МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.15

Нэг хүнд ноогдох ДНБ сүүлийн 9 жилд өсөөгүй асуудалд хийсэн дүгнэлт байна уу

УИХ-ын \2021.10.15\  нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Нэгдүгээрт, 2012 оноос хойш манай улсын нэг хүнд ноогдох ДНБ-ийн хэмжээ 4500 ам.доллар болж, энэ тоо сүүлийн 9 жилд тогтсон байх юм. Энэ үзүүлэлт яагаад дээшлэхгүй байна вэ? Энэ талаар судалгаа хийсэн зүйл байна уу, трап гэж нэрлэдэг хавханд орсон байдлаасаа яаж гарах юм бэ? Засгаас ямар бодлого авч хэрэгжүүлэх вэ?

Хоёрдугаарт,  өрийн асуудал байна. Төсөв алдагдалтай байхад бид төсвийн алдагдлаа нөхөж өр тавьж хөрөнгө оруулалтаа хийж, урсгал зардлуудаа төлж байна. Өр их байна. ДНБ өрийн таазанд туллаа гэдэг. Өрийн асуудал яагаад сайн, муу өр болох нь юунд зарцуулж байгаагаас шалтгаалахаас биш 5 үзүүлэлтэндээ тулгуурлаж ярьмааргүй байна. Хөгжсөн орнуудын сайн жишээ бий. Өр зээл тавиад төсвийн алдагдлаа нөхөж байгаа бол өрөө бид юунд зарцуулахаа тодорхойлоход Сангийн яам, Засгийн бодлого юу байна вэ?

Өрөө зөвхөн зардал, хөрөнгө оруулалтаа нөхөхөд ашиглана, татварын орлогоор урсгал зардал нийгмийн шинж чанартай төслүүддээ зориулна гэсэн хатуу тогтсон дүрэм журам, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа байна уу, дагалдах дүрэм журам хуулиуд байдаг юмуу? Хэрэв байхгүй бол дагалдаж орж ирэх хуулиудаа энэ төсвийн жилээс эхлээд баримтлаад явбал яасан юм бэ? Үнэхээр үр ашигтай төсөл хөтөлбөрүүд хийж байгаа бол бид нар дэмжье. Өрийн таазыг нэмье. Өнөөдрийнх шиг хүнд нөхцөлд бид нөхцөл байдлыг сөрж хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэхдээ манайх шиг хөгжлийн түвшинд байгаа улсын хувьд байнга дэд бүтэц рүү, улс орны дунд болон урт хугацааны өсөлт авчрах төслүүд рүү хөрөнгө оруулалт байнга хийж байх ёстой учраас сайн жишиг дүрмээ эндээсээ бий болгож, дагалдах хуулиуддаа өөрчлөлт оруулж явмаар байна. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

Гуравдугаарт, төсвийн татварын орлогын түвшинг нэмэх асуудал байхгүй гэж Б.Жавхлан сайд ярьсан. Тэгэхээр татварынхаа бааз суурийг нэмье гэж үзэж байна. Ингэхийн тулд бизнес хийдэг, татвар төлдөг иргэдээ урамшуулах хэрэгтэй. Бизнес хийх, хөрөнгө оруулалт хийх сэдлийг нэмэгдүүлэх ёстой. Бизнесийн орчинг сайжруулах, лиценз зөвшөөрөлтэй холбоотой асуудлуудыг би байнга хэлдэг.

Ц.Цэрэнпунцаг гишүүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.   

Ц.Цэрэнпунцаг гишүүн нэмэлтээр нэг хүнд ноогдох ДНБ-ийн хэмжээ 9 жил өсөөгүй байна, үүнд та бүхэн дүгнэлт хийсэн үү? 

Хоёрдугаарт, дотооддоо гаргах бонд нь ямар хэмжээтэй гарах юм бэ? Эндээс харахад 3 их наяд 666 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргана гэжээ. Энэ бонд ямар хугацаатай гарах юм бэ? Бондоо индексжүүлэх үү?

10 их наядын хөтөлбөртэй холбоотой зах зээлд оруулж буй мөнгө нь гол зах зээлдээ орохгүй наагуур эргэлдээд бонд болж буцаж гараад явчих вий дээ гэж болгоомжилсон яриа их гарч байна. үүнээс сэргийлж, зайлсхийсэн, сөрөг үр дагавар гаргахгүй байх үүднээс ямар бодлого баримтлаж байна вэ?

гэсэн асуултуудыг тавьсан бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан нэмэлт хариултуудыг өгсөн юм.

ШИНЭ МЭДЭЭ