МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Их зохиолчийн нэрэмжит нийтийн номын сан шинэчлэгдэн үүдээ нээлээ
2021.11.17
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Их зохиолчийн нэрэмжит нийтийн номын сан шинэчлэгдэн үүдээ нээлээ

Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, их соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч, орчуулагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хүүхэд, залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулагч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 115 жилийн ой тохиолоо.

Энэ өдөр Их зохиолчийн нэрэмжит аймгийн Нийтийн номын санг шинэчлэн засварлаж тохиожуулж дууссаныг хүлээн авсан юм. Нээлтэд  УИХ-ын гишүүн Н.Энхболд, Соёлын дэд сайд М.Батбаяр, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян тэргүүтэй аймаг сумын удирдлагууд, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт П.Бадарч, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа, Болор цомын эзэн, Д.Нацагдоржийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан болон Монголын үгийн урлагийн нэрт төлөөллүүд оролцлоо. УИХ-ын гишүүн Н.Энхболд Нийтийн номын сангийн нээлтэд оролцохдоо өөрийн зүгээс төв аймгийн уншигчиддаа зориулан номын дээжис хандивлав.

Аймгийн Нийтийн номын санд засвар, шинэчлэл хийх ажлыг  Н.Энхболд гишүүн санаачлан  БНСУ-ын Пёнтак хоттой хамтын ажиллагааны хүрээнд санамж бичиг байгуулан барилгын ажлыг энэ онд эхлүүлж байв. Уг барилга нь БНСУ-ын Пёнтак хот болон орон нутгийн төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бий болсон орон нутагтаа анхдагч, томоохон бүтээн байгуулалт юм.

Сөүлийн их сургуулийн Монгол дахь салбар сургууль байгуулах ажлыг хариуцсан зөвлөх Cho Sung Moon хэлэхдээ, Бидний хувьд УИХ-ын гишүүн Н.Энхболдтой хамтран ажиллахад их таатай байдаг. Ажлын төлөө, эх орныхоо төлөө юм хийе гэсэн сэтгэлтэй, элдэв шуналгүй, ажил хэрэгч хүн. Тиймдээ бидний хамтын ажил олон жилийн турш үргэлжилж өнөөдөр номын сангийн нээлтээ хийж байна. Мөн Сөүл хотын их сургуулийн салбар сургуулийг Төв аймагт байгуулахаар ажиллаж байна. Монголын хүүхэд залуусын төлөө цаашдаа илүү олон зүйлийг хийх болно гэсэн юм. 

1944 онд олон түмэнд ном хэвлэлээр үйлчлэх зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан аймгийн Нийтийн номын сан нь 1990 оноос нэг ээлжиндээ 120 хүн хүлээн авах, 100 мянган ном байрлуулах хүчин чадалтай зориулалтын байранд орж байжээ.

Номын сангийн шинэ барилга нь насанд хүрэгчдийн уншлагын танхим, хүүхдийн уншлагын танхим, гэрээр ном олгох танхим, цахим мэдээллийн танхим, лавлагаа мэдээлэл, тогтмол хэвлэлийн танхим, сургалтын танхим зэргээс бүрдэж байгаа бөгөөд хүчин чадал нь нэг дахин нэмэгдэж 238 хүний суудалтай болж, нийт 34435 ном, хэвлэлийн материалтайгаар үйл ажиллагаагаа явуулах юм.

2021 онд Д.Нацагдоржийн нэрэмжит Төв аймгийн нийтийн номын сан “Хүний хөгжил, мэдээллийн цахим төв” болгох уриа дэвшүүлэн, орон нутгийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ тавилга, тоног төхөөрөмжүүдтэй болсон бол “Цахим номын сан” хөтөлбөрийн хүрээнд 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн түүхийн хэлхээ “Анхдугаар V жил сонин”-г цахим хэлбэрт оруулан орон зай харгалзахгүйгээр мэдээлэл авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ