С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц оросуудын эрх ашигтай зөрчилдөхгүй. Энэ бол эрчим хүчний тусгаар тогтнол
2021.10.18
Орон нутгийн хөгжил

С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц оросуудын эрх ашигтай зөрчилдөхгүй. Энэ бол эрчим хүчний тусгаар тогтнол

Баруун бүс нутгийг эрчим хүчээр хангах зорилготой Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих гэрээг Хятадын талтай өнгөрсөн сард үзэглэж, барилгын ажлыг ирэх оны дөрөвдүгээр сард эхлүүлэхээр болсон. Уг төслийг БНХАУ-аас авах нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 280 сая ам.долларыг нь хуваарилан авч, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлнэ. Олон жил яригдсан ч гадаад, дотоодын хүчин зүйлс болон хөрөнгө мөнгөнөөс шалтгаалаад “хөдөлж” чадахгүй гацаад байсан уг төсөл баригдах нь эрчим хүчний тусгаар тогтнолын хувьд нэлээд чухал ач холбогдолтой. Гэвч өнгөрсөн долоо хоногт Увс аймгийн Өмнөговь сумын зарим иргэд нийслэл хотод хүрэлцэн ирж, байгаль орчин, бэлчээр, хашаа хороо сүйтгэнэ хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ.

Малчдын асуудалтай холбогдуулан уг төслийн ач холбогдол, өнөөдрийг хүртэл туулж ирсэн замналын талаар УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогттой ярилцаж байр суурийг нь сонслоо.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих ажил хөрөнгө мөнгөнөөс болж олон жил гацсан-

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан орон нутгийн иргэд Улаанбаатар хотод ирж үзэл бодлоо илэрхийлж байна. Та эдгээр иргэдтэй бас уулзалт зохион байгуулж мэдээлэл солилцож харагдана лээ. Нөхцөл байдал ямархуу байх шиг байна. Дахиад л нөгөө гацаадаг, зогсоодог эсэргүүцлийн эхлэл биш байгаа даа?

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь төрийн бодлогоор 1968 оноос хойш яригдсан том төсөл. Монгол Улсын эрчим хүчний системд ач холбогдолтой. Тэр дундаа ОХУ, БНХАУ-аас өндөр үнэтэй эрчим хүч хэрэглэдэг баруун бүс нутгийн ард түмнийг хямд үнэтэй, хэзээ ч тасардаггүй найдвартай эрчим хүчээр хангах зорилготой төрийн бодлогоор баригдах гэж байгаа станц. Судалгаа, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах явцдаа нутгийн иргэдэд мэдээллийг хангалттай зөв өгөөгүйгээс болж, Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн хэсэг иргэд Улаанбаатар хотод ирж уг ажлыг жаахан эсэргүүцэж байх шиг байна. Би иргэдтэй уулзлаа. Бага зэрэг ойлголтын зөрүү байна. Мэдээлэл муутайгаас болж, асуудалд хандах хандлага нь буруу байсан бололтой. "Өссөн, төрсөн нутаг ус, хашаа хороо маань усанд урсах нь", "бид өмч хөрөнгөөсөө салах нь гэж санаа зовох нь яах аргагүй энэ хүмүүсийн зөв. Тиймээс судалгаа хийсэн Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нөхдүүд мэдээллээ буруу өгснөөс болж, иргэд өөрсдийгөө хохироод үлдэх нь гэдэг байр суурьтай болжээ. Газрын тухай хуулиар улсын тусгай хэрэгцээнд газрыг авсан бол түүнийг сольж оронд нь газар өгөх буюу нөхөн олговор олгох ёстой. Өөрөөр хэлбэл, орон нутгийн иргэдийг хохироохгүйгээр асуудлыг шийднэ. Улс орны том эрх ашиг, төрийн бодлогын хүрээнд явагдаж буй учраас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ямар нэгэн асуудалгүй баригдах байх. Гэхдээ улс орны эрх ашиг гэх нэрээр нутгийн иргэдийг хохироож огт болохгүй. Нийслэлд ирээд эсэргүүцэж, тэмцэж буй үйлдлийг буруу гэж үзэхгүй байна. Хүн өөрийнхөө эрх ашгийн төлөө үзэл бодлоо хаана ч, хэзээ ч чөлөөтэй илэрхийлэх ёстой.

-2008 оноос хойш яригдсан уг төслийг аль ч нам, Засгийн газрын үед эхлүүлнэ гэдэг ч ямар нэг байдлаар гацсаар өнөөдрийг хүрлээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих ажил ямар шалтгаанаар хойшилсоор өнөөдрийг хүрэв?

-Би энэ төслийг ажил хэрэг болгох гэж сүүлийн 10 орчим жил хөөцөлдөж байна. Урьд нь баригдах гэж олон жил яригдсан. Хэд хэдэн Засгийн газар уг төслийг хөдөлгөх гэсэн ч хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдэж чадахгүй учраас барьж чаддаггүй байсан. 2014 онд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байх үедээ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих шийдвэрийг Засгийн газраар гаргуулж байсан удаатай. Дараа нь 2016 онд Засгийн газраас барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй олон улсын тендер зарласан ч компаниуд оролцоогүй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө мөнгөө шийдэж чадахгүй явсаар өнөөдрийг хүрсэн төсөл. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ховд аймагт ирж газар дээр нь ажиллаад "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хөрөнгийн эх үүсвэрийг би шийднэ" гэж хэлээд БНХАУ-аас авч буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 280 ам.долларыг нь хуваарилж өгсөн. Үүний дагуу тендер нь зарлагдаад, БНХАУ-ын усан цахилгаан станц барьдаг компаниуд шалгараад үйл ажиллагаа эхлүүлж байна.

-Энэ төсөл Оросуудын эрх ашигтай зөрчилдөхгүй. Баруун гурван аймаг ОХУ-аас маш бага эрчим хүч авдаг-

-ОХУ-д өгч буй эрчим хүчний төлбөр тэдний хувьд тийм ч өндөр биш. Гагцхүү гурван аймгийн ч гэсэн эрчим хүчийг хараат байлгая гэдэг хүсэл нь түрүүлж алхаад байдаг мэт санагддаг. Ажил нь эхлэх гэхээр л гадна, дотны захиалгатай нөхдүүд гарч ирээд эсэргүүцээд эхэлдэг. Энэ удаад ч гэсэн ОХУ-аас ямар нэгэн дарамт, шахалт үзүүлэх болов уу. Та хэрхэн харж байна?

-Эгийн голын усан цахилгаан станцын төслийг маш их хөрөнгө мөнгө зарцуулаад эхлүүлэх гэж байхад Оросууд зогсоож байсан түүхтэй. Байгаль нуурын цаана байдаг усан цахилгаан станцуудаас Монгол Улс төвийн бүсдээ хэрэгтэй эрчим хүчийг олон зуун сая ам.долларын өртгөөр авч хэрэглэдэг. Баруун гурван аймгийн ОХУ-аас авч буй эрчим хүч үүнтэй харьцуулахад маш бага. Жилд 16 тэрбум төгрөгийг үүнд зарцуулдаг. Гэхдээ энэ дүн Оросуудын хувьд жижиг, манай хувьд том мөнгө гэдгийг онцлоё. Тиймээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Оросууд зогсоохгүй байх.

Энэ төсөл яригдаад өдий олон жил үргэлжилж байхад Оросууд шууд нөлөөлж байсныг би сайн мэдэхгүй юм. Бид Эгийн гол, Шүрэнгийн цахилгаан станцыг байгуулъя гэж ярьдаг л юм. Энэ голууд Байгаль нуур руу цутгадаг Сэлэнгэ мөрөн дээр баригдах гэж байгаа учраас Оросууд зөвшөөрдөггүй. Тэд зөвшөөрөхгүй учраас эдгээр төслүүд урагшилна гэдэг эргэлзээтэй бас эрсдэлтэй. Магадгүй баригдахгүй байх магадлал илүү өндөр. Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бол Алтай таван богдоос эх аваад Хар ус нууранд цутгадаг Ховд гол дээр баригдах тул Оросуудын эрх ашигтай зөрчилдөхгүй, харшилдахгүй учраас гадны нөлөөнд автахгүй хийгдэх ёстой чухал төсөл.

-Барилгын ажил 61 сарын хугацаатай үргэлжилж дуусахаар гэрээндээ заасан байна лээ. Гадаад, дотоодын хүчин зүйлсээс шалтгаалаад барилга, угсралтын ажил сунжрах вий гэсэн болгоомжлол байна?

-Хятадын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа гэдгийг хэлсэн. Тэдний усан цахилгаан станц барьж байгуулаад мэргэшсэн компаниуд нь оролцож буй болохоор ямар нэгэн удаашрах, саатах зүйл гарахгүй гэж бодож байна. Дөргөн, Тайширын усан цахилгаан станцуудыг Хятадууд барихдаа ямар нэгэн асуудалгүй, хугацаанд нь бүтээн байгуулж, хүлээлгэн өгсөн. Ялангуяа Дөргөний усан цахилгаан станц хэрэглэгчдээ 1 квт цахилгааныг 38 төгрөгөөр маш хямд нийлүүлж байгаа.

ОХУ, БНХАУ-аас авч буй эрчим хүчнээс 7-10 дахин хямд үнэтэй эрчим хүчийг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц үйлдвэрлэнэ

-Энэ бүтээн байгуулалт бол Монгол Улсад стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт. Уг усан цахилгаан станц баригдахын ач холбогдлыг тайлбарлавал?

-Өнөөдөр баруун гурван аймаг болох Ховд, Увс, Баян-Өлгий аймгууд эрчим хүчнийхээ 70 гаруй хувийг ОХУ-аас нэг квт-ийг нь 250 төгрөгөөр авдаг. Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сум БНХАУ-аас нэг квт-ийг нь 350 төгрөгөөр худалдаж авдаг. Гэтэл Ховд аймагт бараг гаруй жилийн өмнө баригдсан Дөргөний усан цахилгаан станц эрчим хүчээ нэг квт-ийг нь 38 төгрөгөөр үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, ОХУ болон БНХАУ-аас авч буй өндөр үнэтэй эрчим хүчнээс 7-10 дахин хямд үнэтэй эрчим хүчийг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүс нутгийнхан хэрэглэдэг болно. Өнөөдөр баруун гурван аймаг улсын хэмжээнд хамгийн өндөр үнэтэй эрчим хүч хэрэглэж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор эсрэгээрээ энэ гурван аймгийн ард иргэд хамгийн хямд үнэтэй эрчим хүч хэрэглэдэг болж хожих гэж байна. Үнэ тариф буурч, хямд үнэтэй эрчим хүч хэрэглэснээр иргэдийн орлого нэмэгдэж, зарлага нь буурна. Үүнийгээ дагаад үйлдвэрлэл, үйлчилгээ гээд эрчим хүч дагасан хөгжил бий болно гэж харж байна. Мөн илүү гарсан эрчим хүчээ төвийн бүс рүү нийлүүлж, орлого олдог болно. Хэзээ ч тасарч магадгүй, өндөр үнэтэй эрчим хүч хэрэглэхээ больж найдвартай эрчим хүчний тусгаар тогтнолыг бий болгох юм.

-Малчид байгаль орчин сүйдэж, бэлчээр нутаг үеэр усанд автах нь гэж ярьцгааж байна. Мэргэжлийн байгууллагуудын судалгаа тооцоо нь яг юу гэж гарсан байдаг юм бэ. Усан цахилгаан станц гэхээр л байгаль сүйдэлнэ гэдэг ойлголт явчих гээд байдаг талтай?

-Усан цахилгаан станц жилийн дөрвөн улирлын турш ажиллана. Байгаль орчинд ямар ч хор нөлөөгүй. Өмнө нь Дөргөн, Тайширын усан цахилгаан станц баригдах үеэр малчид, иргэд олон жил эсэргүүцэж байсан. Харин баригдсаны дараа үнэхээр хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Говь, цөл газар нуур үүслээ, “Гэгээн нуур” гэдэг нэртэй боллоо гээд Говь-Алтайнхан Тайширын усан цахилгаан станцад ам сайтай байдаг. Яг үүнтэй адилхан Дөргөний усан цахилгаан станцыг эсэргүүцээд явж байсан манай Ховдынхон мөн л буруу байснаа ойлгосон. Үүн шиг манай Увс аймгийн Өмнөговь сумын иргэд мэдээлэл дутуугаасаа болж зарим зүйлсийг буруу ойлгосон бололтой. Эдгээр иргэдэд холбогдох төр засгийн албан хаагчид Дөргөн, Тайшир зэрэг усан цахилгаан станцуудын өнөөгийн үйл ажиллагаа, ач тусыг нь үзүүлж, буруу зүйл биш шүү гэдгийг нь ойлгуулахад анхаарах хэрэгтэй.

-Б.Чойжилсүрэн гишүүн болон Увсын АН-ынхан энэ асуудлын ард байхгүй-

-Малчид маань нутаг усаа хамгаалж төр засагтаа дуу хоолойгоо хүргэх гээд ирсэн гэдгээ хэлж байна. Гэтэл манайхан Б.Чойжилсүрэн гишүүн, Увсын АН-ынханы явуулгаар улс төр хийж явах вий дээ гэж хардаж байна лээ. Улс төр гэдэг дээр нь та ямар байр суурьтай байна вэ?

-Үгүй, үгүй. Увсаас ирсэн иргэдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа асуудалд ямар ч улс төр байхгүй. Зарим иргэд Б.Чойжилсүрэн гишүүн, эсвэл Увсын Ардчилсан намын нөхдүүд зохион байгуулж байна гээд тайлбарлаж байгаа харагдана лээ. Тийм зүйл байхгүй гэдгийг хэлье. Би иргэд, малчидтай уулзаж үзэхэд тэд яах аргагүй төрж өссөн нутаг усаа хамгаалах гэсэн эзний сэтгэлээр л явж байна лээ. Энэ асуудалд нэгэн хувь хүн, улстөрчийн захиалга байхгүй гэдгийг би уулзалтын явцад хангалттай мэдэж авсан.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Лхагвадорж

ШИНЭ МЭДЭЭ