Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр санамж бичиг байгууллаа
2021.11.12
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Дэлхийн зөн монгол олон улсын байгууллагын Үндэсний захирал Б.Болорцэцэг нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийг “Хүүхдэд ээлтэй хот” болгох зорилгын хүрээнд Улаанбаатар хотын гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тус санамж бичигт тусгажээ.

Санамж бичгийн хүрээнд талууд 2022 онд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Дэлхийн зөн монгол олон улсын байгууллагын Хөтөлбөрийн нөөц, чанарын хэлтсийн захирал Б.Мөнхбаяр нар батлав. Тус төлөвлөгөөг баталснаар 2022 оноос эхлэн Дэлхийн зөн монгол олон улсын байгууллагаас 1.8 тэрбум орчим төгрөгийн дэмжлэгтэйгээр талууд хүүхдийн эрхийг хангах, хөгжил хамгааллыг бэхжүүлэх, өрхийн амьжиргаа болон даван туулах чадавхыг сайжруулах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тусгай хэрэгцээт хүүхдийн хамгаалал, хөгжил гэсэн үндсэн дөрвөн чиглэлд тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж, бодит үр дүнг бий болгохын төлөө хамтран ажиллах юм.

Дэлхийн зөн монгол олон улсын байгууллага нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд ирээдүйгээ өөрчлөх боломжийг бий болгохын төлөө орон нутгийн иргэд, донор түншүүд, төр засгийн байгууллагуудтай 70 жилийн турш хамтран ажилласан туршлагатай байгууллага юм.

ШИНЭ МЭДЭЭ