2021.09.14
Гадаад харилцаа
Манай улс Франц улстай харилцах харилцаагаа өргөжүүлнэ
УИХ-ын гишүүн Хууль зүй дотоод хэргийн сайд Х. Нямбаатар Монгол, Францын Засгийн газар хоорондын хамтарсан ажлын хэсгийн даргын хувьд Франц Улсын сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүйэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс, Бүгд найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 56 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тиймээс Франц Улстай харилцааны түвшинг ахиулж “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх бодолтой байна. Бид эдийн засгийг дэмжсэн эрх зүйн орчин бүрдүүлэхээр “Эрх зүйн шинэтгэл II” хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа. Хөтөлбөрийн хүрээнд хууль эрх зүйн салбар дахь цахим шилжилтийг эхлүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд мэдээлэл, технологийн харилцаа холбооны салбарт мэргэжилтэн бэлтгэхэд Франц Улсын талтай хамтран ажиллах, энэ чиглэлд үйл ажиллагаа эрхэлдэг хоёр талын аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих хүсэлтэй байна.
Хоёр улсын харилцаа, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд Монгол, Францын Засгийн газар хоорондын хамтарсан ажлын хэсэг томоохон хувь нэмэр үзүүлнэ.