МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Малын удмын сангийн үндэсний төвтэй танилцлаа
2021.09.14
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Малын удмын сангийн үндэсний төвтэй танилцлаа

Монгол Улсын Малын удмын сангийн үндэсний төвийн мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэж, чадавхжуулах, орон нутагт малын зохиомол хээлтүүлгийн техникчдийг сургаж, тариалангийн бүсийн малын чанарыг сайжруулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа, Малын удмын сангийн үндэсний төвийн төсөл хөтөлбөрийг ЖАЙКА болон КОЙКА-д уламжлан ажиллаж байгаа билээ. 

Тус төвд одоогоор 66 мянган тун үр хадгалагдаж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Ундрам тус төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Малын удмын сангийн үндэсний төвийн харьяа Төрийн өмчийн цөм сүргийн үржлийн салбар нэгжүүдэд Монгол Улсад баталгаажсан 9 үүлдрийн хонь, 3 үүлдрийн ямаа, 1 үүлдрийн үхэр, 2 үүлдрийн тэмээг үржүүлж байна. Ингэснээр цөм сүргээс бойжуулсан стандартын шаардлага хангасан, жишигт тэнцсэн үржлийн хээлтэгч, хээлтүүлэгчээр бүс нутгийн хэрэгцээг ханган ажиллаж байгаа юм. Малын үржүүлэг, биотехнологийн ажлыг дэлхийн жишигт нийцсэн дэвшилтэт технологиор явуулах бодит нөхцөл бүрдэж, малын үржлийн чанар сайжирч, ашиг шим нэмэгдэх давуу талтай.

Монгол Улсын Засгийн газар өндөр ашиг шимтэй малаар тариалангийн бүсийн малын чанарыг сайжруулж, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах бодлого гарган хэрэгжүүлж байгаа билээ.

Тус төвийн хувьд мал сүргийг уугуул орчинд болон генийн түвшинд хадгалах, хамгаалах, сайжруулах үржлийн ажлын стратеги төлөвлөгөө, үржүүлгийн хөтөлбөрийн дагуу малын үүлдэрлэг байдал, ашиг шимийг нэмэгдүүлэх, малын нөхөн үржихүйн чадавх, нөөц боломжид суурилан үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Ч.Ундрам гишүүний зүгээс Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааг цаашид дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. 

 

ШИНЭ МЭДЭЭ