http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.28
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: Хууль хэрэгжсэнээр Монгол улсын эдийн засагт ямар үр нөлөөтэй вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.28\ нэгдсэн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуултандаа хариулт авсан юм. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Чөлөөт бүсийн тухай хуулийг дэмжиж байгаа. Чөлөөт бүс байгуулна гэж олон жил ярьж байгаа. Хамгийн анхны чөлөөт бүс 17 жилийн өмнөх Замын-Үүдийн чөлөөт бүс. Дараа нь Цагааннуур, Алтанбулаг. Яриад байдаг ч үр дүн гардаггүй. Алтанбулагийн чөлөөт бүст хашаа хороо, ганц хоёр байшин баригдсан. Замын-Үүдийн чөлөөт бүсэд тодорхой ажлууд хийгдсэн. Цагааннуурын чөлөөт бүсэд үндсэндээ ямар ч ажил хийгдээгүй. Иймэрхүү байдалтай байгаа. Тиймээс хууль батлагдаж, нэмэлт өөрчлөлт орсноор 20-иод жил яригдсан чөлөөт бүсүүд үүдээ нээж, ямар худалдаа үйлчилгээ үйлдвэрлэл хөгжих вэ.Монгол Улсын эдийн засагт ямархуу үр өгөөж өгөх вэ? Тодорхой хариултыг олон нийтэд мэдээлэл өгөөч ээ. Гурван чөлөөт бүс тус бүр дээр мэдээлэл өгнө үү.

Үндсэндээ 2022 онд ийм үр дүн гарна, 2023 онд ийм үр дүн гарна, 2024 онд энэ чөлөөт бүсэд ийм өөрчлөлт гарна, тэдэн төгрөгний үйлдвэрлэл явагдана. Тэдэн төгрөгний худалдаа явагдана, тэдэн ажлын байр бий болно. Монгол улсын экспортыг ингэж дэмжинэ, импортыг ингэж орлоно гэдэгт олон нийтэд тодорхой ойлголт өгөөч ээ. Тэгэхгүй бол чөлөөт бүсийг эсэргүүцдэг. Хятад, Оростой хилээ нийлүүлчих юм байна. Монгол Улсын тусгаар тогтнол алга болчих юм байна гэсэн айдас хүйдэс их төрүүлдэг.

Тиймээс энэ тал дээр иргэдэд зөв мэдээлэл өгөхгүй бол эхнээсээ буруу ойлголттой явж олон түмний эсэргүүцэлтэй тулж, ажил нь зогсдог. Албан тушаалтан нь ажлаа хийж чаддаггүй, хөдөлж чаддаггүй. Тийм болохоор ач холбогдлоо зөв ойлгуулмаар байна.

Цагааннуурын чөлөөт бүсийн асуудал. Баян-Өлгий, Ховд, Увс гэсэн алслагдсан аймгууд Улаанбаатараас бараа бүтээгдэхүүн тээвэрлэхэд 1500 км зам туулдаг. Цемент гэхэд 1 тонн нь 2 дахин үнэтэй болж, гурил 1 кг тутамдаа 300 төгрөг нэмж очдог. Бензин шатахуун литр тутамдаа 500 төгрөгөөр илүү байдаг.

Уг нь Цагааннуурын чөлөөт бүс байгуулаад ОХУ-аас бараа бүтээгдэхүүн оруулж ирэх, бараа бүтээгдэхүүн гаргах боломжийг бүрдүүлж өгвөл тэр хэмжээгээрээ монголчуудын өөрсдийн бүтээсэн бараа бүтээгдэхүүн гарах бололцоо бүрдэх юм байна лээ. Сая Б.Аубакир гишүүнтэй ярьж байхад 50 тонн Янмал оймсыг Монгол Улсаас Цагааннуурын боомтоор дамжуулж ОХУ-д гаргасан. 50 тонн-д хэдэн зуун, мянган ширхэг байхыг Б.Аубакир гишүүн хэлнэ биз.

Ноосоо түүхийгээр нь гаргах, ноосон оймсоо гаргах бололцоо байна. Нөгөө талд хамгийн хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнийг баруун 3 аймгийнхан хэрэглэж байна. ОХУ-аас гурил, будаа, хүнсний бүтээгдэхүүн нь хямдхан орж ирж байна. Хэрвээ чөлөөт бүс байгуулаад энэ талдаа хоёр орны худалдааны бүс байгуулж өгвөл алслагдсан бүсийн ард иргэдийн амьдрал сайжрах бололцоо байна. орлого нь нэмэгдэж, зардал нь буурах бололцоо бий.

Үндсэндээ Замын-Үүдийн чөлөөт бүс нэлээн эрчимтэй явчих байх гэж ойлгож байна. алслагдсан газрууд шоовдор хүүхдүүд шиг орхигдчих вий. Цагааннуурын чөлөөт бүсэд ялангуяа ямархуу тодорхой үр дүнгүүд гарах вэ гэдэгт хариулт өгөөч ээ гэж хүсч байна.

С.Бямбацогт гишүүний асуултад Цагааннуур чөлөөт бүсийн захирагч А.Аманкелди хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ