“Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
2021.12.03
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсад Хууль зүй, дотоод хэргийн алба үүсэж хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан “Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2021.12.03/ Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын танхимд зохион байгуулж байна.

Хурлыг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үг хэллээ. Тэрээр “Энэ онд туурга тусгаар Монгол Улсынхаа үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний болон төрийн тулгуур таван яам үүсэн байгуулагдсаны түүхт 110 жилийн ой тохиож байна. 110 жилийн өмнөх монголын шинэ түүхийн эхлэл болсон энэхүү бахархалт үйл явдлыг үндэснийхээ ой санамжинд нэхэн сэргээж, үеийн үед үл мартуулахын тулд монгол улсын засгийн газраас ёслон тэмдэглэдэг.

Монгол Улсад шинэ цагийн хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс энэхүү “Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: асуудал шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаад талархаж байна. Энэ хурлаар хууль зүйн албаны түүхэн хөгжил, тэр дундаа ХЗДХЯ болон түүний харьяа агентлаг, байгууллагуудын түүхэн хөгжлийг тэмдэглэж, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход бодит хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” гэдгийг онцлоод хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.


Тус эрдэм шинжилгээний хурлаар салбарын эрдэмтэн, судлаачид тулгамдсан асуудлаа шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тодорхойлж, боломжит гарц, шийдлийг санал болгон хууль зүйн салбарын өнөөгийн байдлыг тоймлон цаашдын хөгжлийн хандлагыг тандах зорилготой.


Хуралд яамны болон харьяа агентлаг, байгууллага, прокурор, шүүх, нотариат, өмгөөллийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцож байна.

ШИНЭ МЭДЭЭ