МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

​Х.Ганхуяг: Улсаас олгодог зөвшөөрлийг гурав дахин багасгаж, 45 хоногийн дотор олгодог болно
2021.09.22
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

​Х.Ганхуяг: Улсаас олгодог зөвшөөрлийг гурав дахин багасгаж, 45 хоногийн дотор олгодог болно

 УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. Тэрээр тус хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа юм.


-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ. Ажлын хэсэг хоёр хуулийн төслийг нэгтгэж байгаа. Ямар, ямар өөрчлөлт оруулж байна вэ?

-Манай улс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг 2001 онд баталж байсан. Тухайн үед 210 орчим тусгай зөвшөөрөл олгохоор хуульд тусгасан байсан. Гэтэл үүнээс хойш энэ тусгай зөвшөөрлийг ийм байгууллага олгоно гэж нэмсээр байгаад 913 болчихсон байна. Түүнээс гадна бүх Иргэдийн хурал, сайдын тушаал, журмаар зөвшөөрөл олгодог болчихсон. Түүгээр ч барахгүй зөвшөөрөл гарахдаа хуульд байхгүй шаардлагууд тавьдаг болсон. Тухайлбал, зургаан нэрийн барааны дэлгүүр зургаан төрлийн зөвшөөрлөөс гадна 50-иас доошгүй метр квадрат үйлчилгээний талбайтай байх ёстой гэсэн шаардлага тавьдаг болсон. Энэ нь иргэдэд бичиг баримтын дарамтаас гадна санхүүгийн дарамт учруулж байна. Энэ зүгээр л жишээ. Бүх салбарт ийм зүйл болсон. 2019 онд хуулийн төслийг өргөн барьж байхад 1400 орчим тусгай зөвшөөрөл байна гэсэн тооцоо байсан бол 2020 онд 1600 орчим болсон судалгааг МҮХАҮТ-аас хийсэн. 

2019 онд Засгийн газар болон 22 гишүүн хуулийн төсөл өргөн барьсан. Өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын даргын захирамжаар энэ хоёр хуулийн төслийг нэгтгэх ажлыг хэсгийг байгуулаад ажиллаад явж байна.

Бид тусгай зөвшөөрлийн ангиллууд дээр нэлээд ажиллаж байна. Хуулийн өөрчлөлтөөр тусгай зөвшөөрөл хоёр ангилалтай болно. Мөн хугацааг энгийн тусгай зөвшөөрлийг гурваас доошгүй жил, тусгай зөвшөөрлийг таваас доошгүй жил байхаар өөрчилж байгаа. Засгийн газраас өргөн барьсан төсөлд зөвшөөрлийн хууль, зөвшөөрлийн жагсаалтын хууль гэж өргөн барьсан байсныг нэтгээд Зөвшөөрлийн хууль дотроо нэг бүлэг болгон оруулж байгаа. Ингэхдээ жагсаалтын дагуу тухайн зөвшөөрлийг ямар эрх бүхий байгууллага олгох вэ гэдгийг заагаад өгчихнө. Гишүүдийн өргөн барьсан төсөлд 448, Засгийн газрын төсөлд 498 тусгай зөвшөөрөл байна.

Өнөөдрийн байдлаар нийт 416 албан тушаалтан зөвшөөрөл олгож байна. Энэ бүх зөвшөөрөл олгодог төрийн байгууллагыг нэг нэгээр нь дуудаж уулзаж байна. Хуульд байхгүй хэрнэ эрх авсан зөвшөөрлүүдийг цуцалж байна. Мөн Мэргэжлийн хяналт, Стандартчилал хэмжил зүй гэх мэт баталгаажуулалт хийдэг байгууллагууд үүнийгээ зөвшөөрлийн шинж чанартай болгосон байна. Энэ бүхнийг өөрийнх нь ангилалд оруулж байна. Түүнчлэн мэрэгчийн хор, шавьжны хор, ариутгалын бодисын зөвшөөрлийг гурван яам зэрэг олгодог. Тэгэхээр хаанаас зөвшөөрөл авах нь тодорхойгүй, хил гааль дээр ороод ирэхээр аль яамны зөвшөөрлөөр оруулж ирэх вэ гэдэг нь тодорхойгүй яваад байдаг. Гэтэл хуулиараа ганцхан яам химийн хорт бодис гэдэг ангиллаар тусгай зөвшөөрөл олгох эрхтэй байдаг. Иймэрхүү хийдлүүдийг бүгдийг арилгахаар хуулийн төсөл тусгаж. Наанадаж 1600 гаруй тусгай зөвшөөрлийг 440-490 болгоно.

-Тусгай зөвшөөрөл авлигын асуудалтай шууд болон шууд бусаар холбогддог. Хуулийг өөрчилснөөр тусгай зөвшөөрөл хүссэн иргэдэд хялбар болох уу?

-Хуулийн концепц нь зах зээлд шударга өрсөлдөөн, бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэж байгаа. Энэ өөрөө процессын хууль. Тиймээс үйл ажиллагааны зөвшөөрөл авахын тулд хэрхэх вэ гэдгийг маш тодорхой зааж өгнө. Иргэн, аж ахуйн нэгж өргөдөл гаргачихна. Өргөдөл гаргаснаас хойш хэдий хугацаанд шийдвэр гаргах, шийдвэр гаргаагүй бол яах вэ гэдгийг хуульд заана. Энэ нь нийтлэг зарчим болж тусаад бүх салбар дагаж мөрдөнө гэсэн үг. Өргөдөл гаргах, өргөдөл хүлээн авах, татгалзах, түдгэлзэх, цуцлах гэсэн бүх зарчмуудыг хугацаатай нь тодорхой оруулна. Мөн зөвшөөрөлтэй холбогдуулаад аль нэг төрийн байгууллагаас тодорхойлолт авчир гэдэг асуудал байхгүй болно. Мэдээллийн сангаасаа хараад шаардлагатай мэдээллээ хардаг болно. Тухайлбал, татвар, нийгмийн даатгалын өргүй гэсэн тодорхойлолтыг нэхэхгүй. Ажлын 45 хоногт ямар ч төрлийн зөвшөөрлийг олгодог болно. Нэг үгээр хугацаа, хэнээс ямар зөвшөөрөл олгох нь маш тодорхой болно. Хатуу хугацаа байгаа болохоор иргэн, аж ахуйн нэгж ажлаа төлөвлөх боломжтой болно гэсэн үг. Цахимаар хүсэлтээ өгөөд ажлын тав хоногийн дотор материал хүлээж авсан байгууллага дутуу бичиг баримтыг нь хэлж өгнө. Үүнийгээ бүрдүүлээд өгчихөөр хугацаагаа хүлээгээд л байж байна гэсэн үг. Хариугаа ч цахимаар авах боломжтой болно.

Хөгжиж буй орон хөгжингүй орнуудын хооронд гол гардаг ялгаа нь ямар нэгэн төрлийн бизнес эхлүүлэхэд хөгжингүй оронд бизнесийг гурав хоногийн дотор эхлүүлэх боломжтой байдаг бол хөгжиж буй оронд 5-6 сар шаардлагатай байдаг. 

-Манайд тэгэхээр шинэ бизнес эхлүүлэхэд зөвхөн зөвшөөрлөө авахад 5-6 сар шаардаж байна гэсэн үг үү?

-Манайх 190 орноос 81-т явж байгаа. Яг дундуур явж байна гэсэн үг. Тухайлбал, нэг дэлгүүр ажиллуулъя гэхээр олон төрлийн зөвшөөрөл шаардлагатай болдог. Улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш аж ахуйн нэгжийн гэрчилгээгээ аваад л төрийн бүх хүнд сурталтай очоод тулдаг. Тэгэхээр хуульд өөрчлөлт оруулснаар энэ хугацаа багасна. Зөвшөөрлийн тоо багасах учраас тусгай зөвшөөрлийн зохицуулалтгүй бизнесүүдийг шууд эхлүүлж болно гэсэн үг. Харин Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх, төрийн нийтийн өмчийг ашиглах, байгалийн баялгийг ашиглах, эрүүл ахуй хүний амь нас байгаль орчинд эрсдэл учруулж болохуйц үйл ажиллагааг зохицуулах зорилгоор тусгай зөвшөөрөл олгоно.

-Улсаас олгодог зөвшөөрлийн тоог хоёр дахин багасгана гэж байсан. Тэгэхээр ямар чиглэлийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхэлж болох вэ?

-Одоо байгаа судалгаанаас харахад, төрөөс олгодог зөвшөөрлийг гурав дахин багасгахаар зорьж байна. Зөвшөөрөл олгох жагсаалтад байхгүй бусад бүх төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлж болно гэсэн үг. Ажлын хэсгийн тусгай зөвшөөрлийн жагсаалттай холбоотой хуралдаанаас эхний байдлаар 60-80 тусгай болон энгийн зөвшөөрлийн хасах саналын томьёоллыг бэлтгээд байгаа. Тухайлбал,

Хууль зүйн чиглэлийн тусгай болон энгийн зөвшөөрөл
  • Галт зэвсгийн гэрчилгээ олгох;
  • Олон улсын жолоодох эрх олгох;
  • Галын аюултай /газрын тосны бүтээгдэхүүн, шатамхай хий, шингэн/, болон тэсэрч, тэлбэрэх бодис, материал, хадгалах, ашиглахад галын аюулгүй байдлын зөвшөөрөл олгох.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлийн тусгай болон энгийн зөвшөөрөл
  • Геологи, хайгуулын судалгаа хийх, өрөмдлөг хийх;
  • Нүүрс боловсруулах үйлдвэрлэл эрхлэх;
  • Үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх, үйлдвэрлэл эрхлэх.
Байгаль орчин, эрүүл мэндийн чиглэлийн тусгай болон энгийн зөвшөөрөл
  • Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх олгох;
  • Ойн дагалт баялагийн нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах;
  • Агнуурын амьтныг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих;
  • Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэх.
Барилга, зам тээврийн чиглэлийнтусгай болон энгийн зөвшөөрөл
  • Барилгын эх зураг батлах;
  • Авто тээврийн хэрэгсэл, түүний эд ангийн үйлдвэрлэл, дахин боловсруулах;
  • Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх.
Банк бус, санхүүгийн чиглэлийн тусгай болон энгийн зөвшөөрөл
  • Нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэх, үнэт цаасыг анхдагч зах зээл дээр санал болгох, худалдах үйл ажиллагаа эрхлэх;
  •  Хувьцаат компанийн хувьцааг нийтэд санал болгон худалдах;
  • Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх;
Хүнс, хөдөө аж ахуйн чиглэл тусгай болон энгийн зөвшөөрөл
  • Малын эмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэглээнд гаргах;
  • Буцаан болон татан авсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дахин боловсруулах;
  • Лабораторийн үйл ажиллагаа эрхлэх;
  • Малын эмчийн мэргэжлийн үйл ажилагаа эрхлэх итгэмжлэл олгох.
-Тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин багасгана гэж байна. Хууль батлагдсаны дараа албан тушаалтан, аж ахуйн нэгжүүд өмнөх шигээ зөвшөөрөл олгоод эхэлбэл яах вэ. Үүнийг зохицуулах уу?

-Хууль батлагдсаны дараа байгууллага, албан тушаалтнууд зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэх гэж оролдоно. Тиймээс Засгийн газрын дэргэд Хяналтын зөвлөл байгуулна. Тэндээ хэдэн орон тооны ажилтан хяналтын зөвлөлийн 11 гишүүнтэй. Тухайн жилдээ зөвшөөрлүүддээ хяналтаа тавиад явна. Аль нэг төрийн захиргааны байгууллага, яамнаас ийм тусгай зөвшөөрөл хэрэгтэй байна гэсэн хүсэлт гаргавал Хяналтын зөвлөл хэлэлцээд зөвшөөрвөл УИХ тухайн салбарын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж зөвшөөрлийн жагсаалтад нэмнэ. Өөрөөр хэлбэл, зөвшөөрлийг заавал хуулиар л нэмнэ гэсэн үг. Түүнээс журам, тогтоолоор нэмэх боломжгүй болно гэсэн үг. Хяналтын зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд юм уу, ЗГХЭГ-ын дэргэд байгуулна.

-Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ