг мэдээллийг агуулсан зөвшөөрлийн цахим нэгдсэн сантайбайх асуудал юм.

Зөвшөөрөл олгох, бүртгэх эрх бүхийэтгээд зөвшөөрлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрлийн тухайхууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхийтөр, хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл Ерөнхийсайдын дэргэд ажиллахаар төсөлд тусгасан.

Саяхан буюу энэ оны арваннэгдүгээр сард УИХ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулиудыг баталсан. Энэ хуулиуд болон одоо УИХ-аар хэлэлцэгдэх гэж буй цахим шилжилтийн асуудалтай холбоотой хуулиудтай нийцүүлж зөвшөөрлийг олгох, сунгах ажиллагааг 100 хувь цахимд шилжүүлэх эсэх асуудлыг ажлын хэсэг хуралдаж шийдвэрлэж таарна байх. Ер нь бол гадны зарим хөгжингүй улсууд зөвшөөрлийн харилцааг хүний оролцоогүй буюу цахимжуулснаар бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдэж, эдийн засгийн өсөлтийн хувьд ч, авлигатай тэмцэх зорилгын хувьд ч илт сайн үзүүлэлт гарч байгаа.

-Зөвшөөрлийн хугацааны хувьд ямар байх вэ?

-Хуулийн төсөлд тусгай зөвшөөрлийн тоог 400 гаруй болгож даруй хоёр дахин бууруулж байгаа. Мэдээж чиглэлийнхээ дагуу салбар болгон тухайн үйл ажиллагааны хувьд онцлог шинж, тавигдах шаардлага өөр өөр байдаг. Энэ ч үүднээс салбар хуулиар зөвшөөрөл олгох хугацаанууд харилцан адилгүй байгаа. Зөвшөөрлийн бүхий л харилцааг нэг хайрцгаар зохицуулах боломжгүй. Өөрөө хэлбэл, хугацааны хувьд хатуу тоо тавих биш хамгийн бага байх боломжит хугацааг хуулийн төсөлд тусгасан. Төсөлд зөвшөөрлийн зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны эрсдэлийн түвшнээс хамааруулан тусгай, энгийн гэж ангилсан байгаа бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгохоор тусгасан.Тухайн зөвшөөрлийн үйл ажиллагааны онцлог, эрсдэл, нөгөө талаасаа мөн л бизнес эрхлэгчдэд таатай байх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хугацааны дээд хязгаарыг салбар хуулиараа зохицуулдаг байх нь зөв.

-Зөвшөөрөл олгох процессыг хүнд сурталгүй, тодорхой, чөлөөтэй болгож байгаа нь сайн хэрэг. Нөгөө талаар худалдаа үйлчилгээнд тавих стандарт, хяналтыг сайжруулахгүй бол ялангуяа хүнсний худалдаа, үйлчилгээнд асуудал үүсч, иргэд хохирох вий.

-Дахиад хэлэхэд, Зөвшөөрлийн хууль нь дур мэдэн зөвшөөрөл шинээр бий болгож, олгох асуудлыг цэгцэл, нэг мэдээллийн системд оруулаад нэмж хасахыг хориглож байгаа зохицуулалт юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, ийнхүү цахимжуулж, нарийвчлан зааж өгснөөр аж ахуйн нэгж иргэдэд хүнд суртал, хүндрэл чирэгдэл учруулан улмаар албан тушаалаа урвуулан ашиглах боломжгүй болгож байгаа юм. Ажлын байранд тавигдах стандарт, эрүүл ахуйн хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай гэх мэт хуулиудаар Мэргэжлийн хяналтын газар болон бусад эрх бүхий байгууллага албан тушаалтан хяналтаа тавьж, стандартыг мөрдүүлэн ажиллах ёстой. Зөвшөөрөл олгох процессыг шийдвэрлэлээ гээд тавих хяналт, стандартгүй болчихно гэсэн үг биш юм. Зөвшөөрөл авалгүй эрхэлж байгаа гээд хууль, журам, эрүүл ахуй, ажлын байрны стандартаа зөрчөөд үйлчлүүлж байгаа иргэдийн эрх ашиг, эрүүл мэндэд нөлөөлж болохгүй шүү дээ.

-Зөвшөөрлийн хуулиар аж ахуйн нэгж, иргэдийн нуруун дээрээс том ачаа авч байгаа ч Зөрчлийн тухай хуулиар торгоод дарамт үзүүлэх юм биш биз?

-Ер нь төр иргэдээ зөрчил гаргахыг хүлээгээд, анаад, отоод, бараг гаргаасай гэж далим хайх байдлаар ажиллах юм бол бүх юм утгаа алдана. Тэгэхээр аль аль талдаа зөрчил гаргахаас сэргийлдэг байх ёстой. Хамгийн чухал нь зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг шууд торгодог, дарамталдаг, хаадаг боодог биш зөрчил гаргахгүй байх талаас нь урьдчилан хэлж сануулдаг, мэдээллээр хангадаг, зөвлөн тусалдаг байх нь ухаалаг төрийн зөв хандлага. Хэрэвзээ ингэж хэлж сануулсаар байтал тэрхүү

зөрчлөө дахин давтан гаргаад хууль дүрмийн дээгүүр дэвсэлж гүйгээд байвал хэнбугайг ч ялгалгүй торгодог шийтгэдэг, хариуцлагыг нь үүрүүлдэг байх зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд оруулахаар ажиллаж байна. Зөрчлийн хуулийг би анх ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа санаачилж батлуулсан. Хүмүүст нэг буруу ойлголт байдаг. Ерөөсөө Зөрчлийн хуулиас болоод л торгууль шийтгэл нэмэгдсэн юм шиг маш буруу ойлгодог. Харин ч АН эрх барьж байх үед одоо байгаагаас торгуулийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх хуулийн төсөл явж байсныг бид зогсоосон юм шүү. Дээр нь нэмж хэлэхэд Зөрчлийн хууль бол бүх зөрчил, түүнд тооцох хариуцлагыг л эрх зүйн нэг дээвэр дор багтааж тодорхой, ойлгомжтой болгож зааж өгсөн хууль шүү дээ. Энэ зарчим, үзэл баримтлал огт өөрчлөгдөхгүй. Амьдрал баян учраас цаг үеийн шаардлагаар хийдэлтэй, дутуу зохицуулалттай зүйл байгаа бол түүнийг нь засаж сайжруулаад явах нь хууль тогтоох дээд байгууллагын үүрэг. Ганцхан үгээр хэлэхэд, иргэдийг шууд л торгож шийтгэхээ урьтал болгодог хуучинсаг арга барилыг халахад хуулийн өөрчлөлтийн гол агуулга чиглэж байгаа юм.

-Гаалийн хяналт, шатахуун, архи тамхи гээд онцгой бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын тусгай зөвшөөрлийг хэрхэн зохицуулсан бэ?

-Хуулийн төслийн үйлчлэх хүрээ нь байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэж төсөлд туссан. Өөрөөр хэлбэл, Зөвшөөрлийн тухай хуулиар нийтлэг харилцааг зохицуулна. Тухайн салбар хуулиар зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг зохицуулсан байвал тухайн хуулийн зохицуулалтаар, хэрэв зохицуулалтгүй бол Зөвшөөрлийн тухай хуулиар харилцааг зохицуулна гэсэн үг. Тийм учраас онцгой бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалттай холбоотой тусгайлсан зохицуулсан онцлог зохицуулалт хуулийн төсөлд тусгагдаагүй, тусгах ч боломжгүй юм. Жишээлбэл, таны асуусан шатахууны асуудал. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн холбогдох хэсгээр шатахууныг жижиглэн болон бөөний үнээр худалдаалахтай холбоотой нарийн зохицуулалт буюу тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, олгох сунгах хугацаа зэргийг зохицуулсан байдаг. Тэгэхээр тухайлсан хуулиар л тэр зөвшөөрлийн асуудлыг нарийн зохицуулаагүй бол Зөвшөөрлийн хуулиар зохицуулагдана гэж ойлгоорой.

-Хэн нэгэн дарга дураараа зөвшөөрөл олгодог байдлыг таслан зогсоож байгаа нь одоогийн нийгэмд маш хэрэгтэй шийдвэр байна. Мөн гарын үсгээ үнэлдэг асуудал иргэдийн дунд багагүй яригддаг. Зөвшөөрөл олгогч хууль зөрчсөн, хүнд суртал гаргасан бол хэрхэн хариуцлага хүлээх вэ?

-Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулиар 210 байсан зөвшөөрөл 1400 хүртлээ нэмэгдсэн байгаа нь уг хуулиар зөвшөөрлийг шинээр дур мэдэн нэмэгдүүлэх асуудлыг хориглоогүй, хүрээ хязгаар тавиагүйгээс зөвшөөрлийн тоо ийнхүү нэмэгдсэн гэх үндэстэй.Харин энэ хуулийн төсөлд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн хариуцлагын асуудлыг нэлээд тодорхой хуульчилж өгсөн. Тухайлбал, эрх бүхий этгээд зөвшөөрөл олгосон, эсхүл татгалзсан шийдвэрийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, мөн төрийн байгууллага, албан тушаалтан хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрлийг шинээр бий болгосон, олгосон, эрх шилжүүлсэн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бөгөөд үүсэх үр дагаврыг зөвшөөрлийг шинээр бий болгосон, олгосон, эрх

шилжүүлсэн этгээд хариуцах зэргээр тодорхой тусгасан байгаа. Дээрх асуудлыг бол мэдээж Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг холбогдох хуулиудаар хариуцлага тооцно.Төрийн нэр барьсан авлигачдын шүдийг ингэж сугалахгүй бол иргэд, хувийн хэвшлийнхэн хүнд суртлын араа шүдэнд зажлагдаж хэмлэгдсээр дуусах нь байна.

-Уул уурхай бол манай эдийн засгийн хамгийн том тэжээгч. Салбарын тусгай зөвшөөрөл бүрэн өөрчлөгдөх үү?

-Уул уурхайн салбарын хууль буюу Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай зэрэг хуулийн зохицуулалтыг огт хөндөхгүй. Өөрөөр хэлбэл, дээрх хуулиудыг хөндөх эсэх нь Зөвшөөрлийн хуулиар биш, бодлогын хувьд салбарын хуулиар өөрчлөлт хийх ёстой зүйл ээ.Тухайлбал, Газрын тосны тухай хуулийн зохицуулалт нь сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгогдсон хуулийн этгээдтэй Засгийн газар Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, гэрээ байгуулагдсаны дараа уул уурхайн яам гэрээлэгчээс хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу тусгай зөвшөөрлийн материалыг авч гэрчилгээг олгох ийм л хуулийн зохицуулалттай. Тэгэхээр салбарын онцлогоос хамаарч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үндэслэл зөвшөөрөл олгох харилцааг хуулиараа нарийвчлан зохицуулж тэр хуулиараа л зөвшөөрлийн харилцаа зохицуулагдана.

-Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр саяхан гаргасныг иргэд дэмжин хүлээн авлаа. Энэ хуультай холбогдох уу?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга олгох тусгай зөвшөөрөл энэ хуулийн төсөлд тодорхой туссан байгаа. Учир нь тухайн салбар хуулиар эрх авсан учраас тусгай зөвшөөрлийн жагсаалтад тусгасан.Тухайлбал газар эзэмших, ашиглах асуудлыг Газрын тухай хуулиар тухайн нутаг дэвсгэрийн аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхээр заасан. Мөн Түгээмэл тархацтай ашигт, малтмалын тухай хуулиар зөвшөөрөл олгох асуудлыг аймаг, нийслэлийн Засаг дарга зөвшөөрлийг олгох гэх мэт хуулиар эрх авсан зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд тусгасан.

Саяхан Нийслэлийн Засаг дарга нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй иргэн, аж ахуйн нэгжид хүнд суртал үзүүлж, авлига, хээл хахуулийг өөгшүүлэх нэг гол шалтгаан болоод байсан хууль бус зөвшөөрлүүдийг устгасан явдлыг миний хувьд тун зөв зүйтэй алхам гэж харж байгаа. Гэхдээ зөвшөөрлийг хэн нэг даргын үгээр биш, хийдэлгүй хуулийн заалтаар л бүрмөсөн цэгцэлж чадна.Өөрөөр хэлбэл, хуулиар эрх олгогдоогүй тусгай зөвшөөрлийн харилцааг ингэж зөвшөөрөлгүй болгох нь зүйн хэрэг. Гэхдээ нэг даргын үед зөвшөөрөл цөөрөөд, өөр нэг дарга гарч ирэхээр өнөөх нь мөөг шиг ургадаг, олширдог байж таарахгүй. Нөгөө талаараа бизнес эрхлэх гэж буй иргэн, хуулийн этгээдүүдэд холбогдох стандартуудыг хангуулж, хяналтыг тавьж, зөвлөн тусалж, ажиллах нөхцөл боломжоор нь хангаж, хамтарч ажиллах нь төрийн байгууллагын бас л нэг хуулиар хүлээсэн эрх, үүрэг шүү дээ.Зөвшөөрөл нэрээр баргийн хүн, аж ахуйн нэгж давахгүй өндөр босго тавьж, тэр босгоороо авлига, шан харамж өгсөн нэгнийг чимээгүй сэмхэн давуулдаг тэгш бус, хууль бус байдлыг халах нь бидний зорилго. Зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн байгууллага, зөвшөөрөл хүсч буй иргэн, хуулийн этгээд аль аль нь хуулийн дагуу байх нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг боловсруулсан юм шүү дээ. Нэг талаасаа иргэн хуулийн этгээд ч бас аливаа харилцаанд хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг бас хэлчих нь зүйтэй.

ШИНЭ МЭДЭЭ