2021.09.01
Орон нутгийн хөгжил
Дархан-Уул аймагт "Музей, номын сангийн цогцолбор"-той болно
УИХ-ын гишүүн Г.Дамдинням тойрогтоо хэрхэн ажилласан талаар тодруулга өгч дараах мэдээллийг өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрээр
Энэ жил манай Дарханы 60 жилийн ой тохиож байгаа. Дархан-Уул аймаг маань орон нутаг гэхээсээ илүү хотын соёлтой өвөрмөц онцлогтой, хүүхэд залуусын хот. Өнгөрсөн жилүүдэд дэд бүтэц, спортын чиглэлд илүү анхаарч маш сайн хөрөнгө оруулалтууд татсан байдаг
- Одоо хүүхэд, залуусынхаа эрдэм боловсрол, соёл хүмүүжлийн чиглэлд анхаарч, хөрөнгө оруулах бодлого барих хэрэгтэй юм.
- Энэ хүрээнд хийгдэх "Музей, номын сангийн цогцолбор" -ын зураг төсөл нь батлагдаж, тендер нь зарлагдан сонгон шалгаруулалт хийгдэж дууссан байна.
- Дархан сумын 14-р баг, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд баригдах 5900 гаруй м.кв талбайтай, 3 давхар цогцолбор юм.
- Улсын төсвийн 14.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах уг цогцолборыг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
- Товлосон хугацаанд нь чанарын өндөр түвшинд барьж байгуулахад аймаг орон нутгийн удирдлагууд анхаарч, хяналт тавьж ажиллах хэрэгтэй юм.
- Боловсрол, соёлын салбарт томоохон хөрөнгө оруулалт болох энэ цогцолбор ашиглалтад орсноор Дарханд маань орон нутаг, олон улсын хэмжээний соёлын арга хэмжээнүүд, үзэсгэлэн худалдаа, номын баярууд зэрэг зохион байгуулагдах боломжтой таатай орчин бүрдэнэ
- Энэ ондоо багтан барилгын ажил эхэлж, цогцолборын шав тавих арга хэмжээ болно.
хэмээн бичжээ.