МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Батлут: Эрдэнэт хотын статусыг тодорхой болгох, Хот  тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн төслийн ажлын хэсэгт ажиллаж байна
2021.09.30
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Д.Батлут: Эрдэнэт хотын статусыг тодорхой болгох, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн төслийн ажлын хэсэгт ажиллаж байна

УИХ-ын гишүүн Д.Батлут  Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн төслийн хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан. 

Ажлын хэсгээс хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд УИХ-ын Намрын ээлжит чуулганаар хэлэлцэгдэх юм.

Одоо дагаж мөрдөж буй Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар “Хот”-ыг: “Хот нь 15000-аас доошгүй оршин суугчтай, тэдгээрийн дийлэнх хувь нь голлон үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэц хөгжсөн, өөрийн удирдлага бүхий төвлөрсөн суурин газар мөн” гэж тодорхойлсоор ирсэн.

Харин өргөн баригдсан шинэчилсэн найруулгын хуулийн төсөлд “Хот”-ыг: “Хот нь хуулиар тусгайлан тодорхойлсон чиг үүрэг, өөрийн удирдлага, өөрт олгогдсон эдэлбэр газартай, хот бүрдүүлэгч дэд бүтэц, эдийн засгийн чадавхи бүхий, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний дагуу хэрэгжүүлэх нийтийн эрх зүйн этгээд /орон нутгийн корпораци/ мөн” гэж шинэлэг байдлаар тодорхойлж өгсөн байна.

 “Хот”-ыг “өөрт олгогдсон эдэлбэр газартай”, “нийтийн эрх зүйн этгээд /орон нутгийн корпораци/” гэж тодорхойлон өгч байгаа нь нийслэл Улаанбаатар хотоос гадна бусад бие даасан хот хөгжих нөхцөлийг илүү бодитойгоор бүрдүүлэн өгөх чухал ач холбогдолтой болж байна гэж хэлж болно.

Ийнхүү хот хөгжих шинэ ойлголт, нөхцөлийг бүрдүүлэх дээрх хууль эрх зүйн орчны хүрээнд Орхон аймгийн хувьд ч “Хот”-ын статусаар шинэлэг бүтэц, зохион байгуулалттайгаар, тусгайлан олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлж, өөрт олгогдсон эдэлбэр газартайгаар, нийтийн эрх зүйн этгээд буюу орон нутгийн корпораци гэсэн шинэ эрх зүйн хэлбэрээр ажиллаж хөгжих боломж нээгдэх юм.

ШИНЭ МЭДЭЭ