Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа
2021.12.22
Гадаад харилцаа

Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар Элчин сайдаар томилогдсон Сэбастиен Сүрүнд баяр хүргээд “Цаашид хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нягт хамтран ажиллахад таатай байх болно” гэлээ.

Тэрбээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 27 жилийн дараа амжилттай батлуулсныг дуулгаад, ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжиж эхэлснээр нийслэл хот нь нийгэм, эдийн засаг, санхүүгийн хувьд бие даан хөгжих эрх зүйн чадамжтай болж байгааг онцлов. Ингэснээр Улаанбаатар хотод тулгамдаж буй томоохон асуудлыг шийдвэрлэх, цаашлаад концесс хэрэгжүүлэх, үнэт цаас гаргах эрхтэй болж буй юм гэлээ. Мөн тэрбээр хоёр улсын хооронд хамтран хэрэгжүүлж буй “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх” төслийн талаар дурдаад, цаашид хамтран хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Харин Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хийгдэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөхийг хүсээд нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж буй төслийг эрчимжүүлэх тал дээр бүх талаар дэмжиж ажиллана гэлээ. Мөн соёл урлаг, спортын салбарт хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд хотууд хоорондын харилцааны бэлэг тэмдэг болсон “Парисын гудамж”-ийг тохижуулах, Парис хотын онцлог хэв шинж, өнгө төрхийг оруулах, сайжруулах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш Сэлбэ голын баруун талаар Нарны зам хүртэлх гудамжийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 141 дүгээр тогтоолоор Парисын гудамж гэж нэрлэсэн билээ.

ШИНЭ МЭДЭЭ