МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ
2021.11.09
Хууль, эрх зүй

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.11.09) хуралдаан 14 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, С.Бямбацогт, Н.Энхболд нар санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасны дагуу Ажлын хэсгээс гаргасан болон УИХ-ын даргаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалаа. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлого” гэсэн асуудлыг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн.

Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “хүн амын нутагшилт, дасан суурьшлын ерөнхий төлөвлөлт” гэж, төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд “мэдээллийн технологийн салбарын тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүний нөөцийн хөгжлийн асуудал” гэж тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ингээд Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүнээс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор төслийн 10, 13, 14, 15, 16 болон 69 дүгээр зүйлд холбогдох нийт 9 санал хурааж, хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хороо болон Ажлын хэсгийн гишүүдээс гаргасан саналыг боловсруулж анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр тогтсон.

Энэ хүрээнд дэд ажлын хэсэг 10 дугаар сарын 28, 29, 11 дүгээр сарын 1, 2, 3, 8-ны өдрүүдэд нийт зургаан удаа, гишүүдийн Ажлын хэсэг 11 дүгээр сарын 1, 4, 8-ны өдрүүдэд тус тус хуралдаж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлд холбогдох зарчмын зөрүүтэй 37, найруулгын санал 3, хамт өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох зарчмын зөрүүтэй 4 санал, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдох зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэн тохиолдолд шаардлагатай гэж үзвэл эцсийн хэлэлцүүлэгт холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулахтай холбоотой санал 1 нийт 45 санал бэлтгэсэн гэж байлаа.

Мөн зарчмын зөрүүтэй саналын 19 дэх саналыг нэгдсэн хуралдаан дэмжсэн тохиолдолд төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах асуудлаар санал хураах шаардлага үүснэ гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, Ё.Баатарбилэг Ж.Сүхбаатар, Н.Энхболд нар санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалаа. Тухайлбал, төслийн 11 дүгээр зүйлд “11.3.Улсын Их Хурлаас энэ хуулийн 11.2-т заасны дагуу Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайланг хагас жил тутамд Улсын Их Хуралд ирүүлэх ба түүнд Тамгын газар дүн шинжилгээ хийж, танилцуулгыг холбогдох Байнгын хороодод хүргүүлнэ.” гэсэн хэсэг болон төсөлд Хяналтын сонсголыг хүчинтэйд тооцох 32 дугаар зүйл буюу “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Байнгын, дэд, түр хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь оролцсоноор тухайн сонсголыг хүчинтэйд тооцно.” гэсэн зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Түүнчлэн Ажлын хэсгээс гаргасан төслийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллаж болно.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 83,3 хувь нь дэмжив.

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн төслийн 45.3-ыг “Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн төлөөлөл энэ хуулийн 45.2-т заасны зарчмын дагуу түр хорооны бүрэлдэхүүнд оруулах гишүүдийн нэрийг өөрөө тогтоож, холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ. Байнгын хороо ирүүлсэн нэрийг өөрчлөхгүйгээр хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж өөрчлөн найруулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81,8 хувь нь дэмжсэн.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Хуралдааны төгсгөлд “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ