2022 онд эдийн засаг ТАВАН хувийн өсөлттэй байна гэж тооцжээ
2021.11.15
Эдийн засаг, Худалдаа

2022 онд эдийн засаг ТАВАН хувийн өсөлттэй байна гэж тооцжээ

Монгол Улсын Их Хурлын өнгөрөгч баасан гарагийн /2021.11.12/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг тус тус бүхэлд нь эцэслэн баталлаа.

Халдварт цар тахал 2020 он гарсаар эрчимтэй дэгдэж улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолох боломжгүй эрсдэл учруулсны дотор манай улсын  эдийн засгийн өсөлт -4.6 хувь, төсвийн алдагдал ДНБ-ий -12.0 хувьд хүрээд байсан боловч Засгийн газар цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих нийт 2.6 их наяд төгрөгийн багц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Засгийн газар 2021 оны 2 дугаар сараас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, 4 дүгээр сараас хүн амын зорилтод хэсгийг эрчимтэй вакцинжуулснаар хөл хориог үе шаттай сулруулж аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагааг нээснээр эдийн засгийн өсөлтийг 2021 оны эхний хагас жилд 6.3 хувьд хүргэж чадсан.

10 их наядын цогц төлөвлөгөөний үр дүнд банкны секторын зээл 10.5 хувиар агших байсныг 6.5 хувийн өсөлттэй хадгалж, банкны нийт зээлийн хэмжээ 18.1 их наяд төгрөгт хүрч, зээл олголт цар тахлын өмнөх үе буюу 2019 оны түвшинд хүрсэн байна. Түүнчлэн, 2021 оны 9 дүгээр сарын 27-ний байдлаар нийт 58 мянган зээлдэгчид 3.7 их наяд төгрөгийн зээлийг банкуудын эх үүсвэрээр олгож, 10.2 мянган иргэнийг орон сууцжуулж, 266.8 мянган ажлын байрыг хадгалаад байна.

Улмаар 2022 онд вакцинжуулалтын үр нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагааг бүрэн нээж эдийн засгийг сэргээх, гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг эхлүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төслүүдийг түлхүү хэрэгжүүлж эдийн засгийг тэлэх, “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжих төсвийн бодлого хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засгийг 5.0 хувийн өсөлттэй байна гэж тооцож байна.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль нь

4 бүлэг 21 зүйлтэй бөгөөд Монгол Улсын төсөвт 2022 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9,406,608.4 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 12,086,996.3 сая төгрөг байхаар баталлаа. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 2,218,053.4 сая төгрөгөөр санхүүжүүлж, “Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд 303,600.0 сая төгрөгийн эргэн төлөлт хийхээр болж, Төсвийн тогтворжуулалтын санд төсвийн жилд 643,389.3 сая төгрөгийн хөрөнгө хуримтлуулахаар баталлаа.

Төсвийн жилд орон нутгийн төсөвт нийт 236,728.1 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, орон нутгийн төсвөөс улсын төсөвт нийт 513,998.7 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зарлагыг нийт 253,401.4 сая төгрөгөөр баталлаа.         

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон түүнийг дагаж батлагдсан Төсвийн тухай хуульд орсон өөрчлөлтөөр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь аймаг, нийслэлийн төвлөрүүлэх татварын орлогод шилжсэн. Улмаар 2022 оны орон нутгийн төсвийн суурь орлого аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь болох 588.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн байна. Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1-д заасан орлогод ногдох албан татвар, газрын төлбөр болон үл хөдлөх хөрөнгийн албан татвар нь аймаг, нийслэлийн татварын орлогоос сум, дүүргийн татварын орлого руу шилжсэн нь сум, дүүргийн төвлөрүүлэх татварын орлогыг нэмэгдүүлэхэд голлон нөлөөлж байна.

Уул уурхайн салбараас орох орлогын төлөвлөгөө, тэрбум төгрөг 

“Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилт 2030, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд чиглэсэн ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ-ийг дэмжих төсвийн бодлогын хүрээнд дараах багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ 2022 онд:

  1. Хөгжлийн төслүүдийг эхлүүлэх, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ шинэчлэл хийнэ.
  2. Төрийн өмчит хуулийн этгээдийн ашигт ажиллагаа, засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулж төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ЗАСАГЛАЛ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ, НОГДОЛ АШГИЙН БОДЛОГЫН шинэчлэлийг ирэх онд хэрэгжүүлнэ
  3. Төр өөрийн зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГУУДЫГ ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ажиллана.
  4. Хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж СТАНДАРТ-ЧАНАР-ӨРСӨЛДӨӨН-д суурилсан үйлчилгээг төр худалдан авах, нийгмийн суурь үйлчилгээний байгууллагуудыг төсвийн хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх зэргээр ЦОМХОН, ЧАДВАРЛАГ ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН АЛБА-ыг бүрдүүлнэ
  5. Эрүүл мэндийн салбарт энэ онд хэрэгжүүлж эхэлсэн шинэчлэлийг эрчимжүүлж ИРГЭДЭЭ ЖИЛ БҮР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ хамруулна
  6. Байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлж, санхүүгийн баталгаатай, “ХУРИМТЛАЛТАЙ ХҮҮХЭД” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  7. Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ шилжих шинэчлэл хийнэ.
  8. Хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийн дагуу үнэлгээ хийгдсэн ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДИЙГ нэн тэргүүнд хэрэгжүүлж, урсгал болон ашиглалтын зардал өндөртэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй.
  9. Улаанбаатар хотын авто замын ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэнэ.

Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд

Нийгмийн даатгалын санд төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид нийт 2,840,418.8 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, нийт 98,100.0 сая төгрөгийн эргэн төлөх төлбөр төлж, нийт 2,750,964.7 сая төгрөгийн төсөв зарцуулахаар баталлаа.

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд

Эрүүл мэндийн даатгалын санд төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1,450,723.5 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, нийт 136,400.0 сая төгрөгийн эргэн төлөх төлбөр төлж, төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1,481,369.2 сая төгрөг зарцуулахаар тусгаж баталсан.

Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд

Ирээдүйн өв санд төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1,461,737.7 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1,461,737.7 сая төгрөгийн төсөв зарцуулахаар тусгасныг баталлаа.

2022 оны төсөв төрийн өмчит компаниудын үр ашиг, ил тод байдал, хариуцлага, өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Энэ бол  “ЗАСАГЛАЛ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ, НОГДОЛ АШГИЙН БОДЛОГО”-ын   шинэчлэл хийх юм.

Төрийн үйлчилгээг цахимжуулж, бүх шатны байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллана. Мөн бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинарыг цахимаар зохион байгуулах, гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, тавилга, эд хогшил, ном хэвлэл худалдан авах, болон хэвлүүлэх, сурталчилгаа хийх, бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх, биеийн тамирын уралдаан тэмцээн, салбарын болон байгууллагын тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, салбартай холбоотой киноны уран бүтээл хийх болон төрийн захиргааны төв байгууллагуудын тээвэр, шатахууны зардлыг санхүүжүүлэхгүй. Цаашлаад бүх шатны төрийн байгууллагын бичиг хэргийн зардлыг 50 хувиар, Ковид-19 халдварт цар тахалтай тэмцэх чиг үүрэгтэйгээс бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод албан томилолтын зардлыг 50 хувь бууруулж баталсан байна.

Нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг салбарын байгууллагуудыг төсвийн хувьд хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх багц шинэчлэлийг энэ төсвөөр хийж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгох зарчмаар төсвийг баталлаа. Ирэх 2022 оноос боловсрол, соёл урлаг, нийтийн биеийн тамирын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даалгаж, үр дүн, чанар, гүйцэтгэлд нь үндэслэн санхүүжүүлнэ.

Байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн баталгаатай “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийг эхлүүлснээр 2022 онд хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлалын данстай болно. Ингэхдээ хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хэрвээ хүсвэл Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг бэлнээр авах боломжтой байхаар зохицуулсан байна.

2022 оны төсвөөр хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг дэмжиж халамжаас-хөдөлмөрт шилжих шинэчлэл хийж, хүн амын өсөлтийг дэмжсэн, эрүүл мэндийн байдлыг харгалзан олгодог тусламж, дэмжлэгийг халамжаас тусгаарлаж, цаашид халамжаас зөвхөн нийгмийн даатгалаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаагийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэр бүлийн гишүүд, түүнчлэн нэн ядуу болон нийгэмд бие даан амьдрах чадваргүй хүнийг  халамжийн тогтолцоогоор хамруулдаг болно. Хөдөлмөрийн насны орлого багатай өрх, иргэдэд олгох халамжийг  ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлтэй болгоно. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэж, 2022 онд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт тусгасан.

Г.Занданшатар УИХ-ын дарга

“2022 оны төсөв нь бүхэлдээ Монгол Улсын төсөв, мөнгөний бодлогод реформ хийх, КОВИД-ийн үеийн эрсдэлийг даван туулах, улмаар КОВИД-ийн дараах улсын эдийн засгийг эрчимтэй хөгжлийн замд шилжүүлж, Монгол Улсаа сэргээн мандуулах бидний зорилгод чухал алхам болсон.”

Монгол Улсын Засгийн газрын өр:

Засгийн газрын өрийн үлдэгдэл 2021 оны жилийн эцсийн байдлаар 31.1 ихнаяд төгрөг буюу ДНБ-ний 61.2 хувьд хүрэхээр төсөөлөгдөж байна. Засгийн газрын өрийн бүтцийн хувьд 2021 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр дотоод өр 12.1 хувь, гадаад өр 81.8 хувь, Засгийн газрын өрийн баталгаа болон барих-шилжүүлэх төрлийн концесс 6.1 хувийг тус тус эзэлж байна.

Засгийн газрын өрийн бүтэц, тэрбум төгрөг

Vip76.mn сайт дараагийн удаад Ирээдүй өв сангийн 2022 оны төсвийн тухай хууль болон "Хуримтлалтай хүүхэд" хөтөлбөрийн талаар 2022 оны төсвийн тухай хууль болон холбогдох бодлогын баримт бичгүүдэд хэрхэн тусгагдсныг дэлгэрэнгүй нийтлэх болно.

ШИНЭ МЭДЭЭ