МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Монгол улсын тусгай хамгаалалтай газар нутгийн эрх зүйн байдал ба суурьшлын бүс" хэлэлцүүлэг боллоо
2021.11.16
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

"Монгол улсын тусгай хамгаалалтай газар нутгийн эрх зүйн байдал ба суурьшлын бүс" хэлэлцүүлэг боллоо

"Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн байдал ба суурьшлын бүс" сэдэвт Төр, хувийн хэвшил, иргэн хоорондын уулзалт хийж, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, эерэг болон сөрөг үр нөлөөллийн тухай олон талын байр сууринаас хэлэлцсэн юм.

Монгол улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдах үед дархан цаазат газар гэж байсныг нарийвчлан Онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэж 3 хуваадаг болсноос хойш иргэд хязгаарлалтын бүсэд ихээр оршин сууснаар сууршлын бүс үүсээд байна гэж үздэг. Гэтэл түүнээс ч өмнө тухайн газар нутагт олон жилээр оршин сууж байгаа мал бүхий иргэд Туул, тэрэлжийн сав газарт олноор амьдардаг. Бусад аймгуудад ч тусгай хамгаалалттай болон орон нутгийн тусгай хэрэгцээний газарт мал бүхий иргэд олноор суурьшдаг.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчлэн найруулагдаж байгаатай холбоотойгоор тухайн газар нутгийн орчны бүсэд амьдарч байгаа иргэдийн эрх ашиг, төрийн хамгаалалтад байх ёстой мал, малын бэлчээр, амьтан ургамалын асуудал сүүлийн үед ихээхэн анхаарал татаад байна. Тухайлбал Богд хан уулын хамгаалалтын захиргаанд хамаарах Зайсан, яармаг болон Богд уул дагасан аманд суурьшиж байгаа иргэдийн эрх ашиг, орон сууц худалдан авсан ч өмчилж чадахгүй байгаа асуудал, дэд бүтэц болон бусад асуудал олны анхаарлын төвд байгаа билээ.

2020 онд Эрүүгийн цагдаагийн газар болон АТГ-аас Тусгай хамгаалалттай газар нутагт газар олгож байгаа асуудлаар шалгалт явуулж түүнээс 280 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцалсан тухай мэдээ байдаг тул газар олголттой холбоотой асуудал олны анхаарлын төвд байна.

Түүнчлэн төрийн байгууллагаас гаргаж байгаа шийдвэрийг иргэд, олон нийт мэдэх ёстой, төрийн эрх бүхий байгууллага мэдээлэх үүрэгтэй тул Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг эл хэлэлцүүлэгт дурдсан юм.

Илтгэгч байгууллагаар БОАЖЯ, ШӨХТГ, МҮХАҮТ, Нээлттэй нийгэм форум, ОТИС оролцож байна. Оролцогч байгууллагаар АТГазар, ЦЕГазар, Хан-уул болон Налайх дүүргийн засаг даргын тамгын газар, МХЕГазар, Нийслэлийн МХГазар, Нийслэлийн Ерөнхий төлвлөгөөний газар, НҮБ-ын боловсрол шинжлэх ухаан, соёлын байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг байгууллагууд оролцжээ.

Хэлэлцүүлгээс гарсан санал, түүнийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо маш чухал бөгөөд хамтдаа зөв шийдлийг олно гэдэгт итгэлтэй байгаагаа тус хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон байна.

ШИНЭ МЭДЭЭ