Нийслэл хот эдийн засаг, нийгмийн “ЭРХ ЧӨЛӨӨТ” цогцолбор болно
2021.11.03
Орон нутгийн хөгжил

Нийслэл хот эдийн засаг, нийгмийн “ЭРХ ЧӨЛӨӨТ” цогцолбор болно

Аливаа улсын нийслэл хот нь бие даасан хот гэхээсээ илүү тухайн улсын өнгө төрх болж, гадаадын жуулчдын сонирхлыг татдагийн хувьд түүний эдийн засгийн хөгжлийн бодлогыг тусгайлан авч үзэж, онцлог зохицуулалтын хүрээнд дэмжих олон улсын жишиг бий.

Тиймээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих төрийн үүргийн талаарх зохицуулалтыг бий болгох шаардлагатай болсон. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон Монгол Улсын иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах нь нийслэл хотын удирдлагын үүрэг боловч нийслэл хот нь иргэний энэхүү эрхийг бүрэн хангахад чиглэсэн нийгэм, эдийн засаг, санхүүгийн асуудлаа бие даан шийдвэрлэх эрх зүйн боломж зарим талаар хязгаарлагдмал байсан тул Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталлаа.

“Улаанбаатар хотын эрх зүйн байдлын шинэчлэл хийгдсэнээр нийслэл, дүүрэг нийгэм, эдийн засгийн хувьд хөгжиж, биеэ даах боломжийг бүрдүүллээ.”

"Vip Expert" сэтгүүл /2021.10 сар/

УИХ-ын гишүүн, Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар:

“Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд, эрх зүйн асуудлуудад шинэчлэлтийн ажлууд хийгдэж байгаа. Энэ бол Монгол Улсын төрийн удирдлагыг бэхжүүлэх ажил юм. Улс орнуудын тогтвортой хөгжилд саад болж байгаа зүйлийг үр ашиггүй, иргэддээ ээлгүй төрийн удирдлага гэж үзэж байгаа. Сайн шийдвэр гарсан ч гүйцэтгэл нь үндэсний хэмжээнд, бүсийн хэмжээнд, орон нутгийн хэмжээнд сул байгаа. Одоогийн хуульд бүх түвшинд хариуцлага, хяналт, үйлчилгээг оновчтой болгосон. Энэ бол удирдлага, зохион байгуулалтын асуудал юм.”

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа


“Ямар ч улс оронд нутгийн нэгж өөрсдийгөө 100 хувь хариуцаад явах боломж бололцоо багатай. Эдийн засгийн том төвүүд нь гол орлогоо төвлөрүүлдэг, дэмждэг зарчим байгаа ч өнөөдрийн манай төсвийн хүрээнд 3-4 засаг захиргааны нэгж л бусад бүх аймаг, орон нутгуудаа дэмждэг зарчмаар явж ирсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд нэгжийн хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэлд эдийн засгийн эрх чөлөөг олгож өгч байж, иргэдийн хүсэн хүлээж байгаа үйлчилгээг үзүүлнэ. Жишээлбэл, гудамж талбай, жишиг гудмыг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй, нийслэлээс санхүүжүүлнэ. Нийслэлд ийм боломж шилжиж байна гэж харж байна.”

“МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ 2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ДАГАЖ МӨРДӨНӨ.”

Нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн харилцаа өргөжиж, 173 хороотой, 1.5 сая орчим хүн амтай, улсын хэмжээнд бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 63 хувьтай тэнцэх аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаагаа эрхэлдэг, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэх болтлоо өргөжин тэлжээ.

Ийнхүү нийслэл Улаанбаатар хотын хүн амын тоо эрчимтэй өсөж, эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьших, байгаль орчин доройтох, агаар, хөрс бохирдох, хог хаягдал, дуу чимээ нэмэгдэх, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөний түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр хот, суурин газарт тулгамддаг асуудал хуримтлагдаж нийслэл хотын эдийн засаг, нийгмийн харилцаанд хүндрэл учирч байгаа тул хууль, эрх зүйн шинэ орчин бүрдүүлж хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор урган гарсан юм.

Нийслэл хот нь нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүргийг бий болгох, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгон хөгжүүлэх, нийслэлийн дагуул хот, хаяа тосгодыг хөгжүүлэх, нийслэлийн удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгох зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн баталлаа. Хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.

Монгол Улсын Их Хурлаас 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг 27 жилийн хугацаанд зохицуулж ирсэн бөгөөд нэг удаа уг хуульд өөрчлөлт оруулж байсан бол энэ удаад хуулийн төслийг шинэчилсэн найруулж баталсан юм.

Хуулиар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, үйл ажиллагааны зарчим, удирдлагын эрх хэмжээ, нийслэл хотын удирдлагаас төрийн дээд, төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон бусад этгээдтэй харилцах эрх зүйн үндсийг тодорхойлжээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва

Цаашид “Улаанбаатар хот төсөв шүтэхгүй, дотоод, гадаадын санхүүгийн зах зээлээс Улаанбаатар хот өөрөө хөрөнгө босгож чаддаг байх, Нийслэлийн өмчийн газар бүртгэлтэй 4,6 ихнаяд төгрөгийн өмч хөрөнгө татвар төлөгчийн мөнгөөр бий болсон ч үхмэл хөрөнгө болж үр ашгаа өгдөггүй хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгөөр баталгаажсан бонд, үнэт цаас гаргах, гэх мэт санаанууд туссан. Мөн Улаанбаатар хотыг бүсчлэлтэй болгон, татварын тогтолцоог уялдуулах гэх мэт үзэл санаа хуульд тусгагдсан. Улаанбаатар хот Дагуул хоттой байна. Дагуул хот нь Тусгай бүстэй байна гэх мэт”

“Хотын иргэн зүгээр нэг хоргодох газар амьдран сууж байгаа хүн биш, төлөвлөлттэй, тохилог, хотын соёлтой орчинд амьдардаг оршин суугч байх ёстой”

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар ажилласан. 

Улсын Их Хурал баталж буй хуулиудын агуулгадаа төр, иргэн аль аль талдаа хүлээх үүрэг, эрх, иргэнд ирэх боломж, өгөөж юу байх вэ гэдэгт онцгойлон анхаарч байна. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай энэ хууль нийслэл хотын сая таван зуун мянга гаруй иргэдийн эрх ашгийг хангах, цаашлаад Монгол Улсын тэнцвэртэй хөгжлийг хангахад чиглэж байгаа. Жишээлбэл, нийслэл Улаанбаатар хот өөрийн гэсэн дүрэмтэй байна. Хотын дүрмийн төслийг боловсруулахдаа оршин суугч, иргэдийн саналыг авна, батлуулчихаад гурваас доошгүй сарын дараа мөрдөнө гэдэг зохицуулалт тусгасан. Хотын дүрэмд хуулиар зохицуулаагүй харилцаанууд ордог. Авто зогсоол, хашаа хайс, цэцэрлэгт хүрээлэн, дрон нисгэвэл яах, дуу чимээ, мал амьтан тэжээхэд яах вэ гэх мэт олон асуудлыг хотын дүрмээр шийдвэрлэнэ.

Хууль хэрэгжээд эхлэхээр Улаанбаатар хот бусад улс орнуудын жишгээр хотын өөрийн стандарттай, дүрэмтэй, хотын өөрийн аж ахуй, эдэлбэр газартай болно. Хотын оршин суугчид хотын ерөнхий хөгжлийн болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд заагдсан суурьшлын бүсэд амьдарч байгаа л бол нийгмийн болон инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтцээр хангагдах эрхтэй, энэ эрхээ хангуулахаар шаардах эрхтэй. Үүнийг хуульчилсан. Өөрөөр хэлбэл дэд бүтцээр хангах нь төрийн үүрэг болж байна гэсэн үг. Ийм учраас энэ хуулийг иргэдэд өгөөжтэй, иргэн лүүгээ чиглэсэн хууль болсон юм.

“Нийслэл хотод хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх үүднээс нийслэл дэх хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих зохицуулалтыг нарийвчлан тусгалаа.”

Хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд нийслэл хөрөнгөдөө үндэслэн үнэт цаас гаргах, төсвийн орлого, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны талаар тодорхой заалтуудыг холбогдох хуульд нийцүүлжээ. Хуулийн 17 дугаар зүйлд “Нийслэл нь нийслэлийг
хөгжүүлэх сантай байж болно.” гэж заасан. Уг сангийн хөрөнгийг зарцуулах үйл ажиллагааг дараах байдлаар хуульд тусгасан.

  • Хотын стандарт, соёлыг хөгжүүлэх;
  • Ухаалаг, цахим хотын хөгжлийг дэмжих;
  • Үйлдвэрлэл, инновацийг дэмжих;
  • Хөрөнгө оруулалтыг дэмжих;
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих;
  • Хот байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх;
  • Ногоон хөгжлийг дэмжих;
  • Аялал жуулчлалыг хөгжүүлэх;
  • Эрсдэлийг бууруулах.

Нийслэлийн өмчид нийт бүртгэлтэй 770 орчим үл хөдлөх хөрөнгө байдаг ч үл хөдлөхөөс олдог татварын орлого өчүүхэн. Нийт 3.4 их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй Улаанбаатар хот төрийн өмчийг ашиглуулсны төлөө ердөө 3 орчим тэрбум төгрөгийн орлого олж байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар баян байх бололцоотой ч түүнийгээ ашигладаггүй. Тэгвэл уг хуулийн 16 дугаар зүйлд Нийслэл хотын албан татварын талаарх зохицуулалт тусгагдсан. Ингэхдээ Нийслэл хот албан татвартай байх бөгөөд албан татварыг хуулиар тогтооно. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь татварын хууль тогтоомжоор эрх олгож, тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтооно хэмээн заажээ.

Өмнөх хуулиар нийслэлийн дагуул хот, хаяа тосгоны харилцааг нарийн зохицуулаагүй аж. Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хот Багануур, Налайх хот гэх мэтээр дагуул хоттой байхаар төлөвлөсөн байх боловч дагуул хотыг хэрхэн байгуулах, түүний чиг үүрэг, удирдлага зохион байгуулалтын талаар тодорхой зохицуулалт байхгүйгээс дагуул хот байгуулах асуудал хэрэгжээгүй явж иржээ. Иймд уг хуульд дагуул хот, хаяа тосгон, түүний удирдлага, зохион байгуулалтын онцлог, бусад харилцааны эрх зүйн үндсийг тусгасан юм.



“Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн зургадугаар бүлэг буюу НИЙСЛЭЛ ХОТЫН ДАГУУЛ ХОТ, ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС гэсэн шинэ бүлэг оруулсан. Энэ бол бидний хэлдэгээр Эдийн засгийн чөлөөт бүс юм. Улаанбаатар хотын дэргэд чөлөөт бүс байгуулах нь хотын эдийн засгийг дэмжих, илүү хүчирхэг эдийн засагтай болсноор улсын макро эдийн засагт эерэг нөлөөтэй болох юм.”

Цаашид нэг төвт хотоос олон төвт хот руу буюу дэд төв, дагуул хотыг хөгжүүлж, эдийн засгийн чөлөөт бүс болох том зорилт тавьж байна. Нийслэл хотын дагуул хот нь эдэлбэр газартай байж, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, логистикийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, газар зүйн байрлал болон нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдолтой, дэд бүтэц бүхий төвлөрсөн суурин газар байхаар тодорхойлсон байна.

“Нийслэл хот нь эдийн засаг, нийгмийн цогцолборын хувьд тусгай болон хотын аж ахуйн асуудлаарх бусад чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит боломжийг бүрдүүллээ.”

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль нь 7 бүлэг, 51 зүйлтэй. Нийслэл эдэлбэр газартай, эдэлбэр газар нь бүсчлэл, дүрэмтэй байх бөгөөд бүсчлэл, дүрмийг Засгийн газраас тогтоосон шалгуур үзүүлэлтийг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батална.

Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болохын хувьд Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд заасан чиг үүргээс гадна нийслэл хотын хувьд хэрэгжүүлэх тусгай болон хотын аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх бусад чиг үүргийг хуульд тодорхойлсон байна.

Нийслэл хотын дүрэмтэй байх бөгөөд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол, автозамын арчлалт хамгаалалт, шашны, соёлын үйл ажиллагаа, аялал жуулчлалын байгууллага, зочид буудлын үйл ажилагааны бүртгэл, зэрэглэл тогтоох, мал, тэжээвэр амьтны зохицуулалт, такси, хүргэлтийн үйлчилгээ, нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроны ашиглалт зэргийг тусгасан тус дүрмийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах юм байна.

Хууль батлагдсанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж буй юм. Өөрөөр хэлбэл энэ хууль хотын хөгжлийг 2040, 2050 он хүртэл харж тодорхойлох суурь нөхцөлийг бий болгож буй ажээ.

Б.Энхболд СБД-ийн ИТХ-ын дарга


"Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ агуулга маш тодорхой тусгагдсан. Концепцийн хувьд Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэг дээр байгаа нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна гэдэг зарчмыг барьсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нь үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн дүрэмтэй байх бөгөөд ёс зүйн дүрмийг Хурал батална. Төлөөлөгч ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн бол төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгоно гэж хуульд оруулсан. Түүнчлэн хүлээлгэх хариуцлагыг ч хуульд тодорхой тусгасан.”

Уг хуулиар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн бүрэн эрхийг тодорхой болгож, хотын аж ахуйн чиглэлээрх зарим бүрэн эрхийг хотын Ерөнхий менежерт шилжүүлэн хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Түүнчлэн нийслэл хотын оршин суугчийн эрх, үүргийг хуульчилж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчноо тохижуулах, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засаж сайжруулах, орчны аюулгүй байдлыг хангах, замын түгжрэл, хог хаягдал, орчны бохирдол, тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэх зэрэг нийслэл хотыг хөгжүүлэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан иргэн, хуулийн этгээдийг урамшуулах зохицуулалтыг бий болгожээ.

Сүүлийн 10 жилийн дотор нийслэлийн бүсийн хүн ам 558.2 мянгаар өссөн. Үүний дотор Улаанбаатар хотын хүн ам 437 мянгаар нэмэгдсэн нь Дархан хотын хүн амын тооноос 5.7 дахин, Эрдэнэтийн хүн амаас 5.1 дахин олон, Өвөрхангай, Булган, Говьсүмбэр, Сүхбаатар, Говь-Алтай, Дундговь, Архангай эдгээр 7 аймгийн хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэж байна. Ийнхүү Нийслэл хотын оршин суугчдын тоо богино хугацаанд асар хурдан нэмэгдэж, хүн амын хэт төвлөрөл үүссэнээс хот төлөвлөлтийн бодлого бүрмөсөн алдагдаж, түүнийг даган нийгэм, эдийн засгийн давхар бэрхшээлүүд үүссэн.

Иймд хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй сөрөг үзэгдлийг сааруулж, арилгах, нийслэл хотын хөгжлийг системтэйгээр төлөвлөх, бие даан хөгжих боломжийг хангах шаардлагын дагуу Нийслэл хотын дагуул хотыг байгуулж, Улсын Их Хурлаар баталсан эдэлбэр газартай байх, газар эзэмшүүлж, ашиглуулсны төлбөрийг хотын өөрийн төсөвт бүрдүүлдэг байх, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, Дагуул хотыг байгуулахдаа улсын болон нийслэл хотын эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлэх үр нөлөө, аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийн ач холбогдол, газар зүйн байрлал, инженерийн болон нийгмийн дэд бүтэц зэргийг харгалзах зэргээр эрх зүйн үндсийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар бий болгоод байна.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЭХ БИЧВЭРИЙГ ХОТЫН УДИРДЛАГУУДАД ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн өдөр 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тохиосон бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эх бичвэрийг Нийслэлийн удирдлагуудад гардуулан өглөө.

Хуулийн эх бичвэрийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар гардан авсан юм. 

ШИНЭ МЭДЭЭ