Г.Дамдинням: Приусээ унаад явж байгаа иргэний машин тэр замд "Сүйрч" байгаа шүү дээ
УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.
-Монгол Улсын 2022 оны төсөв хэлэлцэгдэж байна. Ирэх жилийн төсөв хэр сахилга баттай төсөв болсон гэж та дүгнэж байна?
-Одоогийн орж ирсэн байгаа төсвийн төсөл гайгүй шүү.
-Хэтэрхий өөдрөг төсөв юм биш үү?
-Бид чинь тээврийн хямралд орчихоод байгаа шүү дээ. Тээврийн салбар асуудлаа зохицуулчихвал бидэнд том боломж байна. Бидний экспортолдог алт, нүүрс, зэс, төмрийн үнэ түүхэн дээд ханштай байна. Цар тахал үргэлжилсэн энэ хоёр жилийн хугацаанд дэлхий дахинд түүхий эдийн хомсдол үүсч байна. Энэ хэрээр бидэнд ихээхэн хэмжээний
боломж бий боллоо. Бид ганцхан тээврийн бөглөрлийг л шийдчихмээр байна. Гашуунсухайт, Замын-Үүдэд халдвар хамгааллын аюулгүй байдлын дэглэмээ л сахичихвал болчих гээд байна. Түүхий эдээ зарчихвал өөдрөг гэж дүгнэхээр төсөв биш. Орлого олох боломж нөхцөл их байна.
-Зарим гишүүдийн зүгээс шинээр хоёр яам байгуулахаар эргээд л бөөн төсөв мөнгө болно гэж дүгнэж байсан. Ер нь заавал яам байгуулах хэрэг байна уу. МАХН-тай нэгдсэний төлбөрөө ингэж төлөх хэрэгтэй юү?
-Монгол Улсын хөгжлийн чиг баримжааг хардаг, хөгжлийн асуудлыг нэгтгэж, чиглүүлж бодлого гаргадаг хүчтэй бүтэц бидэнд зайлшгүй хэрэгтэй. Ер нь манай улсын төсвийн бодлого ерөнхийдөө гал унтраах шинжтэй шүү дээ. Ганц, хоёр жилээр асуудлыг төлөвлөж харж байгаа байдалтай байна. Бид хөгжлийн бодлогын баримт бичгүүдээ гаргачихсан. Тиймээс “халамжаас хөдөлмөр рүү чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхэд ийм төслүүд хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ийм судалгаа хийлээ. Үүнд Сангийн яам санхүүжилтээ гарга” гээд сууж байх яам хэрэгтэй. Дараа нь хэрэгжилтийг нь хянадаг, мониторингийн чиг үүргийг гүйцэтгэж байх ёстой. Ганц, хоёрхон жилээр бус тав, арван жилээр бодлого төлөвлөж, хэрэгжүүлдэг баймаар байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Эдийн засаг, хөгжлийн яам гэж ганцхан удаа л байгуулсан юм билээ. Ингэхдээ сайд, удирдлагууд нь болоогүй юм шиг байгаа юм. Үүнээс болж энэ том концепци унасан юм шиг байна.
Бид цаашид хүнтэй хамаатай бус институцитэй хамаатай бүтцийг бий болгох ёстой. Хоёрдугаарт, цар тахлын нөхцөл, дэлхий нийтийн хөгжлийн хурд биднийг дижиталд шилжих ёстойг мэдрүүлж байна. Бид дижитал руу шилжиж давуу талыг олох ёстой. Дижитал шилжилт бол цаг хугацаа, бичиг цаасны маш их хэмнэлт гаргадаг. Тиймээс УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хороо байгуулагдлаа. Тиймээс салбарын яамыг нь ч байгуулах ёстой. Ингэж байж хөгжинө. Тэр битгий хэл энэхүү хоёр яамнаас гадна Худалдааны яам байгуулах хэрэгтэй гэж би боддог. Худалдаагаар л бид ашиг хийж байх ёстой шүү дээ. Өнөөдөр бид худалдааны бодлогогүй л явж байна. Тиймээс Худалдааны яамыг байгуулах ёстой.
-Өнгөрөгч зунаас хойш Дарханы замд ямар ажил хийгдэв. Ер нь ахиц гарав уу?
-Дарханы замын ажил гурав дахь жилдээ үргэлжилж байна. Гэхдээ 2020-2021 оны хугацаанд ажил хамгийн их идэвхтэй байсан. Гэвч санасанд хүрэхгүй байна. Нийт ажлын явц төлөвлөснөөс 40 гаруй хувийн хоцрогдолтой байна. Европын сэргээлт босголт хөгжлийн банкны тав, Азийн хөгжлийн банкны тав гээд нийт 10 багц ажил бий. Үүний зөвхөн гурван багцын ажил нь л дуусах шатандаа орж байна.
-Гол асуудал болох санхүүжилт нь бэлэн 200 гаруйхан км энэ замын юу нь болохгүй болчихоод дуусгаж чадахгүй байгаа юм бол. Тендерээ зарлаад компаниа тодруулчихсан шүү дээ?
-Мордохын хазгай гэдэг шиг Зам, тээвэр хөгжлийн яам анх тендер зарлаж компаниудыг сонгон шалгаруулахдаа ямар ч тоног төхөөрөмж, санхүүгийн чадваргүй, хүн хүчний нөөцгүй компанид Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй 94 орчим км замын ажлыг өгчихсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 205 км замын талыг нь ямар ч чадваргүй компанид өгчихсөн. Ямар ч чадваргүй компани гэдгийг би ч хэлээд байгаа юм биш. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нь хүртэл хэлдэг юм. Чадваргүй гэдэг нь ч үйлдэл дээрээ батлагдлаа. Гэрээгээ үзэглэснээс хойш ажил хийгээгүй компанийн гэрээг БНХАУ-ын Элчин сайдад нь гомдол мэдүүлж, төр засгийнх нь шугамаар яриулж байж хоёр жилийн дараа арай гэж нэг юм цуцлууллаа.
Мэдээж өөрсдөө “больё” гэж больсон л доо. Гэхдээ болихдоо зүгээр ч болчихоогүй. II багцаас 1.4 сая ам.доллар, IV багцаас 1.8 сая ам.доллар аваад явсан. Энэ мөнгийг юунд зарцуулсныг нь би хэлж мэдэхгүй байна. Зөвхөн нэг багц дээр нь гэхэд л гурван сая орчим ам.доллар нэхэмжилсэн байдаг. Азийн хөгжлийн банк болон Зам, тээвэр хөгжлийн яамнаас байгуулагдсан хамтарсан ажлын хэсэг ажлыг нь хэмжиж үзээд нэхэмжилсэн мөнгийг шийдсэн. Тиймээс ийм хэмжээний өртөгтэй ямар нэгэн юм хийгдсэн гэж үзсэн болж таарна. Ямартаа ч ажил хийх дараагийн хоёр компани нь есдүгээр сарын сүүл буюу саяхан гэрээ байгууллаа. Товчхондоо Зам, тээвэр хөгжлийн яамны зохион байгуулалт сул, менежмэнтийн чадваргүй байдлаас шалтгаалсан. Өнгөрсөн зун гэхэд л сар хагасын хугацаанд ЕСБХБ-ны санхүүжилт гацсан.
Санхүүжүүлэгч тал, ажил хариуцсан компаниуд, Зам, тээвэр хөгжлийн яам гээд оролцогч гурван тал бий. Зам тээвэр, хөгжлийн яам бол захиалагч тал нь. Захиалагчдын дээр төслийг дэмжих нэгж бүтэц байгуулагдах ёстой. Олон улсын төсөл учраас байгаль орчин, санхүүгийн мэргэжилтнүүд байх ёстой. Гэтэл энэ нэгжийг байгуулах үүрэг нь Зам, тээвэр хөгжлийн яамны үүрэг. Сураг сонсох нь ээ тус яамны удирдлагууд нь өөрсдийнхөө хамаарал бүхий хүмүүсийг тавих гээд сонгон шалгаруулалтад орсон хүмүүсийн материалыг санхүүжүүлэх банк руу явуулахгүй байснаас болж нэгжийн бүтцийн хүмүүсийг шалгаруулж чадаагүй. Үүнээс болж ЕСБХБ-наас төслийн хөрөнгө оруулалтаа зогсоосон. Барилгын ажил ид явагдах хоёр сар орчмын хугацаанд Монголын туслан гүйцэтгэгчид санхүүжилтгүйгээс болж ажил нь удааширсан. Мөнгө байхгүй юм чинь яаж ажил хийх вэ дээ.
-Уг нь ашиглалтад орчихвол ард иргэдэд ч, улс оронд хэрэгтэй эдийн засгийн голлох замын нэг шүү дээ...
-Энэ замаар өдөрт таван мянга, баяр ёслолын үед 15 мянган тээврийн хэрэгсэл зорчдог маш их ачаалалтай зам. Хойд урд хөршийг холбосон эдийн засгийн гол судас болох магистрал зам. Энэ замаар зорчсон иргэд ихээхэн хохирол амсдаг. Нэгхэн жилийн статистикийг харахад зөвхөн бүртгэлтэй даатгалын компаниудаас хохирлоо барагдуулсан 450 орчим тохиолдол байна.
Даатгалгүй хичнээн олон хүн байгаа бол. Приусээ унаад явж байгаа иргэдийн машин тэр зам дээр “сүйрч” байгаа шүү дээ. Зөвхөн бүртгэлтэйг нь сая дурдлаа. Ийм байхад “Хохирол гараагүй” гээд ажлаа хийхгүй байгаа хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулдаггүй. Яагаад шалгуулахгүй байгаа юм бэ гээд УИХ-ын гишүүний баланкаар асуулга тавихаар Зам, тээвэр хөгжлийн сайд нь “Гэрээ хэлэлцээрийг Сингапурын арбитерт өгч шийдүүлэх заалттай. Тиймээс хугацаа алдах эрсдэлтэй учраас бид энэ талаар үйлдэл хийгээгүй” гэсэн тэс хөндлөн хариулт өгдөг. Тэгэхээр бид үүнийг шахаж шаардахаас өөр арга байхгүй.
-Ажил явахгүй байгаа шалтгаан нь бодитой байх юм уу?
-Яамнаас гурван шалтаг хэлдэг. Нэгдүгээрх нь, коронавирус. Цар тахлын нөхцөл байдалд дэлхий нийтээрээ хоёр жил ажиллаж байна. Хувийн хэвшлийн компани аж ахуйн нэгжүүд энэ нөхцөл байдалд тааруулж, ажлаа төлөвлөөд, хийгээд явж байна. Гэтэл яахаараа төрийн яам ажлаа төлөвлөж чаддаггүй юм бэ. Ганцхан энэ яаманд цар тахал нүүрлэчихээгүй. Өнгөрсөн өвөл “Цар тахлын нөхцөл байдал биднээс салахгүй, хамт орших нь. Эрсдэлийг тооцож төлөвлө. Гаднаас оруулж ирэх хүмүүсээ оруулж ир. Нөөц бололцооны төлөвлөгөөг гарга. Хохирлыг тооцоолж менежмэнт хий.
Та нар чадна” гээд Зам, тээвэр хөгжлийн яамны удирдлагуудыг томилсон. Бүтэн хоёр жил өнгөрч байхад цоо шинэ зүйл гараад ирсэн мэт ярьж болохгүй. Хоёрдугаарт, байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлаас гэдэг. Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнгөрсөн жил ердийн байдлаас 1.7 дахин их хур тунадас орсон гэх юм. Үнэн бол үүнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Энэ бол давагдашгүй хүчин зүйл. Гуравдугаарт, ЗТХ яамны менежмэнтийн алдаанаас болсон гэдгээ өөрсдөө зөвшөөрдөг юм. Тиймээс хэлсэн гурван шалтгааных нь нэгийг нь зөвшөөрнө. Нөгөө хоёрыг нь яагаад ч хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Одоогийн Зам, тээвэр хөгжлийн яамыг удирдаж байгаа хүн чинь өмнө тус яамны дэд сайд байсан. Дарханы зам эхэлснээс одоог хүртэл тус яамыг удирдалцаж байгаа хүн. Тиймээс би Зам, тээвэр хөгжлийн сайдаас хариуцлага нэхээд байдаг юм.
-Санхүүжилтээ бид эргэж төлнө биз дээ?
-ЕСБХБ, болон АХБ-наас Монголын төр, ард түмний нэрийн өмнөөс авч байгаа зээл байхгүй юу. Буцалтгүй тусламж биш зээл. Зээл чинь хүүтэй, алдангитай. Тиймээс үр ашиг нь гарч байх ёстой. Улаанбаатараас Дархан хүртэл жижиг тэргээр 4-8 цаг явж байна. Энэ зам ашиглалтад орчихвол ирж, очиход нэг талдаа хоёрхон л цаг зарцуулна. 4-8 цаг явах бензин, цагийн зардлыг тооцоод үзвэл эдийн засгийн ямар их зөрүү гарах вэ. Дээрээс нь Баянчандманиас Урьхан хүртэлх хэсгийн түр зам гэж ёстой тамын зам байна.
Баруунхараагаас Хонгорын наад үзүүр хүртэх зам байна. Энэ бол “үхлийн” зам. Зам, тээврийн яамныхан түр зам учраас 50 км хүртэлх хурдтай явах ёстой гэдэг. 50 км цагийн хурдтай яваад ч юм харагддаггүй, машин тэрэг эвдэрдэг. Ард түмний жижиг приус битгий хэл, том жийпнүүд яваад ч эвдэрдэг. Тэнд ганц хуягт танк л явах байх. Өглөө бүр надад ард иргэдээс мессэжээр гомдол ирдэг. “Өнгөрсөн шөнө үхчихэлгүй яваад ирлээ, гишүүн ээ” гээд л янз бүрээр хараана. Харааж зүхэх нь ч яахав, байх ёстой зүйл. “Хурдан ажлаа хийгээч ээ. Өдөрт гарч байгаа ажиллах хүчин, тоног төхөөрөмж энэ гээд таны ширээн дээр тавигдаж байгаа тоо бодитой биш байна. Машин, тоног төхөөрөмж нь зогсож байна. Ажил хийхгүй байна” гэдэг. Бидэнд өгч байгаа тайлан дээр нэг л их тоо байгаа шүү дээ. Гэтэл бодит байдал дээр худлаа байна. Тиймээс ард иргэдийн хяналтыг оруулах хэрэгтэй.
-Төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох нь уу. Хэзээ ашиглалтад орох юм бэ?
-Үлдэж байгаа долоон багцын ажил 2023 оны аравдугаар сард дуусах ёстой. Хоёр жил дахиад энэ зовлон үргэлжилнэ гэсэн үг. Ер нь бол арай л дэндүү байна. 400 км-т таван жил зам тавих юм уу. Энэ хугацаанд зөвхөн эдийн засгийн утгаар гэхэд л ямар их хохирол гарч байгааг бид харж байгаа. Ерөнхий гүйцэтгэгч гээд баахан хятад компани оруулчихсан. Өөрийн тоног төхөөрөмж, инженер, техникийн ажилтантай компанийн ажил сайн яваад байгаа юм. Тухайлбал, АХБ-ы I, III, V багц. ЕСБХБ-ы урсгал дээр байгаа ганц үндэсний компани гээд нэрлэж болно. Үүнээс гадна туслан гүйцэтгэгчид нь дандаа монгол компаниуд байна.
Ерөнхий гүйцэтгэгчид нь гүйцэтгэлээ бичиж мөнгөө авч чаддаггүй, чадваргүй компаниуд оруулчихсан байгаа юм. Ийм чадваргүй компаниуд байна гээд зогсож байгаа юм. Яахаараа ийм чадваргүй компаниуд олон улсын тендерт ялаад ороод ирдэг юм бэ. Гүйцэтгэлийг нь бичээд санхүүжилтийг нь олгохоор туслан гүйцэтгэгч монгол компаниудад мөнгийг нь өгдөггүй гэж байгаа юм. Үүнд зохицуулалт хийгээч гэхээр “Эрх зүйн хувьд хоёр компанийн хоорондын асуудалд бид оролцох боломжгүй” гэдэг. Ингээд ажил гацна шүү дээ. Монгол компани, залуучууд хохирч байна. Үүнд яагаад анхаарал тавихгүй байгаа юм бэ.
Бодит байдал дээр хятад компаниуд ерөнхий гүйцэтгэгчээр, монгол компаниуд туслан гүйцэтгэгчээр орж байгаа. Өөрөөр хэлбэл, монголчууд энэ замыг барьж байна. Үндэсний компаниуд сайн ажиллаж байгаа. Бид цаашид үндэснийхээ компаниудын чадал чансаанд итгэх ёстой юм билээ. Буух эзэнтэй, буцах хаягтай. Монголчууд тендер аваад Хятадуудаар хийлгэдэг байсан бол энэ зам дээр хятадууд тендер аваад монголчуудаар хийлгэж байна. Манай үндэсний компаниуд бас чадал сайтай болсон байна лээ. Нэг ч гэсэн монгол компани босож ирж байвал Монголд л хэрэгтэй л дээ.
Р.ХИШИГЖАРГАЛ