2021.11.23
Хууль, эрх зүй
Б.Энхбаяр: Төрийн болон албаны нууцыг хамт өөрчлөх шаардлагатай
Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хурлаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Төрийн болон албаны нууцыг өөрчлөхгүйгээр энэ хууль "амилахгүй" гэдгийг хэлэлцүүлгийн үед хэлсэн. Хуучин бол УИХ-ын тогтоолоор төрийн нууцыг жагсаалтаар баталдаг байсан. Төрийн болон албаны тухай хуулийг батлаад улсын нууцын асуудлыг УИХ-ын хяналтаас гаргаад хаячихсан. Улсын нууцтай холбоотой Төрийн худалдан авах ажиллагааны тендер зарлагддаггүй. Ингээд томоохон хэмжээний төсөл хөтөлбөрүүд, их мөнгөн дүнтэй асуудлыг нууцад оруулаад тендергүй хийдэг зуршил бий болжээ. Үүний цаана их хэмжээний мөнгө, авлигын асуудал яригдана.
Нөгөөтэйгүүр УИХ-аас нууцын жагсаалтыг баталдаг байх үед Төрийн байгууллагынхан албаны нууц гээд 100 гаруй төрлийн нууцтай байсан. Энэ хуулийн хэрэгжилтэд мониторинг хийхэд өдгөө 500 гаруй болжээ. Иргэдийн мэдэх эрх байхгүй болсон гэсэн үг. Албаны нууцыг төрийн байгууллагын дарга өөрөө тогтоодог. Төрийн өмчийн бүтэц, орон тоо, цалин хүртэл албаны нууцад ордог болчихсон байна.
Тийм учраас Төрийн болон албаны нууцыг хамтад нь өөрчлөх ёстой. Үүнийг дагасан чиглэл өгмөөр байна.
Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа.