МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.16
Эдийн засаг, Худалдаа

С.Чинзориг: Койны мөнгөн урсгалд хяналт тавьж байна уу?

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаж байна.

Хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авлаа.   

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Ажлын хэсгээс хэдэн зүйл тодруулъя. Монгол Улсад койн өнөөдрийг хүртэл хэчнээн койн гараад байна вэ? Хэчнээн иргэн үйлчлүүлэв, мөнгөн дүнгээр хэдэн төгрөгний хөрөнгө татан төвлөрүүлсэн байна вэ гэдэг тоо,  статистик мэдээлэл байна уу?

Хоёрдугаарт, Койны татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээнд ялангуяа мөнгөний урсгалд бид хяналт тавьж чадаж байна уу, үгүй юу. Дотооддоо байна уу, гадагшлаад байна уу? Хэдийгээр хууль эрх зүй нь бүрдээгүй ч хяналт тавьж байгаа Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, шаардлагатай бол цагдаагийн холбогдох байгууллага хяналт тавьж иргэдээ эрсдэлд оруулахгүй байлгах гэдэг үүднээс мөнгөний урсгалд нь хяналт тавьж байна уу?

Хууль батлагдахаас өмнө гарсан койныг дараа нь яаж зохицуулах юм бэ? Ажлын хэсгийн ахлагчийн саналаар бол шилжилтийн үеийн зохицуулалт оруулж ирж байгаа юм байна. Дөрвөн сарын дараа энэ хуулийн дагуу бүртгүүлэх процесс орж ирэх юм байна шүү дээ. Үүнтэй холбоотой асуудлыг бүрэн зохицуулж чадаж байгаа гэж үзэж уу, үгүй юу?

17.1-д заасны дагуу “Дөрвөн сарын хугацаа дууссанаас 3 сарын дотор энэ хуульд заасан шаардлагыг хангаж хороонд бүртгүүлнэ” гэж. Энэ хооронд иргэд хохирвол яаж зохицуулах юм бэ? Хууль батлагдахаас өмнө койн гаргаж бүртгүүлсэн иргэд энэ хугацааны дараа дахин бүртгүүлээд орж ирэхдээ түүнээс өмнө үүссэн иргэдийн хөрөнгө мөнгийг яаж зохицуулах юм, хохирол мөнгийг нь буцаан татаж олгон байршуулсан байх юм уу? Завсар дундын асуудлыг бүрэн зохицуулж чадаж байна уу үгүй юу?

Надад нэг л болгоомжлол байгаад байгаа нь дэд бүтэцтэй холбоотой,иргэдийн дундах ойлголт асар их зөрүүтэй байгаа учраас иргэд хохирох вий дээ. Хуульгүй явж байсан зохицуулалтыг дараа нь хууль оруулахаар иргэд хуулиас болоод бид хохирсон гэдэг асуудал үүсэх вий дээ. Үүнийг ажлын хэсэг яаж үзсэн юм? Иргэд хохиролгүй байх, эрсдэл орохгүй байх боломжийг шилжилтийн харилцааг зохицуулж буй зохицуулалт чинь бүрэн хангаж байна уу гэсэн асуултууддаа хариулт авья.

Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа.

Үүний дараа С.Чинзориг гишүүн тодруулга болгон ахин асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Маш бүдэг юм хэллээ. Үүнээс чинь болж иргэд хохирохгүй гэх үндэслэлгүй болчихлоо. Ядаж мөнгөний урсгалд нь хяналт тавих боломж байхгүй юу? Ялангуяа Цагдаа, Татварын байгууллага хяналт тавих зүйл байхгүй юу? Хууль гарснаар сайхан болчихно гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Хоёр дахь асуудал нь,

Санхүүгийн зохицуулах хорооноос хууль эрх зүйн орчин бүрдтэл шинээр койн гаргахыг биржийн арилжаа хийхийг хориглолоо гэх юм. Тийм боломж бий юу? Энэ наймаас гадна бүрдчихээд байгаа 10 койн биржд гарч ирэхгүй баталгаа байгаа юу? Гараад ирвэл хяналт тавих, хариуцлага тавих тогтолцоо байна уу?

Уг асуултад СЗХ-ны дэд дарга Н.Хүдэрчулуун хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ