МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өвөрхангай аймгийн Баянгол сум шинэ Соёлын төвтэй боллоо
2021.11.02
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Өвөрхангай аймгийн Баянгол сум шинэ Соёлын төвтэй боллоо

Ардын жүжигчин С.Гэндэн, гавьяат жүжигчин У.Осор, уртын дууч Ө.Базарбат, Д.Төмөртогтох гавьяат гээд Монголын урлаг, соёлын олон алдартныг төрүүлсэн Баянгол сум шинэ Соёлын төвтэй боллоо. 

Тус аймгаас УИХ-д сонгогдсон С.Чинзориг гишүүн шинэ Соёлын төвийн нээлтэд оролцлоо. Тэрээр цахим хуудастаа “Намайг 2016 онд УИХ-д сонгогдоход Баянгол сумын тухай үеийн удирдлага “Манай сум сүүлийн 15 жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын нэг ч ажил хийгдээгүй. Байгаагаа тордож додомдоод болгоод байгаа ч төсвийн хэдэн байгууллагын барилга он цагийн эрхээр хуучирч ашиглалтаас гарахад хүрээд байна. Та энэ тал дээр л анхаарч өгөөрэй” хэмээн захьсан.

Тиймээс эхний ээлжинд эмнэлгийн барилгын асуудлыг хөөцөлдөж улсын төсөвт 15 ортой Эрүүл мэндийн төв барих ажлыг тусгуулснаар 2018 онд Японы эмнэлгийн жишгээр барьсан шинэ эмнэлэгтэй болсон.

Удаах том бүтээн байгуулалт нь Соёлын төвийн шинэ барилга. 1970-аад оны эхээр баригдсан чулуун ханатай, шувуу нуруун хийцтэй хуучин барилгыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа гаргаж байсан ч байр байшингийн боломжгүйгээс хуучин Соёлын төвдөө уулзалт хурал цуглаан, урлагийн тоглолтоо хийхээс аргагүй байсан юм.

Тиймээс тус суманд 1.2 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр шинэ Соёлын төв барих ажлыг тусгуулж барилгын ажил 2019 онд эхэлсэн. Баянголд очих бүртээ Соёлын төвийн барилгын ажлыг шавдуулж, сумын удирдлага, гүйцэтгэгч компанийнхантай сайн муугаа мөн ч олон хэлэлцсэн дээ.

Товлосон хугацаанаас хоцорсон ч баянголчууд маань шинэ барилгаа хүлээж аваад сэтгэл өндөр байна билээ.

Соёлын төвийн хувьд 250 хүний суудалтай үзвэрийн танхим, 24 өрөө тасалгаа бүхий том байгууламж болсон. Тиймээс соёл урлагийн арга хэмжээг хүссэнээрээ зохион байгуулж, хүүхэд залуусыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, нэг үгээр хүн зон бужигнаж, хөгжим, дуу хуур эгшиглэн, соёл түгээж, урлагаар амьсгалуулсан сайхан ордон байлгахад сум орон нутаг анхаарч ажиллах шаардлагатай юм гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ