МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Халамжаас хөдөлмөрт шилжих эрх зүйн шинэтгэл хийгдлээ
2021.11.11
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Халамжаас хөдөлмөрт шилжих эрх зүйн шинэтгэл хийгдлээ

Монгол Улсын хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, үндэсний онцлог, хөдөлмөрийн зах зээлийн цаашдын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Монгол Улсын 1 сая гаруй ажиллагчид, нийт ажил олгогчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хаврын чуулганаар баталлаа.

Энэхүү хуулиар хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, цагаар ажиллах, гэрээсээ, зайнаас ажиллах, уртын ээлжээр ажил, үүргээ гүйцэтгэх, туслах малчнаар ажиллах зэрэг хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүд зохицуулагдсан. Түүнчлэн ажил олгогч болон ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь эрх, хүлээх үүргийг зохистойгоор тэнцвэржүүлсэн. Мөн хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг боловсронгуй болгосон байна. Цалин хөлсийг гүйцэтгэл, бүтээмж, ур чадвартай нь уялдуулах, нарийн мэргэжлээр дагалдангаар ажиллах, дагалдангаар суралцах зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгаснаар үндэсний ажиллах хүчний өрсөлдөх чадвар, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд энэхүү хууль чухал ач холбогдолтой болсон.

Уг хуулийн төсөл 2018 онд өргөн баригдаж 2 ч парламентын гар дамжиж батлагдсан бөгөөд хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх юм. Хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ахалж ажилласан бөгөөд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, ажил олгогч эзэд, үйлдвэрчний эвлэлийн байгууллага болон УИХ, Засгийн газрын зүгээс хуульд тусгуулах саналуудыг оновчтой, дэвшилтэт байдлаар тусган ажилласан юм.

Ц.Мөнх-Оргил УИХ-ын гишүүн, Хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч

“1999 онд Засгийн газар нийт ажилчдын 90 хувийг ажлын байраар хангаж байсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс үндсэндээ нэг том ажил олгогчтой байсан. Өнөөдөр тэгвэл Засгийн газар нь төрийн албаны 180 мянган хүний ажил олгогч болсон. Үлдсэн нэг сая гаруй хөдөлмөр эрхлэгчид ажил олгогчдын олон хэлбэрт очсоноор хөдөлмөрийн харилцаа өөр хэлбэрт шилжлээ. Энэхүү хуулийг баталснаар хөдөлмөрийн зах зээлд үүсээд буй олон асуудлыг зохицуулах юм. Хөдөлмөрийн хуулийн суурь зарчим болох ялгаварлан гадуурхахгүй байх, шударга байх, цалингаа цаг хугацаанд өгөх зэрэг заалтууд үйлчилж эхэлнэ. Хуульд ажилтан, ажил олгогч хоёр яг адилхан эрх үүрэгтэй гэдгийг тодотгож байгаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол хоёулаа адилхан эрх, үүрэгтэй.”
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД:

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Хөдөлмөрийн тухай хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ ШИНЭ ХЭЛБЭРҮҮДИЙГ ЗОХИЦУУЛСАН ХУУЛЬ БАТЛАГДЛАА" -аас үзнэ үү.

ШИНЭ МЭДЭЭ