МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2021.11.16
Эдийн засаг, Худалдаа

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.11.16) хамтарсан хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төр-хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулж хоёр удаа олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, санал солилцсон бөгөөд Ажлын дэд хэсэг нийтдээ 9 удаа, Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёолол 18, дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол 10, бие даасан хуулийн төсөл 3, хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг онцоллоо.

Хуулийн төсөлд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн болон харилцагчдын хооронд хийгдсэн гэрээ, хэлцлээс үүсэх маргаантай холбогдсон харилцааг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг холбогдох бусад хуулиар зохицуулагддаг асуудлыг уг харилцаанд энэ хууль үйлчлэхгүй гэж заасан нь ойлгомжгүй бөгөөд энэ хуулийн зохицуулалт хамаарахгүй мэт буруу ойлголт үүсгэхээр байсныг засаж, тодорхой хоёрдмол санаа агуулаагүй байлгах зорилгоор гэрээ, хэлцлээс үүдсэн маргааныг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиар зохицуулахгүй гэж тодорхой болгож санал бэлтгэсэн гэж байлаа.

Мөн виртуал хөрөнгийн үйлчилгээ нь харилцагч болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарын хооронд хийгдсэн гэрээ, хэлцлийн хүрээнд байх тул хуулийн төсөлд гэрээ, хэлцлээс үүдэх хохирлыг төр хариуцахгүй байх талаар тодорхой зохицуулалтыг тусгахаар бэлтгэсэн. Хувийн хэвшлийн төлөөллөөс ирүүлсэн саналд нийцүүлэн хуулийн төсөлд бизнес төлөвлөгөөг 4 жил тутам шинэчилж байх гэж заасныг төлөвлөгөөнд өөрчлөлт орсон тухай бүр мэдэгдэж байхаар гэж өөрчлөн найруулж, хуулийн төсөлд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээс үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тоног төхөөрөмж, программ хангамж, тэдгээрийн байршлын талаар дэлгэрэнгүй жагсаалт, тэдгээрт нэвтрэх нууц түлхүүр шаардахаар байсныг хасаж өөрчлөн найруулахаар бэлтгэснийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдсан.

Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасантай уг хуулийг нийцүүлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нягтлан бодох бүртгэл хөтлөхдөө санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдүүлэх, санхүүгийн тайланд аудит хийлгэхээр тусгасан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа нь шинэ технологид суурилсан дэлхий нийтэд зохицуулалтын хувьд тулгамдаад байгаа асуудал байгааг анхаарч, нарийвчилсан харилцааг журмаар зохицуулах, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд тухай бүр шинээр үүссэн нөхцөл байдлыг зохицуулах боломжийг зохицуулагч байгууллагад өгөх зорилгоор Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний акт гаргах боломжийг бүрдүүлсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулгадаа онцлов.

Одоогоор виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг зохицуулаагүй байгаатай холбогдуулан ямар нэг зохицуулалтгүй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үзүүлсээр байгааг харгалзан иргэдийг хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хуулийн төсөлд заасан шилжилтийн үеийн зохицуулалтад хууль батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг шинээр эхлэх болон виртуал хөрөнгийн үйлчилээг олон нийтэд санал болгох асуудлыг тодорхой болгох өөрчлөлтийг бэлтгэсэн гэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл нар асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн 6 дугаар зүйлд 6.3 дахь “Виртуал хөрөнгийг энэ хуулийн 6.1.5-д заасан үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулахгүйгээр нийтэд санал болгох, худалдахыг хориглоно." гэх, төслийн 7 дугаар зүйлд 7.1.18 дахь "Хороо шаардлагатай гэж үзвэл Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.12-д заасан журмын дагуу Сэндбокст үйл ажиллагаа явуулж, амжилттай гарсан байх;" гэсэн хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Түүнчлэн төслийн 8 дугаар зүйлд 8.6 дахь “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь нягтлан бодох бүртгэл хөтлөхдөө санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх ба жил бүр санхүүгийн тайландаа Хороонд бүртгүүлсэн аудитын хуулийн этгээдээр аудит хийлгэж Хороонд хүргүүлнэ." гэсэн хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь нь дэмжсэн.

Мөн төслийн 10 дугаар зүйлд 10.9.10 дахь заалт буюу “Энэ хуулийн 8.6-д заасан аудитын хуулийн этгээдийг бүртгэх" гэсэн хэсэг, төслийн 10 дугаар зүйлд 10.14,10.15 дахь “10.14.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэснийг тухайн виртуал хөрөнгөд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй.", 10.15.Энэ хуулийн 10.9.1-д заасан журмаар Хороо нь өөртөө энэ хуульд зааснаас бусад бүрэн эрх олгохыг хориглоно." гэсэн хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Үргэлжлүүлэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолуудаар санал хураалт явууллаа. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “18.20 дугаар зүйл буюу “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл, ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах

1.Виртуал хөрөнгийн хуурамч арилжаа хийсэн, эсхүл үнэ ханшийг зохиомлоор тогтоосон, эсхүл оролцогч, харилцагчийг арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх зорилгоор хууран мэхэлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх бүхий албан түшаалтан, ажилтан, эсхүл виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эцсийн өмчлөгч, хуүлийн этгээдийн хувьцааны тав, түүнээс дээш хувийг эзэмшдэг хүн үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

З.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж арван мянган нэгжээс наян мянган нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэсэн агуулгатай зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ингээд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх хамтарсан Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ