Орос, Монголын парламент хоорондын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа нотлов
2021.11.05
Гадаад харилцаа

Орос, Монголын парламент хоорондын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа нотлов

Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд манай улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Константин Иосифович Косачев тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.11.05) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев нар Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн мэндчилгээг харилцан дэвшүүлэв. Ноён К.И.Косачев энэ үеэр ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенкогийн баярын мэндчилгээг УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулан өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг бид энэ оны туршид ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна, ойг тохиолдуулан миний бие ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенко, Төрийн Думын дарга, ноён В.В.Володин нарт баярын илгээлт хүргүүлсэн гэлээ.

Уулзалтын үеэр хоёр тал парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны нэгэн чухал хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, харилцаа амжилттай хөгжиж байгааг санал нэгтэй тэмдэглэв.

Мөн Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Олон улсын харилцааны хороо хооронд зохион байгуулсан цахим уулзалтад хоёр улсын хууль тогтоох байгууллагын гишүүд ихээхэн анхаарч, өргөн бүрэлдэхүүнтэй оролцсоны дотор айлчлалын бүрэлдэхүүнд яваа ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн гишүүн, ноён Б.Б.Жамсуев ихээхэн идэвх чармайлт гаргасныг онцлов.

УИХ дахь Монгол, Оросын парламентын бүлэг үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглээд, хоёр улсын харилцааны ач холбогдлыг харгалзан тус бүлэг хоёр даргатай ажиллаж байгааг мэдээллээ.

Ноён К.И.Косачев хоёр орны залуу парламентчдын хэлхээ холбоог өргөжүүлэх, Монголын парламент хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэж, улс орнуудын хууль тогтоох байгууллагатай хамтран ажиллаж байгаа туршлагыг Орос, Монголын парламентын хамтын ажиллагаанд нэвтрүүлэх, КОВИД-19 цар тахалтай тэмцэж буй асуудлаар харилцан туршлага солилцох, Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаарх судалгааг идэвхжүүлэх, Ази, Номхон далайн орнуудын парламентын холбоо (АНДОПХ) зэрэг Олон улсын парламент хоорондын болон бүс нутгийн парламентын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, бие биенийг дэмжих зэрэг асуудлуудыг хөндөж, энэ оны 12-р сард БНСУ-ын Сөүл хотноо болох АНДОПХ-ны чуулганаар хэлэлцэх 5 тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж, эдгээр чиглэлээр санал санаачилга гарган, идэвхтэй хамтран ажиллаж, дэмжихийг хүслээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Конгрессийн 100 гаруй гишүүд “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай” хуулийн төслийг санаачлаад байгаа бөгөөд энэ хууль батлагдвал Монголын оёмол болон сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд гаргах, 200 мянга гаруй малчин өрх, 50 мянга гаруй малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг борлуулах боломж бүрдэх юм. Үүний нэгэн адил ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүд Монгол, Оросын сайн хөршийн харилцааг идэвхжүүлэх, Монголын экспортыг дэмжих хууль санаачилбал бид баяртай байх болно гэлээ. Мөн Олон улсын парламентын холбооны болон бүс нутгийн парламентын холбоодын хамтын ажиллагааны хүрээнд жендэрийн асуудал, терроризмоос сэргийлэх, КОВИД-ын дараах эдийн засгийг сэргээх зэрэг чиглэлүүдээр ОХУ-ын талтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн “Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм бий болгох асуудлыг Төрийн Думээс санаачлаад явж байна. Энэхүү санаачилгыг бид дэмжиж буй бөгөөд тус механизмын үйл ажиллагаанд Холбооны Зөвлөл оролцож, дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Ноён К.И.Косачев энэ асуудлыг Холбооны зөвлөл бүрэн дэмжиж, Төрийн Думтэй нягт хамтран ажиллаж, нэгдмэл бүтэц бий болгохын төлөө чармайх болно гэв.

Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцав.

УИХ-ын дарга Г. Занданшатар хоёр улсын худалдаа мүүлийн жилүүдэд тэнцвэргүй явагдаж ирсэн байдлыг сайжруулах арга хэмжээг үе шаттайгаар хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, хоёр талын худалдааны эргэлт 2018 онд 1.8 тэрбум ам.доллар, 2019 онд 1.86 тэрбум ам.доллар, 2020 онд 1.53 тэрбум ам.доллар, 2021 оны эхний 9 сарын байдлаар 1.48 тэрбум ам.доллар байна. Монгол Улс, ОХУ-ын гадаад худалдаа 2020 оны байдлаар 1.48 тэрбум ам.доллар, үүнээс Монгол Улсын экспорт 57.3 сая ам.доллар, импорт 1.4 тэрбум ам.доллар болж, Монгол Улсын худалдааны баланс -1.3 тэрбум ам.долларын алдагдалтай байна. 1990 онд экспортын бүтцэд ОХУ-ын эзлэх хувь бараг 80 хувьд хүрч байлаа. Гэтэл 2019 оны байдлаар БНХАУ-ын эзлэх хэмжээ 88.9 хувь, ОХУ-ынх 0.9 хувь болсон байна.

Тиймээс худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулахад анхаарах шаардлагатай байгааг тэмдэглэв.

Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “УБТЗ” ХНН цар тахлын хүнд цаг үед ч амжилттай ажиллаж байгаа бөгөөд тус нийгэмлэгийн үйл ажиллагаатай холбоотой багц асуудлуудыг шийдэхэд дэмжлэг үзүүлэхийг ноён К.И.Косачеваас хүслээ. Мөн Оросын “Интер РАО Экпорт” компани Улаанбаатар хотын ДЦС-З-ын өргөтгөл шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд төсөл цаашид амжилттай хэрэгжинэ гэж найдаж байна гэсэн юм.

Ноён К.И.Косачев хоёр улсын худалдааны эргэлт ийм бага, бас тэнцвэргүй байгаад харамсаж байна. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлж буй улс орнуудын хувьд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг орхигдуулж огт болохгүй. Үүнд төрийн зүгээс дэмжлэг зайлшгүй чухал. Тиймээс бид буцаж очоод ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко болон Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссынхонтой уулзаж, комиссын бүрэлдэхүүнд Холбооны зөвлөлийн гишүүдээс оролцуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцах болно. Засгийн газар хоорондын комиссын бүрэлдэхүүнд УИХ-ын төлөөллийг оруулах талаар та бүхэн анхаарна уу гэлээ.

Тэрбээр Орос, Монголын хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийг Холбооны зөвлөлийн зүгээс бүхий л талаар дэмжих болно. Эдгээрээс хамгийн том нь Монголын нутгаар дамжуулан тавих байгалийн хийн хоолойн төсөл юм гээд, цаашид эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын эрэл хайгуул зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж бийг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд тэрбээр энэ оны 12-р сарын эхээр АНЭ-ын Дубай хотноо нээгдэх “ЭКСПО-2020” дэлхийн үзэсгэлэн худалдааны асуудлыг хөндөж, ОХУ-ын нийслэл Москва хот “ЭКСПО-2030”-ыг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлэх гэж байгаа бөгөөд биднийг дэмжихийг хүсье гэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа, Н.Энхболд, бүлгийн гишүүн Ц.Анандбазар, Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар томилогдоод буй Ө.Энхтүвшин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн хорооны орлогч дарга, Холбооны зөвлөл дэх Орос, Монголын парламентын бүлгийн гишүүн Б.Б.Жамсуев, Холбооны зөвлөлийн орлогч даргын Ажлын албаны дэд дарга О.Д.Ходырев нарын зэрэг албаны хүмүүс оролцов.

ШИНЭ МЭДЭЭ