МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын дэд дарга Н.Энхболд Австралийн парламентын төлөөлөгчидтэй уулзав
2009.07.24
Гадаад харилцаа

УИХ-ын дэд дарга Н.Энхболд Австралийн парламентын төлөөлөгчидтэй уулзав

УИХ дахь Монгол-Австралийн бүлгийн зорилго нь хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чиглэгддэг хэмээн УИХ-ын дэд дарга Н.Энхболд манай оронд айлчлал хийж байгаа Австралийн парламентын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзах үеэрээ тэмдэглэв. Төлөөлөгчдийг Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Австрали-Монголын парламентын бүлгийн дарга хатагтай Кирстен Ливермур тэргүүлж, тус улсын уул уурхай, нүүрсний салбарын үйл ажиллагаа төвлөрсөн муж, хотоос парламентад сонгогдсон гишүүд дагалдан яваа юм байна.

Улс төрч, судлаачдын үзэж буйгаар хөгжлийн гарааны үед ирсэн Монгол Улсын төр засгийн өмнө байгалийн арвин нөөц баялгаа ашиглан, эдийн засгаа хөгжүүлэх томоохон зорилт тавигдаад байна. Уул уурхайн салбарыг улс орны хөгжил, эдийн засагт үр өгөөжөө өгсөн байдлаар зөв зүйтэй ашиглахад хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал чухал бөгөөд үүнд тус салбарт амжилт олж, туршлага хуримтлуулсан Австрали Улсаас суралцах зүйл их бий гэдгийг УИХ-ын дэд дарга онцолсон.

Нэн ялангуяа уул уурхайн салбарт техник, технологийн нарийн мэргэжлийн хүмүүс онцгой шаардлагатай энэ үед мэргэжилтэн бэлтгэх асуудалд Австрали Улс тусламжаа үргэлжлүүлэн үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа мөн хэлсэн. Австралийн Засгийн газрын сургалтын хөтөлбөрт хамрагдаж байгаа монгол оюутнуудын тоо нэмэгдэж, хөтөлбөр үр дүнгээ өгсөөр байгаа нь тус улсад мэргэжил эзэмшсэн олон хүн улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байгаагаас харж болох юм.

Парламентыг сонгодог хэлбэрээр нь төлөвшүүлэхэд ардчиллын тогтолцооны арвин туршлагатай Австралийн тусламж, зөвлөгөөг авах, парламентын Тамгын газар хоорондын харилцааг өргөжүүлэх зэргээр хамтын ажиллагааны томоохон орон зай байгааг Н.Энхболд тэмдэглэв. Мөн хоёр орны харилцааг идэвхжүүлэх үүднээс Австрали Улс байнгын үйл ажиллагаатай Элчин сайдын яамыг Монгол Улсад нээн ажиллуулбал ихээхэн ач холбогдолтой алхам болно гэдгийг тэрээр хэлсэн. Хатагтай Кристен Ливермур тусламжийн хүрээнд австралийн төр засгаас хийж байгаа ажлыг монголын тал өндрөөр үнэлж байгаад талархаад Элчин сайдын яам байгуулах асуудлыг төр засагтаа уламжилна гэдгээ мэдэгдлээ.

Байгалийн баялгаа ашиглах хугацаанд Австрали Улсад өмнө нь тулгарч байсан асуудлууд, юунд анхаарвал зохилтой байдаг талаар төлөөлөгчид уулзалтын үеэр ярьж, харилцан санал солилцлоо. Уул уурхайн үйл ажиллагаа явуулахад хууль, эрх зүйн орчин тодорхой, тогтвортой байх, тус салбарт хөрөнгө оруулах баталгааг бий болгож өгөх нь чухлаас гадна тухайн орон нутгийн хөгжил, ард иргэдийн нийгмийн асуудалд анхаарах ёстой байдгийг байгалийн баялгийг ашигласан сүүлийн 50 жилийн явц харуулсан. Тухайлбал Баруун Австралид уул уурхайн олборлолт хийж байсан компаниудаас газрын хэвлийн нөөц ашигласны төлбөрт төлж байгаа хөрөнгө, мөнгөнөөс орон нутагт хуваарилах асуудал дээр алдаа дутагдал гарч байсныг тус мужаас сонгогдсон гишүүн жишээ болгон хэлж байв.

Уулзалтын үеэр дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшиг, түүний эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон хоёр орны хувьд ижил төстэй гэгдэх олон асуудлыг хөндөн ярилцсан юм.
Мөн монголын талаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдлага тус уулзалтанд оролцож, австралийн энэ чиглэлийн байгууллагатай холбоо тогтоож ажиллах сонирхолтойгоо илэрхийлснийг төлөөлөгчдийн тэргүүн дэмжиж, хүсэлтийг уламжилна гэв.
Д.Эрдэнэчимэг

ШИНЭ МЭДЭЭ