Үндэсний бичиг соёлын өдрийг жилд хоёр удаа нийтээр тэмдэглэдэг боллоо
2021.07.06
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Үндэсний бичиг соёлын өдрийг жилд хоёр удаа нийтээр тэмдэглэдэг боллоо

Монголчууд бид өв соёл, язгуур уламжлалынхаа тэргүүнд ном эрдмийг ямагт  хүндэтгэн дээдлэж ирсэн түүхтэй ард түмэн билээ. Эдүгээ нийгэм, соёл даяаршиж,  техник технологийн эрин зуун руу хурдтай шилжиж буй өнөө цагт номын гүнзгий  агуулга улам бүр үнэ цэнээ нэмж байгаатай холбогдуулан уламжлалт зан заншлаа  хөгжүүлж, иргэд, хүүхэд, залуусын эрдэм номтой нөхөрлөх хандлагыг сэргээж,  номын үнэ цэнэ, ач холбогдолыг ойлгуулан таниулах, тэрхүү уламжлалыг  орхигдуулахгүй авч үлдэх хэрэгцээ шаардлага бий болоод байсан юм.

Ийм учраас Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж улмаар 2021 оны долдугаар сарын 02-ны өдөр УИХ-ын чуулганаар батлуулсан билээ. 

Дэлхийн 100 гаруй оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг нь хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд зарим улс орон үндэсний баярын хэмжээнд тэмдэглэдэг байна. Энэ өдөр хүмүүс бие биедээ ном бэлэглэх, ном уншиж өгөх, зохиолч, нийтлэгчид номоо борлуулж, түгээх, шилдэг ном шалгаруулах, номыг сурталчлах зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг байна.

Манай улсын хувьд 2000 оны эхэн үеэс эхлэн зарим төрийн бус байгууллагууд санаачлан “Үндэсний номын баяр”-ыг тэмдэглэж иржээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагийг  “Номын баярын өдөр” болгон улс орон даяар тэмдэглэж байхаар болсон байна. Монголын зохиолч, хэвлэн нийтлэгчид болон уншигчид энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, жилээс жилд хүрээгээ тэлсээр өдгөө иргэд, хүүхэд, залуусын хүсэн хүлээдэг өдрийн нэг болоод байгаа юм.

Тиймээс иргэдийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага, нийгмийн соён гэгээрлийн сайн сайхны төлөө “Үндэсний ном, бичиг соёлын өдөр”-ийг хууль тогтоомжоор баталгаажуулан тэмдэглэх нь чухал ач холбогдолтой гэж үзэж, энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэж хууль санаачлагчид илэрхийлж байсан.

Дээрх гишүүдийн санаачилгаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсоноор “Үндэсний бичиг соёлын өдрүүдийг тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүдээр тэмдэглэхээр болж, Монголчууд “Үндэсний бичиг соёлын өдрүүд”-тэй боллоо.

Хууль батлагдсанаар номын соёл түгэн дэлгэрэх, ирээдүйн уншигчдыг номд дуртай болгон төлөвшүүлэх, зохиолч, бүтээл туурвигчдын оюуны хөдөлмөрийг үнэлэх, ном уншлагыг дэмжих, хэвлэлийн компани, номын сан, ном сонирхогчдын клуб, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, номын үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд тус нэмэр болох ажээ.

ШИНЭ МЭДЭЭ