2021.08.10

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нефтийн үнийн асуудлаар ШӨХТГ-т ханджээ

ОХУ-аас төмөр замаар нефть татдаг хоёрхон боомтын нэг нь Дорнодын Эрээнцав.

Нефть импортлогч компаниуд бүтээгдэхүүнээ Дорнодын төвд буулгаж хадгалаад, бусад аймаг, УБ хотод хүргүүлдэг. Гэтэл Дорнодчууд хөрш аймгаасаа ч өндөр үнээр нефть худалдан авч байгаа нь шударга бус юм.

Бензиний үнэ өсөх тусам Дорнодчууд илүү нэмэгдэлтэй үнээр авч хэрэглэж, алслагдсан орон нутгийнханд улам бүр дарамт нэмж буй. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас ШӨХТГ-т ханджээ.

Тэрээр:

“ОХУ-аас импортолж буй нефтийн бүтээгдэхүүний багагүй хэсэг нь Дорнод аймгийн Чулуунхороот суман дахь төмөр замын Эрээнцав боомтоор орж ирдэг бөгөөд аймгийн төвийн агуулахуудад буулгаж, дамжин өнгөрүүлдэг.

Дорнод аймгийн төв Чойбалсан хот (Хэрлэн сум) нь нефть импортлох үйл ажиллагаанд транзит үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ тээвэрлэлтийн зардал харьцангуй бага тусдаг учир тус аймагт худалдаалах шатахуун, шатах, тослох материалын үнэ ханшийг бараа хүргэх эцсийн цэг буюу нийслэл Улаанбаатар хотын түвшинд тогтоон барих боломжтой.

Гэвч тус аймагт шатахууны үнэ нийслэл болон хөрш аймгуудтай харьцуулахад 110-150 төгрөгийн нэмэгдэлтэй байгаа нь шударга бус гэж үзэж байна.
Иймд тус аймгийн дэд бүтэц, газар зүйн байрлалын онцлог, тээвэрлэлтийн зардал тодорхой хувиар хэмнэгддэг нөхцөл байдлыг судлан үзэж, үнэ ханшийг нийслэл хотын түвшинд баримтлах асуудлаар нефть импортлогчидтой зөвшилцөж, алслагдмал орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхийг хүсэе” гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ