МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Шударга ёс тогтсон нийгэмд хүний эрх баталгаатай хангагдана"
2021.12.10
Хүний эрх

"Шударга ёс тогтсон нийгэмд хүний эрх баталгаатай хангагдана"

“Хүний эрхийн үндэсний форум” өнөөдөр (2021.12.10) Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Тус форумыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.


Тэрбээр “Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг үнэлэх эрхзүйн орчин, дан ганц дотоодын хуулиар хязгаарлагдахгүй. Олон улсын эрхзүйн хэм, хэмжээгээр тогтоогддог өргөн хүрээтэй асуудал юм. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ Монгол Улс шударгаар биелүүлэх нь хүний эрхийн асуудлаар төрийн хүлээж буй гадаад үүргийг баталгаажуулсан явдал гэж үзэж байна. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрхийн зөрчилтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө төр хариуцна гэж Үндсэн хуульд тодорхойлсон байдаг.

Өнөөгийн нйигэмд цэвэр агаар, цэнгэг ус мэт үгүйлэгдэж буй тулгамдсан асуудал бол нийгмийн шударга ёс юм. Шударга ёс тогтсон тэр л нийгэмд хүний эрх баталгаатай хангагдана.

Ийм нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсч, биднийг шахаж, шаардаж байна. Нийгэмд шударга ёс тогтоох үндэс бол төрийн байгууллага, албан тушаалтны бүхий л шатны шийдвэр үйл ажиллагаа нь Үндсэн хууль болон бусад хуульд захирагдах явдал юм. 

Миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно. Хүн биш хууль засаглана гэдэг нь улс үндэстнээрээ Үндсэн хууль болон бусад хуульд захирагдахыг хэлнэ. Нөгөөтэйгүүр Монгол төрийн хууль ардчилсан хууль байх учиртай. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш эрхтэй. Гэвч эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүн бусдаас давуу эрх мэдэл эдлэх, хөнгөн ял шийтгэл хүлээх зэрэг шударга бус явдал нийгэмд оршсоор байна. Ийм байдалтай Монголын төр хэрхэвч эвлэрч болохгүй. Төр задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг байх ёстой. Ардчилсан нийгэм бол хувь хүний дур зорго биш, харин хүмүүнлэг, энэрэнгүй, сахилга хариуцлагатай нийгэм гэдгийг онцолж хэлье.

Цаашид хүний эрхийг хангах бодлого, төлөвлөгөөг шинэчлэх шаардлагатай болжээ. УИХ-аас 2003 онд хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр баталсан. Эдүгээ уг хөтөлбөр түүхэн үүргээ нэгэнт биелүүлсэн. Тус хөтөлбөр хэрэгжих хугацаанд Монгол Улс хүний эрхийг хангах үндэсний механизмаа бүрдүүлж чадсан. Гэсэн ч засч сайжруулах олон зүйл байна. Тухайлбал, Covid-19 бидэнд олон асуудлыг тод харуулж, хүний эрхийн ойлголтыг шинэ хандлагаар харах шаардлагатай болсныг санууллаа. 

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал болох техник, технологийн дэвшил нь зарим талаар хүний эрхийг хангахад мөн эрсдэл учруулж байна. Цахим орчинд хүний эрх зөрчих, Үндэсний аюулгүй байдалд аюул учруулах, хүмүүсийн оюун санаанд сөргөөр нөлөөлөх асуудал түгээмэл ажиглагдах боллоо. Тиймээс цаашид Монгол Улс хүний эрхийг хангах бодлого, нарийвчилсан төлөвлөгөө, үндэсний хөтөлбөрөө нэн даруй шинэчлэх шаардлагатай болсныг харуулж байна. 

Хоёрдугаарт, хүний эрх үүн дотроо иргэний үндсэн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог сайжруулах шаардлагатай. Гуравдугаарт, монгол хүний эрх баталгаатай хангагдах ёстой.

Монгол Улсын хамгийн том баялаг бол монгол хүн. Төрийн тэргүүний хувьд монгол хүний эрхийн зөрчилд онцгой анхаарна. Монгол Улс эрүү шүүлтээс ангид байх учиртай. 

ШИНЭ МЭДЭЭ